Утааны улирал шувтарсан ч урьдынх шигээ налайхгүй гэж шийдлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Утааны улирал шувтарсан ч урьдынх шигээ налайхгүй гэж шийдлээ

Утааны улирал шувтарсан ч урьдынх шигээ налайхгүй гэж шийдлээ

Энэ онд 96 сая ам.долларын ногоон зээл орж ирнэ

Хүйтний эрч суларч байгаа шиг Улаанбаатар хотын утааны сэдэв ч замхарч эхэллээ. Гэхдээ улирлын чанартай дэгддэг энэ бэрхшээлээ шийдэх цаг үе яг одоо тохиож байна. Яагаад гэвэл, утаанаас салах төгс шийдэл болсон орон сууц, дэд бүтцийн хангамжийг сайжруулах гээд бүтээн байгуулалтын улирал айсуй. Энэ үеийг ашиглан ирэх өвөлдөө бэлдэхээр нийслэлийн ЗДТГ, “Блумберг” телевиз хамтран “Утаагүй Улаанбаатар 2” форумыг лхагва гарагт зохион байгууллаа. Өдөрт л хоёр монгол хүүхдийн амийг авч байгаа хорт утааг богино хугацаанд бууруулахын тулд хэрэгжүүлэх олон шийдэл бий. Гэхдээ утаанаас салах төгс шийдэл болсон орон сууцны зах зээл бараг ханачихсан. Үүнийг тоон мэдээлэл батлахын зэрэгцээ нэгдүгээр сард болсон “Утаагүй Улаанбаатар” анхны форумын үеэр ч оролцогчид хэлсэн билээ. Тэгвэл орон сууц, барилгын салбарын шинэ зах зээлийн онцлогт тохируулан утаанаас яаж салах вэ. Уг нь шийдлийг нь олох өгөгдлүүд тодорхой юм.

ЦАХИЛГААН ХАЛААГУУРЫН ҮР ДҮН 10 ЖИЛИЙН ДАРАА Л ГАРНА

Гэр хорооллын 216 мянган өрхөөс 25 мянга нь л 2025 он гэхэд орон сууцанд орно гэсэн тооцоо гарсныг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг хэллээ. Мөн эдгээр өрхийн сарын дундаж орлого 600-800 мянган төгрөг. Энэ нь ҮСХ-ноос гаргасан Монгол Улсын өрхийн дундаж орлогоос 16-37 хувиар бага дүн юм. Нөгөөтэйгүүр, гэр хорооллын оршин суугчдын дийлэнх нь орон сууц бус хашаандаа тав тухтай аж төрж, өмчилсөн газраа эдийн засгийн эргэлтэд оруулах сонирхолтой аж. Тиймээс нийслэлийн нийт хүн амын 60 хувь нь аж төрдөг гэр хорооллын иргэдийн хүсэл сонирхол, амьжиргааны түвшин, сэтгэл зүйн онцлогийг харгалзан агаарын бохирдлыг бууруулах талаар нийслэлийн удирдлага, барилга болоод санхүүгийн салбарын мэргэжилтнүүд мэдээлэл солилцож, ойлголтоо нэгтгэсэн юм. Одоогийн нөхцөл байдлаар бол жилд дээд тал нь 20 мянган өрхийг л цахилгаан халаагуураар хангах боломжтой. Энэ маягаараа явбал 2020 он гэхэд ердөө 40 мянган өрх цахилгаанаар дулаанаа шийднэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шөнийн хэрэглээний үнийг тэглэсэн шийдвэрийн бодит хэрэгжилт гэр хорооллын нийт өрхийн 20-25 хувьд л хүрнэ гэсэн үг. Харин жилд дунджаар гурван мянга орчим өрх орон сууцанд орох боломжтой. Үлдсэн хэсгийг нь сэргээгдэх эрчим хүчээр халаалтаа шийдэж, нүүрс түлэхээ боль гэж хэлэх боломжгүй.

Богино хугацаанд хэрэгжүүлэх гол ажил нь сайжруулсан түлш

Тиймээс тэдгээр өрхийг сайжруулсан түлшээр хангах нь богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэдгийг нийслэлийн Засаг дарга С.Батболд форумын эхэнд тайлбарласан юм. Тэгээд ч ирэх оноос түүхий нүүрс нийслэлд оруулахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлнэ. Тэрбээр “Сайжруулсан түлш хэрэглэх 160 мянган өрхийн 50 хувь нь амьжиргааны түвшин доогуур. Тооцоогоор гэр хорооллын өрхүүд жилд 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг. Үүнийг сайжруулсан түлшээр орлуулбал хоёр дахин буурч, 600 мянган тонн болох боломжтой юм. Сайжруулсан түлш үйлдвэрлэх дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал одоогоор нийт хэрэглээний 50 хувьтай тэнцэж байна. Тиймээс ДЦС-II-ыг түшиглэн сайжруулсан түлшний үлдсэн хэрэгцээг хангахаар туршилтын шатандаа явж байна” гэв.

  • Агаар бохирдуулсны төлбөрт жилд дунджаар 18-19 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг.

  • 25-40 сая төгрөгийн үнэтэй амины байшинг 10 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломж бүрдэнэ.

  • Орон сууц барихад шаардлагатай 40 орчим нэр төрлийн түүхий эдийн 70 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болжээ.

Гэхдээ өмнөх алдаагаа давтахгүйн тулд сайжруулсан түлшний стандартыг мөрдөж, бүх үйлдвэрийг нэг консорциумын бүтцэд оруулах аж. Түлшээ аль хороонд тарааж, ямар агуулах саванд хадгалах гээд шаардлагатай байрлал, газрыг нийслэлээс шийдэх юм. Харин үйлдвэрлэгчид түгээлтийн сүлжээ, загвараа өөрсдөө гаргах замаар төр, хувийн хэвшил түншлэх юм байна. Татаасанд нь улсын төсвөөс 70 тэрбум төгрөг шаардлагатай аж. Засаг дарга С.Батболд “Нийслэлийн нийтийн тээвэрт ахмад настан, оюутан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зорчих төлбөрт жилд 58 тэрбум төгрөгийн татаас өгдөг. Үүнтэй харьцуулахад 70 тэрбум төгрөг их тоо биш. Зөв зүйлд зарцуулж буй тул эсэргүүцэх хүн байхгүй байх” хэмээв.

ТЕХНОЛОГИД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Агаар бохирдуулсны төлбөрт жилд дунджаар 18-19 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрдөг. Харин агаарын бохирдлыг бууруулахад энэ онд 17 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Энэ мөнгийг үр дүнтэй зарцуулахын тулд утааг багасгахын зэрэгцээ баялаг бүтээхэд зориулах хэрэгтэйг хэлэлцүүлгийн оролцогчид анхаарууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Учрал “Утааг бууруулах аливаа шийдэл нь ажлын байр бий болгох, технологийн шийдэлтэй хосолсон байх ёстой. Агаар цэвэршүүлэгч тарааж буй бол цэвэршүүлэх технологийг нь гаргасан инженертэй больё. Нүхэн жорлонгоосоо салах гэж буй бол ийм байгууламж хийдэг үйлдвэртэй болох бололцоо бий.

Тэгэхгүй бол утааг бууруулахад зарцуулж буй мөнгө чинь Эрээн рүү урсаад дууслаа” гэсэн юм. Харин төр худалдан авалтаараа дэмжвэл барилгын компаниуд маш богино хугацаанд гэр хорооллыг орон сууц, таун-хаус болгох хүчин чадалтай гэдгийг салбарынхан хэлсэн юм. Барилгын материал үйлдвэрлэгч 700 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 75 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дийлэнх нь жижиг, дунд үйлдвэрлэгчид. Эдгээр үйлдвэр орон сууц барихад шаардлагатай 40 орчим нэр төрлийн түүхий эдийн 70 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болжээ. Бүтээн байгуулалтын салбарын хөгжил дэлхийн жишигт хүрсэн байхад ард иргэд нь стандартын шаардлага хангахгүй, “би чадна” багийн барьсан байшинд амьдарч буйд үйлдвэрлэгчид шүүмжлэлтэй ханддаг байна. Тиймээс хувийн сууцууд нэгдсэн стандарттай болж, “Сервис центр” зэрэг нарийн ур чадвар шаардсан бүтээн байгуулалтын бүхэл бүтэн боловсон хүчний баазтай болохын тулд төр зах зээлийг нь дэмжиж, утааны зардлын үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжтой юм.

АМИНЫ СУУЦЫГ ДЭМЖИХ МӨНГӨНИЙ УРСГАЛ АЙСУЙ

Орон сууцны талаарх хандлагаа өөрчилье. Учир нь орлоготой уялдсан орон сууцны санхүүжилт айсуйг “Ногоон зээлийн сан”-гийн төслийн багийн удирдагч Б.Найдалаа хэлж байна. 30 ам метр талбайтай орон сууцанд амьдрах, тохитой орчинд хашаандаа ийм хэмжээтэй байшинтай байх нь орон зай, эрх чөлөө, сэтгэл ханамжийн хувьд тэнгэр, газар мэт ялгаатай. Тэгээд ч иргэдийн дийлэнх нь хашаандаа тухтай амьдрах хүсэлтэй нь санал асуулгаар тодорхой болсон тул орон сууцны тухай ойлголт хүссэн, хүсээгүй өөрчлөгдөж таарах нь. БОАЖЯ, СЯ, Монголын банкны холбооны санаачилсан Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн ногоон зээлийн сангаас 66 сая, олон улсаас 30 сая ам.долларын зээл авч, ногоон сууцыг дэмжих ажлыг энэ онд багтаж хэрэгжүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, 600 мянган төгрөгийн орлоготой иргэдэд зориулсан бүтээгдэхүүн тун удахгүй банкны салбар хүртээл болгох нь. Ийм шалгуурт тэнцэх 2-3 төрлийн бүтээгдэхүүн байгаа аж. Эрчим хүчний хэмнэлттэй, чанартай, дотоодын жижиг, дунд үйлдвэрлэлийн бүтээлцсэн 25-40 сая төгрөгийн үнэтэй байшинг 10 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй ипотекийн зээлээр худалдан авах боломж бүрдэх юм. Ийм сууцны сарын төлбөрт 200-250 мянган төгрөг төлөх аж. Мөн гэр хорооллын эрчим хүчний хэрэглээг дэмжихийн тулд томоохон байгууллагуудад эрчим хүч хэмнэх, байшингаа дулаалах хөнгөлөлттэй зээл олгох юм. Хамгийн гол нь утааг бууруулахад чиглэсэн бүхий л ажлыг иргэдийн орлогыг сайжруулах, өрхийн орлогын түвшин ирээдүйд хэд болж өөрчлөгдөхийг тооцож байж хэрэгжүүлэх хэрэгтэйг эдийн засагчид анхааруулж байлаа.


ЗГМ: ТОДРУУЛГА

Ч.Батбилэг: Гэр хорооллын төв, дундын бүсэд илүү анхаарч байна

Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгээс агаарын бохирдлыг бууруулахад гэр хороололд хэрэгжүүлэх гэж буй шийдлийн талаар тодрууллаа.

-Гэр хорооллын нутаг дэвсгэрийг гурван бүсэд хувааж, агаарын бохирдлын эсрэг тусдаа арга хэмжээнүүд авахаар болсон талаар тодруулж өгнө үү?

-НИТХ-аас мягмар гарагт гэр хорооллыг дахин хөгжүүлэх хөтөлбөр баталлаа. Гэр хорооллыг төвийн, дундын, захын гэж бүсчлэн, тус бүрт нь бодлого хэрэгжүүлэхээр болсон. Төсөл хэрэгжээд дуусахад нийт 90 мянган айлын орон сууц бий болно гэж төлөвлөөд байна. Төвийн шугам сүлжээнд холбогдох боломжтой, олон давхар орон сууц баригдах бүсийг төвийнх болгож байна. Энэ бүс нь дахин төлөвлөлтийн 24 байршил буюу 2317 га талбай, гэр хорооллын нийт өрхийн 23.9 хувийг хамарч байна.

-Дундын бүсийн гэр хороололд ямар шийдэл нэвтрүүлэх вэ?

-Дундын бүс нь төвийн бүсийн залгаа, хүн амын нягтрал ихтэй хэсэг юм. Хэсэгчилсэн болон бие даасан шугам сүлжээнд холбогдох боломжтой. 200-300 айлын дунд нэг “Сервис центр” байгуулах бөгөөд ингэснээр өрхүүд үүнийг түшиглэн сууцаа сайжруулах нөхцөл бүрдэх юм. Бид энэ онд ашиглалтад оруулах гурван хороонд нарийвчилсан судалгаа хийхэд иргэдийн 99 хувь нь хүссэн газартаа тохитой, бохирдолгүй амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн.

-Нэг өрх хэчнээн төгрөгөөр хашаандаа тохитой амьдрах боломж бүрдэх вэ?

-Энэ бүсийн өрхийн дийлэнх нь 600-800 мянган төгрөгийн орлоготой. БХБЯ-ны шийдвэрээр инженерийн шугам сүлжээнд холбогдсон бүсэд таун хаус барих хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлд хамруулахаар болсон. Бидний судалгаагаар 15 сая төгрөгөөр сууцаа сайжруулах боломжтой гэж гарсан. Нөгөөтэйгүүр, дэд бүтцэд холбочихвол тухайн өрхийн газрын үнэлгээ 3-4 дахин өснө. Тиймээс газраа эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг Монголын банкны холбоотой хамтран нэвтрүүлэх юм.

-Нэг “Сервис центр” барих өртөг дунджаар хэд байна вэ. Хотын даргын хэлж буйгаар нөхцөл байдлаас шалтгаалж ТЭЗҮ өөр дүнтэй байгаа гэсэн?

-Байршил, дэд бүтэц, сонгосон техник технологиос хамаарч харилцан адилгүй байна. Зөвхөн халаалтын хувьд гэхэд нүүрс, цахилгаан, хийн түлш гэх мэт таван янзаар тооцоо хийж байна. Дунджаар 10 тэрбум орчим төгрөг байгаа.

-Захын бүсэд ямар шийдэл нэвтрүүлэх вэ?

-Захын бүсэд дэвшилтэт, байгальд ээлтэй технологиуд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Нар, салхины эрчим хүчний тоног төхөөрөмж, өндөр технологи нэвтрүүлэх талаар гадаад, дотоодоос маш их санал ирж байна. Тухайн шийдлээс хамаарч заавал олон айлд гэлтгүй хэсэг бүлэг, цөөн айлын дунд хэрэгжүүлэх боломжтой.


ЭШЛЭЛ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд

Монгол Улсын төрийн институциуд хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр олон арга хэмжээ авч байна. Жишээ нь, УИХ-ын 2018 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр гаргасан “Агаарын бохирдлыг бууруулах тухай авах арга хэмжээ” гэсэн тогтоол. Энэ тогтоолд агаар, орчны бохирдлыг бууруулахад шат шатны байгууллагууд ямар арга хэмжээ авах ёстойг тодорхой зааж өгсөн. Мөн 2017 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаад маш том зөвлөмж гаргасан. Өөрөөр хэлбэл, эрх зүйн актын хувьд бүх боломж бололцоо бүрдээд байна. Одоо хэрэгжүүлэх нь л хамгийн чухал. Айл өрхийн яндангаас утаа огт гаргадаггүй болгоно гэвэл хийн түлшинд шилжих ёстой. Харин үүнийг хэрэгжүүлэх боломж одоохондоо алга. Тийм учраас эхний ээлжинд сайжруулсан түлшинд анхаарлаа түлхүү хандуулж байна. Дэлхийн хотуудын туршлагаас харвал эхэндээ шахмал түлш хэрэглэж байгаад цаашид хийн түлшинд шилжиж, утаанаас салсан байдаг. Хамгийн гол нь иргэн, төр засаг, нийслэлийн хамтын ажиллагаа чухал.

УИХ-ын гишүүн Н.Учрал

УИХ дээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг маш хурдан батлах хэрэгтэй байна. Дагуул хотуудыг бий болгох эдийн засгийн бодит хөшүүргээр дэмжиж, төвлөрлийг сааруулах бодлого руу энэ хууль тэр чигээрээ чиглэх ёстой. Дагуул хотуудад аж үйлдвэрлэл эрхэлбэл татварын хөнгөлөлт эдлэх зэрэг олон чухал заалт энэ хуульд орж байгаа. Ингэж байж дагуул хотуудад хямд өртгөөр амьдрах нөхцөл бүрдэх юм. Хүмүүс ажилд орохын тулд нийслэлийг зорьж байгаа нь төвлөрлийг нэмэгдүүлдэг. Хэрэв дагуул хотуудыг хөгжүүлбэл төвлөрөл аяндаа саарна. Харин богино хугацаандаа бид бүсийн нэмэгдлийг шийдэх ёстой. Хотын төвд амьдарвал татвар төлдөг, захын дүүргүүдэд амьдарвал хямдхан байна гэх зэргээр сарниулахгүй бол төвлөрөл хэтрээд байна. Мөн улсын төсвөөр худалдан авах ажиллагаа явуулахдаа дандаа ажлын байр нэмэгдүүлэхэд анхаармаар байгаа юм. Татвар төлөгчдийн мөнгийг Эрээн рүү урсгалгүй, эх оронч худалдан авалтыг дэмжвэл олон хүн ажилтай болно. Утааг бууруулах хамгийн зөв шийдэл бол иргэдээ ажилтай, орлоготой болгох.

Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал О.Лхагвадорж

Одоо барилгын материал үйлдвэрлэгчдийн ихэнх нь зах зээлгүй болоод байна. Тиймээс улс томоохон бүтээн байгуулалт хийхдээ үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж, боломж олгоосой. Хэрэв татвараар дэмжээд өгвөл бүтээгдэхүүний үнээ буулгах боломжтой гэдгийг дотоодын үйлдвэрлэгчид хэлдэг. Гэр хорооллын дахин төлөвлөлт бол маш том төсөл. Хэрэгжүүлэх олон хувилбар бий. Гэхдээ ямар ч барилга төлөвлөлөө гэсэн барилгын материалыг нь үндэсний компаниуд үйлдвэрлэх хүчин чадал нэгэнт бий болсон. Нийслэл “Сервис центр” төсөл хэрэгжүүлэх гэж байна. Үүнийг байгуулах чиглэлээр дагнасан 4-5 компани бий. Товчхондоо бол манай салбар бүтээн байгуулалтад бэлэн. Одоо том төслүүд эхнээсээ зарлагдаад байна. Тиймээс үндэсний үйлдвэрүүд Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн газартай хамтран ажиллах санамж бичиг зураад байгаа. Бид материалынхаа бүх судалгааг өгсөн. Судалгаанд хамрагдсан материалыг зураг төсөлдөө тусгаж байгаа гэж найдаж байна.

Монполимет ХХК-ийн Стратеги төлөвлөлт эрхэлсэн захирал Э.Болормаа

Манай компанийн тухайд утаа болон орон сууцны эрэлтээ мэдэрч цементийн үйлдвэрээ байгуулсан. Төр засгаас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Гэхдээ компанийн засаглалын хувьд илүү бэхжих, бүтээгдэхүүнээ экспортлох, дотоодын зах зээл дээр шаардлагатай байгаа бүх нэр төрлийн цементийг үйлдвэрлэх шинэ технологи нутагшуулах зэрэгт төрийн дэмжлэг үүнээс илүү хэрэгтэй байна. Ялангуяа түншлэлийг бэхжүүлэх ойлголт их чухал. Жишээ нь, Солонгос, Япон зэрэг өндөр технологи нэвтрүүлсэн улсад Засгийн газар нь асуудлаа том компаниудад даатгадаг. Томоохон компаниуд технологийг нь шийдэж өгөөч ээ гээд санхүүжилтийг нь сургуулиудад өгнө. Шинжлэх ухааны байгууллагууд технологийг нь боловсруулаад патентыг нь худалдах зарчмаар явна. Энэ загвар руу л орох хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулахын төлөө бид зөндөө юм хийдэг. Төр бараг өөрөө бүх юманд оролцож байгаа. Харин цаана нь их, дээд сургуулиуд маш олон технологи боловсруулсан байдаг. Гэвч энэ бүхэн хоорондоо уялдаж өгдөггүй нь үндэсний үйлдвэрлэгчдийн санааг зовоож байгаа.

Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа

Туркийн Анкара хот уулсын дунд оршдог тул утаатай байсан. Яг л Улаанбаатар шиг. Тиймээс уулын эргэн тойронд цэцэрлэг, сургууль, үйлчилгээний төв, эмнэлэг байгуулснаар суурьшлын бүс үүсэж, хотоо задалсан байгаа юм. Манайд ч гэсэн Өлзийт хороолол, Налайх, Хөшигийн хөндий гээд Богдхан уулыг тойроод суурьшлын бүс үүссэн жишээ байна шүү дээ. Хүн амын тоо өсөхийн хэрээр олон хотод хуваагдаж, Улаанбаатар хэд хэдэн төвтэй байхаас аргагүй нөхцөл байдал үүсдэг. Ядаж л нэг биш 7-8 жижиг оврын цэвэрлэх байгууламжтай байх хэрэгтэй болно. Тиймээс дунд хугацаанд дагуул хот, дэд төвүүддээ хөрөнгө оруулалтаа төлөвлөх хэрэгтэй байгаа юм. Харин урт хугацаанд орон нутгаас Улаанбаатар руу чиглэсэн урсгалыг бууруулахын тулд хүн амын амьжиргааг сайжруулах ёстой. Улаанбаатараас орон нутагт чиглэсэн шилжилт хөдөлгөөн Өмнөговь аймагт л бүртгэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, бид аялал жуулчлал, хөдөө аж ахуй, уул уурхайн нөөцөө түшиглээд орон нутагт бүтээн байгуулалт, амьжиргааны эх үүсвэр бий болгох ёстой.

СЭЗИС-ийн багш Ж.Дэлгэрсайхан

Санхүүжилт дандаа төлбөрийн чадвартай хэсэг рүү явж байдаг. Хэрэв энэ боломжийг нь бий болгоод өгчихвөл ипотекийн зээл болон бусад хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж байгаа юм. Ипотекийн зээл ханасан шалтгаан ч төлбөрийн чадвартай холбоотой шүү дээ. Бүх зүйл эдийн засгийн шалтгаантай гэдгийг хаа хаанаа ойлгомоор байгаа юм. Харамсалтай нь Монгол Улсын, Улаанбаатар хотын эдийн засгийг хөгжүүлэх цогц төлөвлөгөө алга. Утааны эсрэг асуудал яригдахаар л хүн болгоноос янз бүрийн санаа гардаг. Тэгэхээр нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн алсын хараатай төлөвлөгөө бидэнд хэрэгтэй. Үүнийг боловсруулж чадвал найман хувийн ипотекийн зээл, сая санал болгосон ногоон санхүүжилт зэрэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Үүний ард монгол хүнийг ажилтай болгох, иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэх асуудал зайлшгүй тусгагдсан байх ёстой. Бид иргэдийн амьжиргааг дээшлүүлэх асуудлыг ярилгүйгээр бусад ямар ч хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахгүй. Хэрэгжлээ ч гэсэн тодорхой хугацааны дараа гацаанд орох болно.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж