Өнгөрсөн зун Монгол орны ихэнх нутгаар өвс тэжээл гандуу байснаас малчид өвс тэжээлээ бэлтгэж чадаагүй. Тиймээс “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяныг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулах болсон. Аяны хүрээнд улсын төсвөөс 40 тэрбум төгрөг гаргаж, хувийн компаниудад тараасан гэх мэдээлэл цацагдсан. Тэдгээр 40 компанийн нэг нь “Түмэн шувуут”. Энэ талаар “Түмэн шувуут”-ын хувьцаа эзэмшигч Л.Эрхэмбаяраас тодрууллаа.
-Танай компани нэг тэрбум төгрөг улсаас хүүгүй авсан гэх асуудалд холбогдоод байгаа. Танай компанийг шалгарахад ХХААХҮ-ын сайдын лобби орсон байх магадлалтай гэсэн хардлага байна?
-Тэрбум төгрөгийн зээл авсан нь үнэн. Салбарын яамнаас зарласан тендерт манай компани өрсөлдсөн. Малын тэжээл, түүхий эд импортлох ийм тендерт манай компани өрсөлдөхгүй бол Монголд өөр хэн өрсөлдөх юм бэ. Тендерт шалгарна гэдэгтээ ч бардам байсан.
-Яагаад?
-Монголд энэ чиглэлээр ажилладаг дөрөвхөн компани байдаг юм шүү дээ. Манайх, ‘Милл хаус’, ‘Алтантариа’, А’лтай констракшн’. Өнгөрсөн зун Монгол орны ихэнх нутгаар ган болсон. Өвс тэжээл олигтой гараагүй энэ үед малын тэжээл түүхий эд импортоор оруулж ирэхээс өөр ямар гарцгүй. Салбарын яамны зүгээс мал аж ахуйн салбараа дэмжиж буй хэлбэр гэж харж байна.
-Танайх тэжээл үйлдвэрлэж байгаа гэл үү?
-Манай компани найман төрлийн малын тэжээл үйлдвэрлэж байгаа. Малд өвснөөс гадна тэжээл хэрэгтэй. Өвс худалдаж аваад малдаа өгөх тэжээл худалдаж аваад малдаа өгөхийн тухайд бол тэжээл нь харьцангуй өртөг багатай, хямд тусна. Үнэхээр нэг тэрбум хүүгүй аваад идчихлээ гэж хардаад байгаа бол өнөөдөр ч тэр мөнгийг нь буцаагаад өгчихөж чадна.
Ж.ЭРХЭС