Монгол Улс АСЕАН-д элсэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Монгол Улс АСЕАН-д элсэж чадах уу?

Монгол Улс АСЕАН-д элсэж чадах уу?

Хятад, АСЕАН-ы орнуудын ‘Өмнөд Хятадын тэнгисийн талуудын үйл ажиллагааны тунхаг’-ийг хэрэгжүүлэх ажлын нэгдсэн хэсгийн хуралдаан өнөөдөр Вьетнамд эхэлнэ. Хоёр өдөр хуралдах энэ хуралдаанаар талууд дээрх тунхагийг хэрэгжүүлэх, тэнгисийн ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагааны дүрэм зэрэг асуудлаар санал бодлоо солилцох юм байна. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лү Кан энэ талаар хэлэхдээ “Хятад улс болон бүс нутгийн орнуудын хамтын хүчин чармайлтаар Өмнөд Хятадын тэнгисийн байдал улам тогтворжиж байна. Хятад улс АСЕАН-ы орнуудтай хийж буй яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд илүү эерэг ахиц дэвшил, үр дүнд хүрч, бүс нутгийн өнөөгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд бэлэн байна” гэж мэдэгджээ.

“Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг” буюу АСЕАН нь анх 1967 онд Индонез, Малайз, Сингапур тэргүүтэй улсын гадаад хэргийн сайд нар Бангкок хотноо “Бангкокын тунхаглал”-д гарын үсэг зурснаар үүссэн түүхтэй. Улмаар АСЕАН нь улс төр, эдийн засгийн ашиг сонирхлоороо нэгдсэн Засгийн газар хоорондын байгууллага болсон байдаг.

Монгол Улс АСЕАН-д элсэж чадах уу?

Манай улсын хувьд АСЕАН-ы гишүүн орон болох оролдлого хийсээр байгаа. Хамгийн сүүлд гэвэл энэ оны нэгдүгээр сарын 18-24-нд УИХ-ын дарга М.Энхболдыг Вьетнам улсад албан ёсны айлчлал хийх үеэр тус улсын өндөр дээд түвшнийхэнтэй уулзахдаа Монгол Улс АСЕАН-тай идэвхтэй ажиллах сонирхолтой байдаг бөгөөд Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох Монгол Улсын эрмэлзлийг Вьетнам Улс дэмжиж хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн. Мөн Монгол Улс 2022 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы үеэр болох Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний 2023-2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлээд байгаагаа дурдаж, Вьетнам Улс дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байдаг.

Үүний өмнө буюу өнгөрсөн оны тавдугаар сард Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте Зүүн өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг /АСЕАН/-т Турк, Монгол гэсэн хоёр улсыг элсүүлэхийг дэмжиж буйгаа илэрхийлж байсан. Тэрбээр “БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан “Нэг бүс, нэг зам” олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцох үед нь Турк болон Монголын төрийн тэргүүн Ц.Элбэгдорж АСЕАН-д элсэх хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн” хэмээн хэлж байж.

Түүнчлэн АСЕАН-ы даргын үүрэг гүйцэтгэж буй Филиппиний Ерөнхийлөгч Бээжинд болсон уулзалтын үеэр Туркийн Ерөнхийлөгч Ресеп Тайип Эрдоган, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нартай тусгайлсан уулзалт хийж байжээ.

Харин “Мьянмарын төрийн зөвлөх Ан Сан Су Чигаас Турк, Монгол хоёр улсыг АСЕАН-д элсүүлэхийг дэмжих эсэхийг нь лавлахад, өмнөөс “газарзүйн байршлыг нь харгалзаж үзсэн үү” гэж асуусан. Харин би хариуд нь дээрх хоёр улс зүүн өмнөд Азийн нэг хэсэг шүү дээ” гэж хариулсан” хэмээн мэдээлсэн байна.

Тус нийгэмд элсүүлэхийн тулд тавих хамгийн чухал шаардлага нь газар нутгийн байршил болон бусад гишүүн орнуудаар батлуулах явдал байдаг аж. Манай улсын хувьд Зүүн Хойд Ази, Төв Азийн бүс нутагт хамаарах тул бүс нутгийн интеграцчлал, газар зүйн байрлал талаасаа болон шинээр гишүүн элсүүлж авах гэхээсээ илүү одоогоор гишүүн байгаа орнууддаа зохион байгуулах дотоод үйл ажиллагаа, эдийн засгаа чадавхжуулах сонирхол нь давамгайлж байгаагаас өөр ноцтой шалтгаан байхгүй гэдгийг эх сурвалж хэлж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж