Цас биш угаадас хальж урсдаг гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Цас биш угаадас хальж урсдаг гэв

Цас биш угаадас хальж урсдаг гэв

Урин дулаан цаг ирж, уул, жалгын цас хайлж, хот хөдөөгүй шар усны үерт автдаг. Тэр дундаа нийслэлийн гэр хорооллын дунд шавар шавхай урсаж, “шар усны үерт автлаа” гэх  иргэдийн дуудлага  ОБЕГ-т багагүй ирдэг байна. Үерийн аманд буусан, эсвэл нам дор газар байрлах айлуудад шар усны үерийн аюул нүүрлэж болзошгүйг мэргэжлийн байгууллагаас жил бүр анхааруулсаар ирсэн.

Иймд бид шар усны аюул нүүрлэх эрсдэлтэй Чингэлтэй дүүргийн 11 хороо буюу Дэнжийн мянгын 32 тойрог дахь даланг сурвалжиллаа. Тус хороонд 1531  айл өрх амьдардаг ба үүнээс үерийн аманд буусан цөөн айл бий гэнэ. Оршин суугчдын хэлснээр хавар болохоор энэ хавиар шавар, шавхай болоод явах аргагүй болдог. Цас хайлахаар энэ хавиас уур савсаж элдэв үнэр гарч, угаадастай холилдсон бохир ус урсдаг. Холуур тойрч гарахгүй л бол хүн явах нөхцөл байдаггүй гэдгийг тус хорооны оршин суугчид хэлж байлаа.

Харин мэргэжлийн байгууллагын тайлбарласнаар  шар ус хайлах цагаар жил бүр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ажээ. Гэвч энэ хавийн далан орчмын ундарга улам нэмэгдсээр байгаа гэнэ. Тиймээс мөс хайлж шар ус болохоос нь өмнө урьтаж арга хэмжээ авна гэж тайлбарлалаа.

Тэгвэл бодит байдалд биднийг очиход уг далангийн мөс хэдийнээ хайлж эхэлсэн бөгөөд дээгүүр нь гишгэвэл цөмрөхөд бэлэн болжээ. Ойр орчмын иргэд ярихдаа  өвөл угаадас дунд амьдарч, хавар нь бохир усны үнэрээр амьсгалж байгаа гэдгээ учирлав. Нийслэлийн хэмжээнд 50 байршилд 140.5 км урттай далан судаг байдаг аж. Үүнээс 13 нь шар усны үерт автаж болзошгүй байдалтай байгаа юм. Тиймээс ч тус далангийн мөс хайлж зам руугаа урсах тохиолдол их байдаг гэв.

Энэ асуудлаар иргэдийн байр суурийг сонслоо.

Чингэлтэй дүүргийн иргэн С.Отгонсүх

Энэ хавийн айлууд угаадас үнсээ шууд л асгачихдаг болохоор цас хайлмагц шавар шавхай холилдоод эхэлдэг. Ер нь дийлддэггүй л дээ. Тэглээ гээд эндээс нүүлтээ нь биш, өөрийнхөө хашаа хороогоо л янзлаад явдаг. Өвөл болохоор дээрээс урсдаг усны  ундарга нэмэгдчихдэг тул манай хорооноос сардаа нэг удаа цэвэрлэдэг гэсэн. Яг дулаараад ирэхээр энүүгээр явахын эцэсгүй. Харагдаж байгаагаас илүү шавартай болчихдог. Тэгээд заавал тойроод явахаас өөр аргагүй болдог доо.

Чингэлтэй дүүргийн иргэн Ч.Энхсайхан

Энэ гүүр байхгүй бол энүүгээр гарна гэж байхгүй л дээ. Манайх энд амьдраад найман жил болж байна. Жилийн жилд л мөс хайлж энэ хавиар нэг шалбааг л болдог. Дээд талын ихэнх айлууд угаадсаа шууд л далан руу асгачихдаг. Энүүгээр чинь угаадас л урсаж байна гэсэн үг л дээ. Бүр дулаархаар зам руу халиад орчихдог юм билээ.

Чингэлтэй дүүргийн иргэн Д.Батаа

Манайх энд олон жил болж байна. Яг ойр орчмоор шар ус үерлээд байдаггүй. Миний ажигласнаар жил ирэх тутам мөс нэмэгдээд байгаа юм. Гэвч яг энэ хавьд шар ус халиад хэцүүдсэн зүйл байхгүй. Харин зарим айлуудын жорлонгууд нь урсаад гараад ирчихсэн байж л байдаг. Хоёр гурван жилийн өмнө хүмүүс үнс хогоо тэр чигт нь асгачихдаг л байсан. Одоо харьцангуй ард иргэд ухамсар дээшилж шууд асгах  нь багассан. Би л гэхэд ойр орчмынхоо газрыг цэвэрлэчихдэг. Хэдэн жилийн өмнө л үер болсон гэж дуулснаас биш айлын хашаа руу урссан зүйл одоогоор алга. Гэхдээ энэ замын цаад талын айлууд шар усны үерт автах хамгийн өндөр магадлалтай.

Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ажлын албаны дарга Б.Насантогтох

Манай хорооноос мөсний тэлэлт ихсэхээр Онцгой байдлын ерөнхий газарт дуудлага өгдөг. Түүний дагуу онцгойгийнхон тогтсон мөсийг зөөвөрлөх, ус хайлж урсахаас урьдчилан сэргийлэх ажиллагааг сардаа нэг удаа хийдэг. Мэргэжлийн хяналтаас гаргасан шийдвэрийн дагуу нийтийн эзэмшил талбайд угаадсаа шууд асгаж болохгүй л дээ. Тийм учраас иргэдэд угаадсаа шууд далан руу асгаж болохгүй гэж сануулдаг. Бидэнд торгох эрх байхгүй учраас эхний удаад сануулаад л өнгөрдөг. Манай хорооноос энэ хавийн мөс гэссэн байна уу үгүй юу гэдгийг байнга ажиглаж байдаг.  Иргэд ч өөрсдөө шар усны үер болохоос урьдчилан сэргийлж бидэнд  байнга л хэлдэг дээ. Угаасаа явган хүний гүүрээр, эсвэл тойроод явахаас өөр зам байхгүй. Зун болохоор гайгүй болчихдог. Одоогоор айлын хашаа руу урсаад ороод ирсэн юм байхгүй. 


Албаны хүмүүсийн хэлснээр иргэдийн ухамсаргүй байдлаас шалтгаалан зарим газарт шар усны үер болох эрсдэл их болоод байна. Яагаад гэвэл иргэд үерийн далан руу угаадас, үнс хогоо шууд асгаснаас далангийн сувгийг бөглөдөг гэлээ. Мөн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байгаа тул иргэдийг шар усны үерээс болгоомжлохыг онцгойлон анхаарууллаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж