ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

ОХУ-ын ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 18 хоногийн дараа буву гуравдугаар сарын 18-нд болно. Сонгуульд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин бие даан, улиран нэр дэвшсэнээр ялалт байгуулах магадлал өндөртэй нэр дэвшигчээр тодроод буй. Энэ удаагийн сонгуульд Владимир Путинаас гадна хэд хэдэн хүн нэр дэвшсэн байна. Гэхдээ тэдний рейтинг бүгдээрээ нийлээд ч Владимир Путиныг гүйцэхгүй. Өнгөрсөн хоёрдугаар сарын 18-нд зарласан судалгаагаар Владимир Путин 66,5%, Коммунист намын Павел Грудинин 6,3%, Либерал ардчилсан намын Владимир Жириновский 6,0%, Иргэний санаачилга намын Ксения Собчак 0,7%, Яблоко (алим) намын Григорий Явлинский 0,6%, Бүх ардын нэгдэл намын Сергей Бабурин 0,4% Өсөлт намын Борис Титов 0,2%, Оросын Коммунистууд намын Максим Сурайкин 0,2% хувийн рейтингтэй байна. Тэгвэл ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй эрхмүүд хэн нь хэн болохыг танилцуулъя.


Владимир Путин

Өдгөө 65 настай Владимир Путин нь 2000 оны гуравдугаар сард ОХУ-ын Ерөнхийлөгчөөр анх удаа сонгогдож байв. Тэрбээр 2004 онд улиран сонгогдож, 2008-2012 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан бөгөөд 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон ажээ. Тэрбээр 1999 оны сүүлээс 2000 оны хооронд Оросын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, 1999 онд ОХУ-ын ерөнхий сайд, 1998-1999 онд Холбооны Аюулгүй байдлын газрын дарга, 1997-1998 онд ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч дарга, 1996-1997 онд ерөнхийлөгчийн ажлын албаны орлогч дарга, 1975-1990 оны хооронд ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах газар ажиллаж байсан. 1997 онд Эдийн засгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.


Павел Грудинин

Өдгөө 57 настай Павел Грудинин Видное хотын төлөөлөгчдийн зөвлөлийн даргын албыг хашиж байгаад Коммунист намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшжээ. Еврей өвөгтэй тэрбээр өөрийгөө цэвэр Орос гаралтай хүн гэж мэдэгддэг аж. 1977 онд дунд сургуулиа төгсөөд Москвагийн Хөдөө аж ахуй инженерийн их сургуульд суралцсан. Тэрбээр Ленин мужийн фермээс ажлын гараагаа эхэлж, 1982-1989 оны хооронд тэнд ажилласныхаа дараа механик цехийн дарга болон дэвшжээ. Павел Грудинин 1990-1995 оны хооронд орлогч даргаар ажиллаж байгаад шинээр байгуулагдсан ЗАО Ленин мужийн фермийн захирал болжээ. Харин 1997 оноос 2011 оны хооронд Москвагийн Думад орлогч даргаар гурван удаа улиран сонгогдож ажилласнаар улс төрд хөл тавьжээ. Тэрбээр 2011 онд Оросын Төрийн захиргааны академид суралцсан байна.


Владимир Жириновский

Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский өдгөө 71 настай. Барууныг эсэргүүцсэн, үндсэрхэг үзэлтэн түүнийг Оросын улс төрийн “цасан хүн” хэмээн хочилдог. Казахстанд төрсөн түүний эцэг Польшийн еврей үндэстэн байв. Түүний өвөө нь жилийн 32 сая ам.долларын орлоготой баян хүн байсан ч Жириновскийн дөрвөн хамаатан нь Холокастад амь үрэгджээ. 1964 онд тэрбээр Москвад нүүж ирэн Москвагийн Их сургуулийн Ази, Африкийн институтэд Туркийн судалгааны тэнхимд суралцжээ. 1970-аад оны эхээр Тбилисид цэргийн алба хааж, хуульч мэргэжлээр суралцсанаар төрийн байгууллагуудад ажиллаж байв. Тэрбээр 1991 онд Либерал ардчилсан намыг байгуулжээ.


Ксения Собчак

ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй цорын ганц эмэгтэй нэр дэвшигч Ксения Собчак нь жүжигчин, нэвтрүүлэгч, сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр Оросын телевизийн Дом-2 реалити шоуг хөтөлснөөр олонд танигдсан юм. Тэрбээр Санкт-Петербург хотын даргын хоёр дахь охин аж. Багадаа Марийнский театрт баллетаар хичээллэж, Эрмитаж музейн урлагийн сургуулийг төгсчээ. Хожим Москвагийн Олон улсын харилцааны институтэд улс төрийн чиглэлээр суралцсан байна. 2004 онд Олон улсын сансрын станц руу Союз пуужингаар хөөрсөн Оросын анхны сансрын жуулчин болохоор нэрээ дэвшүүлжээ. Гэвч төсөл хэрэгжээгүй аж. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухайгаа Владимир Путинтай биечлэн хэлэлцсэн гэж мэдээлжээ.


 Григорий Явлинский

ЗХУ-ыг чөлөөт эдийн засаг руу шилжүүлэх “500 өдрийн хөтөлбөр” төлөвлөгөөг боловсруулсан хүн гэдгээрээ Григорий Явлинский алдартай. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хоёр удаа нэр дэвшин өрсөлдөж байв. Тэрбээр 1996 онд Борис Ельцин, 2000 онд Владимир Путин нартай өрсөлджээ. Түүний нам 2003 оны Төрийн Думын сонгуульд таван хувиас дээш суудал авч чадаагүйгээс тэрбээр 2004 ба 2008 онд нэр дэвшээгүй аж. Григорий Явлинский 2012 онд ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд хуулийн дагуу хоёр сая хүний гарын үсгийг цуглуулсан боловч ОХУ-ын албаныхан зөвшөөрөөгүй байна. Тэрбээр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Эдийн засаг, математикийн төв институтдээ эдийн засагчийн докторын зэрэг хамгаалжээ. Орос, украин, англи хэлтэй.


Сергей Бабурин

ОХУ-ын Төрийн Думын парламентын дэд дарга Сергей Бабурин хуульч мэргэжилтэй.1990 онд улс төрд хөл тавьжээ. Тэрбээр ЗХУ-ыг задраахын эсрэг санал өгсөн цөөн хүмүүсийн нэг. Афганистан улсад алба хааж, цэргийн олон медалиар шагнуулжээ. Бүх ардын нэгдэл намыг үүсгэн байгуулагч Сергей Бабурин 1993 оны Оросын үндсэн хуулийн хямралын үеэр хамгийн их дуу хоолойгоо өргөсөн хүн байв. Өдгөө 59 настай.


Борис Титов

Борис Титов Хувиараа бизнес эрхлэгчдийн эрхийг хамгаалах байгууллагын ерөнхийлөгч комиссионер юм. Тэрбээр 2016 оны хоёрдугаар сараас Өсөлт намын даргаар ажиллах болжээ. 1960 онд Москва хотноо төрсөн. Москвагийн Олон улсын харилцааны институтийн Эдийн засгийн факултетыг төгсчээ. 1989 оноос 2002 оны хооронд төрийн болон хувийн олон компанийн дарга, ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2007 оноос улс төрд оржээ.


Максим Сурайкин

Максим Сурайкин 2012 оноос хойш Оросын Коммунистууд намын даргаар ажиллаж байна. Тэрбээр 1978 онд Москва хотноо төрсөн. Москвагийн Төмөр замын инженерийн их сургуулийг төгссөнийхөө дараа жил гаруйн хугацаанд компьютер засварын компани ажиллуулсан. 1996-2004 оны хооронд Коммунист намын гишүүн байв. Москвагийн Тверское дүүргийн ассамблейд зөвлөхөөр (1997-1999) ажиллажээ. 2010 онд Оросын Коммунист намын олон нийтийн байгууллагыг тэргүүлж байгаад, 2012 онд намын дарга болсон аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж