Тэтгэврийн сангийн дарамт төсвийг тэвдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.01-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн сангийн дарамт төсвийг тэвдүүлнэ

Тэтгэврийн сангийн дарамт төсвийг тэвдүүлнэ

Сангийн орлого, зарлагын зөрүү тасралтгүй өссөөр

Европын орнуудад багагүй бэрхшээл дагуулсан хүн амын дундах хөгшрөлт Азид хэдийнэ мэдрэгдэж эхэлсэн. БНХАУ гэхэд хүн амаа залуужуулахын тулд “Нэг гэр бүл- Нэг хүүхэд” бодлогыг халсан ч 2030 онд 60-аас дээш насныхан хүн амынх нь 25 хувьд хүрэх тооцоо гарчээ. 2015 онд энэ үзүүлэлт 15 хувь байсан юм. Япон улсын талаар бол нурших нь илүүц биз. Манай улсын хувьд мөн л өндөр настнуудын тоо залуучуудынхаас давах төлөвтэй болсон. Хүн амд 15-64 насныхны эзлэх хувь 2010 онд 60 хувьд хүрсэн байдаг. Тэгвэл 2015 онд 55.8 болж, үүнээс хойш аажим буурсаар байгаа. 1989 онд 100 хүүхдэд 10 өндөр настан оногдож байсан бол 2010 оноос хойш 13- 14 болж нэмэгдсэн. Тэтгэврийн насныхны тоо жилд 1.5 хувиар өссөөр 2045 онд гэхэд одоогийнхоос хоёр дахин ахих тооцоог Үндэсний статистикийн хорооноос гаргажээ. Ийнхүү манай улсын хүн ам жил жилээр хөгширч байна.

Ажил хийж, орлого олдог залуусын тоо багасаж, улсаас тэтгэвэр авдаг иргэдийн тоо нэмэгдэх нь нийгмийн даатгал болон тэтгэврийн санд хүндрэл үүсгэдэг. Манай улсад даатгуулагч, ажил олгогч шимтгэл төлөх замаар тэтгэврийн хуримтлал бий болгодог. Түүнээс иргэдэд тэтгэвэр, тэтгэмж тараадаг хуваарилалтын системтэй. Нийгмийн даатгалын сангийн зардлыг задалж харвал 77 орчим хувийг тэтгэвэрт, үлдсэн 23 орчим хувийг тэтгэмжид зарцуулдаг. Харин тэтгэврийн 55 хувийг өндөр насны, 12 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөв эзэлж буй. Нийгмийн даатгалын сангийн орлого сүүлийн 10 гаруй жилд тогтмол өссөөр 2017 оны байдлаар 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 2006 оныхоос 8.9 дахин өссөн үзүүлэлт. Ийнхүү нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын өсөлт тасралтгүй нэмэгдсэн нь манай улсын хүн амын цонх үе тохиосонтой холбоотой. Хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдсэнээр нийгмийн даатгалын орлого ахиу бүрдэх боломж нээгддэг. Гэхдээ хүн амын цонх үе цаашид удаан үргэлжлэхгүй нь дээрх тоо, судалгаанаас харагдаж байгаа юм. 1969 онд 15-64 насны нэг хүнд хөдөлмөрийн бус насны нэг хүн ногдож байв. Харин 2016 онд нэг нийгмийн даатгал төлөгчид ажил хийдэггүй хоёр хүн ногдож, ачаалал нь тэр хэрээр нэмэгджээ. Өндөр настны тоо нэмэгдэж байгаа нь төрөлт буурснаас гадна хүн амын дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. 50 болон түүнээс дээш насны хүн амын нас баралт аажмаар буурч, үргэлжлэн амьдрах хугацаа нэмэгдэж буй. Энэ нь цаашид илүү олон хүн тэтгэвэр авна гэсэн үг юм.

Гэтэл манай тэтгэврийн сан орлогын ганцхан эх үүсвэртэй. Зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлээр дамжуулж хуримтлагддаг. 2016 онд манай улсын тэтгэврийн сан 553 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн. Хэдийгээр тус онд тэтгэврийн санд 767 тэрбум төгрөг хуримтлагдсан ч энэ нь 376 мянган иргэний тэтгэвэрт хүрэлцээгүй аж. Тиймд улсын төсвөөс хагас их наяд гаруй төгрөг авч тэтгэврээ тавьсан. 2006 оноос хойших 10 жилийн хугацаанд тэтгэврийн сангийн орлого, зарлагын зөрүү тасралтгүй нэмэгдсээр байгаа. Арван жилийн хугацаанд нэг нийгмийн даатгал төлөгчийн хуримтлуулж буй мөнгө дөнгөж хоёр дахин нэмэгдсэн бол өндөр настнуудын сарын тэтгэвэр 6.2 дахин нэмэгдсэн. Үүнээс нийгмийн даатгал төлөгчид тэтгэврийн зардлыг гүйцэхгүй байгаа нь тод харагдана. Цаашид энэ сангийн алдагдал нэмэгдэж, 2021 онд 884.4 тэрбум төгрөгт хүрэхээр байгаа аж. Уг нь бусад оронд тэтгэврийн сан бие даан хөрөнгө босгох, хөрөнгийн зах зээлд оролцох зэргээр өсөн нэмэгдэж буй зардлаа нөхдөг. Харин манайд олон тулгуургүй, нийгмийн даатгал төлөгч гэсэн ганц баганад тулгуурлаж байгаа нь эрсдэл дагуулсаар. 2017 онд нийгмийн даатгалын шимтгэлийг шатлалтайгаар нэмсэн нь тэтгэврийн сангийн хөрөнгийг зузаатгах зорилготой байсан юм.

Гэвч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг шийдвэрийг цуцалсан билээ. Тиймээс хүн амын цонх үе шувтарч буй энэ үед цаашид тэтгэврийн санг хэрхэн тэжээж, тэтгэх нь нэн чухал асуудал болоод байна. Үүнийг шийдэх нэг гарц нь тэтгэврийн санг хөрөнгийн зах зээлд гаргаж, мөнгөө арвижуулах явдал. Түүнчлэн тэтгэвэрт гарсан ахмадуудыг ажлын байраар хангаж, эдийн засгийн идэвхтэй болгох нь чухал байгааг салбарынхан онцолж байна. Энэ нь ахмадуудын амьжиргаанаас гадна улсын эдийн засагт ч эерэг нөлөөтэй.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж