Эрх баригчид аа, “Алт-2 хөтөлбөр”-өөр авруулцгаа!

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Эрх баригчид аа, “Алт-2 хөтөлбөр”-өөр авруулцгаа!

Эрх баригчид аа, “Алт-2 хөтөлбөр”-өөр авруулцгаа!

Алтны үнэ өсч байна. Харин алт тушаалтын хэмжээ буурчээ. Монголбанк өнгөрсөн хоёрдугаар сард 390 кг алт худалдан авчээ. Уг нь өмнөх оны мөн үеийнхээс 351 кг-аар бага буюу 47.4 хувиар өссөн үзүүлэлт юмсанж.

УИХ-ын 2016 оны сонгуулийг арайхийн давж Ерөнхийлөгчийн сонгуулийг угтуулан нэлээд донсолгоотой байсан 2017 онд энэ металл өгөөжөө өгч, 20 тонн алт тушаасан. Энэ нь валютын нөөцийг 700 гаруй сая ам.доллараар нэмэгдүүлсэн хэрэг.

Алтны ханшийн өсөлт дэлхийд тэргүүлж байх үед буюу 2007 онд Монгол Улсын алт олборлолт жилийн 17.5 тоннд хүрч байсан. Үүнээс хойш буурсаар 2011 онд 5.7 тонн болсон бол 2012 оноос алт олборлолт эргэн сэргэж, 2015 оны жилийн эцсийн дүнгээр 14.6 тонн болжээ. Харин 2006 оноос хойш авч байсан алтны 68 хувийн татварыг 2012 онд чөлөөлснөөр алтны үйлдвэрлэл сэргэж улмаар Монголбанкинд тушааж буй иргэд, аж ахуй нэгж байгууллагын алт тушаалтын хэмжээ нэмэгдэх болсон байна. Тиймээс ч Монголбанкныхны таамаглаж, зорилт болгож байсанчлан алт тушаалтын хэмжээ 20 тоннд хүрсэн нь өмнөх 10 жилийн тэртээх амжилтыг авчирсан юм.

Харин цаашид яах вэ. 2018 оны 2 дугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан өнөөдрийн байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101.289.24 төгрөг байна. Монголбанкны алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан Монголбанкинд тушааж байгаа алтны хэмжээ буурах төлөвтэй байгааг анхааруулж эхэллээ.

Торонто болон Нью-Йоркийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Turquoise Hill Resources” компани “BMO Global Metals and Mining Conference”-ийн үеэр “Оюутолгой” төслийн талаар танилцуулга хийхдээ “Оюутолгой” төслийн алтны гарц 2018-2025 онд 340 хувиар өснө гэж тооцож байна. Мөн хугацаанд алтны гарц 150 хувиар өснө гэж мэдэгдсэн.

Оны өмнөхөн дэлхийн зах зээл дээр алтны ханш өсч, нийлүүлэлт талаасаа хомсдол үүсэх нь гэсэн мэдээллүүд хөвөрч эхэлсэн ч Солонгосын хойгийн асуудлаарх маргаан ханшийг бууруулж мэдэхээр байгаа талаар таамаглал дэвшүүлж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар Лондоны бирж дээр алтны ханш нэг унци нь 1387.5 ам.долларт хүрээд байна. Өссөөр байгаа, өсөлт ажиглагдаж байна.

Тэгвэл хойд хөршид ОХУ-ын нөөц дэх алтны хэмжээ 18 хувиар өссөн нь түүхэн дээд амжилт болж байна. 2018 оны нэгдүгээр сард ОХУ-ын Засгийн газар бараг 19 тонн алт худалдан авсан байна. Ингэснээр ОХУ хамгийн их алтны нөөцтэй таван орны нэгд багтаж, анх удаа Хятадыг ардаа орхижээ. Харин өмнөд хөрш энэ оны нэгдүгээр сард мөнгөжсөн алтны хэмжээгээ 1843 тонн хэмээн албан ёсоор зарласан.

Одоогоор дэлхийн томоохон алтны нөөц эзэмшигчдийг АНУ 8134 тонны нөөцтэйгөөр тэргүүлж, Герман 3374 тонн, Итали 2452 тонн, Франц 2436, ОХУ 1857 тонн нөөцтэйгөөр эхний таван байрыг эзэлж байна.

Харин манай улсын тухайд Ерөнхийлөгч Х.Баттулгын “Шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож, энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоох хуулийн өөрчлөлтийг өргөн барина” гэсэн мэдэгдэл, хэрэгжээд жилийн нүүр үзэж буй “Алт” хөтөлбөрийг дахин шинэчилнэ гэсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилгууд хааш нь хөтлөх бол гэсэн болгоомжлолд хөтлөөд байна. Уг нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед буюу 2017 оны нэгдүгээр сарын 18-ны Засгийн газрын хуралдаанаар “Алт-2” үндэсний хөтөлбөрийг батлахаар шийдвэрлэж байв. Энэ тогтоолд “Алт-2” үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулан төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдвэрлэх замаар санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд,Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нарт үүрэг болгосон байдаг.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний алт үйлдвэрлэлийн салбарын хууль эрх зүйн орчинг тогтворжуулснаар алтны хайгуул, олборлолтын хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэх төслүүдэд санхүү, хөрөнгө оруулалтыг татаж, алтны нөөц, баялгийн санг арвижуулан, алт олборлолтын хэмжээ тогтвортойгоор нэмэгдэнэ гэжээ. Гэтэл “тогтвортой биш” болох гээд дэнсэлж байна. Тэр тусмаа уул уурхайн ажил эхэлдэг энэ сараас бүр ч хөдөлгөөнд орох шинжтэй байна.

Уг нь одоогийн “Алт-2” хөтөлбөрт заахдаа “Алтны олборлолтын хэмжээ тогтворжиж, жилд дунджаар олборлох алтны хэмжээг тогтвортойгоор 2-3 тонноор нэмэгдүүлснээр 25 тоннд хүргэнэ. Хөтөлбөрийн хугацаанд жилд дунджаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр 33-59 тэрбум төгрөг улсын төсөвт оруулах төсөөлөлтэй байна гэжээ. “Алт-1”, “Алт-2000” хөтөлбөрүүдийн дүнд буюу 2005 онд 25 тоннд хүрч байсан гэдэг “дурсамж” бий. Гэтэл 2007 оноос эхлэн “Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль” буюу “Гэнэтийн ашгийн 68%-ийн татвар”, 2009 онд “Урт нэртэй хууль” гэх мэт төр засгийн харалган, алсын хараагүй бодлогуудын үр дүнд 2012 он гэхэд алтны экспорт 2.8 тонн-д дөнгөж хүрсэн. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээрх алтны ханш бараг 1800 ам.долларт хүрээд байсан алтан боломжоо Монгол Улс ашиглаж чадаагүй. Дээр нь гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн. Гэвч энэ бүхэнд буруутай улстөрчтэй хэзээ ч хариуцлага тооцож байсангүй.

“Алт 2” хөтөлбөрийн хүрээнд хийх гол ажил нь санхүүжилт. Тиймээс ч хөтөлбөр хэрэгжих хугацаанд алтны эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөц 100-150 тонноор нэмэгдэх тооцоо гарсан тул энэ удаагийн “Алт-2” хөтөлбөрийн санхүүжилтийг Хөгжлийн банк хариуцан ажиллаж байна. Одоогоор Хөгжлийн банкинд 114 тэрбум төгрөгийн зээл хүссэн 19 аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, шаардлага хангасан дөрвөн компанид 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа аж. Хөтөлбөр удаашралтай, дээр нь өнөөг хүртэл Эрдэс баялгийн зөвлөлөө “элэг бүтэн” болгоогүй байгаа нь зорилт тавьсан 25 тонндоо байтугай өнгөрсөн оных шиг 20 тонн алт ч авч чадахгүйд хүрэх вий гэж салбарынхан санаа зовинон өгүүлж байна.

Монголчууд аз хийморьтойгоо гайхдаг ч алтны үнэ өссөн жил л азгүйтчихээд ашиг орлогыг тойрчихоод байдаг талтай. Энэ салбарыг улс төрийн шийдвэрээс ангид байлгаж, хууль эрх зүйн орчин, татварын болон хөтөлбөрийн хүрээнд хийх ажлаа огцом өөрчлөхгүй байж гэмээн валютын нөөцөө нэмэгдүүлэх, “их өр”-өөс төлөлцөх бүрэн боломжтой харагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж