Н.Алагаа: Надад лиценз байхгүй, гүтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Н.Алагаа: Надад лиценз байхгүй, гүтгэж байна

Н.Алагаа: Надад лиценз байхгүй, гүтгэж байна

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алагаатай ярилцлаа.


-Ашигт малтмалын хамгийн их лиценз эзэмшдэг хүний нэг нь та болж тодроод байна. Нийт 36 лиценз эзэмшдэг гэдэг үнэн үү?

-Гүтгээд байна. Юун 36 лиценз, нэг ч лиценз надад байхгүй. Гэвч Н.Алагаа лицензтэй байхаар маягийн зохиол бичсэн байна лээ. Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын судалгаанд үндэслэж гаргасан баримт гэж анх цацагдсан. Би энэ асуудлаар АТГ-т гомдол гаргаад нэг сар болж байна. Тайлбар авч байж тэр бүх хэвлэл мэдээлэлтэй шүүхдэлцэнэ. Гүтгэлэгт мэдээллийг зохион байгуулалттайгаар дахин давтаад цацаад байхад би өөр яах юм бэ?.

-Майн-инфо, Монроуд зэрэг компанийг үүсгэн байгуулагчийн нэг нь та юм биш үү. Тэдгээр компаниудын нэр дээр ашигт малтмалын лиценз байдаг гэж мэдээлэгдсэн?  

-Майн-инфо компанийг үүсгэн байгуулагч нь н.Батсайхан гэж нэг л хүн бий. Монроудынх нь Г.Анхбаяр гэж залуу бий. Бид найзууд. Тэд тус, тусынхаа компанийг хэдэн онд үүсгэн байгуулсныг мэдэхгүй. Лиценз эзэмшдэг эсэхийг нь ч би сайн мэдэхгүй.

Сошиалаар “Н.Алагаа Майн-инфо, Монроуд компанийг үүсгэн байгуулагчийн нэг нь, нийтдээ 36 лиценз эзэмшдэг” гэсэн мэдээлэл цацагдсаны дараа би тэр хоёроос лиценз эзэмшдэг юм уу гэдгийг асуусан. Хэн, хэнийх нь нэр дээр лиценз байхгүй юм билээ. 2000-аад оны үед лицензээсээ салчихсан юм байна.

Гэтэл Н.Алагаа “Майн инфо”-д 18, “Монроуд”-д 18 лиценз эзэмшдэг гэж ташаарсан. Хамгийн сүүлд энэ мэдээ өдөр тутмын нэгэн сонинд нийтлэгдсэн. Би тус сонины редакц руу утасдаж асуусан. Тэгсэн “тараасан материал” гэсэн хариу өгсөн. Хэн тараасныг нь мэдэж чадаагүй ээ.

-Та АТГ-т хандаад сар болж байна гэсэн. Яагаад өнөөдрийг хүртэл хариу нь ирэхгүй байгаа юм бол. Гаргасан гомдлынхоо араас сураг тавьсан уу?

-Тийм ээ, таг чиг болохоор нь саяхан АТГ-т хандаж “30 хоног боллоо, хариугаа авъя” гэж асуулгасан. “Судалж, хянах юм байна” гэсэн хариу өгсөн байсан. Энэ долоо хоногт л тайлбар өгөх байх хүлээж л сууна.

-АТГ-аас ямар тайлбар шаардсан юм бэ?

-Танай байгууллагад ашигт малтмалын лиценз эзэмшдэг хүмүүсийн судалгаа байдаг юм уу гэдгийг тодруулж байгаа юм. Тэгэхгүй бол хэвлэлийнхэн АТГ-руу заачихна ш дээ. Тэдний судалгаанд үндэслэсэн гээд.

-Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензийг цахимаар, өргөдлөөр авдаг байсныг сонгон шалгаруулалт болгон өөрчилж, зохицуулалт хийлээ. Энэ хэр зөв хувилбар вэ. Цахимаар тусгай зөвшөөрөл олгодог байхад зөрчил нэлээн гардаг байсан юм уу?

-Цахимаар тусгай зөвшөөрөл олголт явж чадаагүй. Байсхийгээд гацна, тасалдана. За тэгээд тусгай зөвшөөрөл авсан этгээд нь орон нутагт очихоор хүлээн зөвшөөрөхгүй бас нэг юм болно. Тэгээд яваагүй.

Одоогийн хуулийн гол өөрчлөлт нь орон нутгаас эхэлж саналаа авна. Дараа нь сонгон шалгаруулалт зарлах юм билээ. Орон нутгийн эсэргүүцэл багатай болох байх. Харин сонгон шалгаруулалт ямар журмаар явах вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Журмыг нь хараагүй болохоор. Гэхдээ явдалтай л болов уу.

 

-Сонгон шалгаруулалтаар лиценз авах цоо шинэ арга биш биз дээ, уг нь?

-Төр нь зөв зохион байгуулах юм бол дэлхийд байдаг л аргын нэг. Хэрэгжүүлэхэд учир байна. Яаж хэрэгжихийг урьдчилж хэлэх аргагүй. Буруу хэрэгжүүлэх магадлал өндөр байгаа. Тэр дундаа манайд хуулийг хэрэгжүүлэх шатанд алдаа их гаргадаг.

Яагаад гэвэл цөөхөн хүн сонгон шалгаруулалт хийгээд, яам, агентлагийнх нь хүмүүс тендерийнх нь комисст ороод оролцоод явах юм бол буруу л жишгээр явна.

Талбай сонгох, техникийн шаардлага гаргах тал дээр мэргэжлийн хүмүүс оролцуулаад мэргэшсэн хүмүүс үнэлгээг нь хийгээд явбал арай гайгүй. Хэрэгжүүлдэг аргаасаа л болдог. Харамсалтай нь, манайхан сайхан ярьчихаад хэрэгжүүлэхдээ эсрэгээр нь хийдэг шүү дээ.

-Хайгуулын тусгай зөвшөөрлийн лицензээ бусдад зарах нөхцөлд 30 хувийн татвар ногдуулахаар болсон нь орлогод хэт анхаараад хөрөнгө оруулагч нарыг үргээх юм руу явчих вий гэдэг болгоомжлол бий. Уул уурхайн салбарынхан энэ зохицуулалтад ямар байр суурь барьж байна вэ?   

-Сангийн яамнаас журам гарах юм билээ. Хараахан журам нь гарч хэрэгжиж эхлээгүй байна. Бас л жишиг үнэтэй юм болчих вий дээ гэж болгоомжилж байна. Гол нь зохицуулдаг аргаа олохдоо хэлбэрдээд төсвийн нүдээр хараад хийчихээр буруу хэрэгжээд асуудал болдог.

Би бол хаширчихсан, хэрэгжсэний дараа л энэ асуудлаар яръя. Түрүүлээд дуугарахаар улстөржсөн, популизм хийлээ гээд хэрэгт унах байлгүй дээ.

-Та сая “Баялгийн засаглал” хэлэлцүүлэгт оролцохдоо “Олоогүй баялгаас татвар авах тухай ярих нь маш хэцүү, эрсдэлтэй” гэж хэлсэн. Өөр арга хувилбар байна уу?

-Тийм ээ, олоогүй баялаг дээр татвар ногдуулах хэцүү. Тийм учраас бодит га-гаас нь татвар аваач ээ. Тэгвэл тооцоход амар, хардлага бага, ил тод. Энэ асуудлаар би 2014 онд санал тавьж байсан, одоог хүртэл шийдэгдээгүй.

-Уул уурхайн салбартаа манайх шиг будилж явж байгаад зөв аргаа олсон орны жишиг байна уу?

Монгол шиг тогтворгүй бодлоготой орон дэлхийн хаана ч байхгүй. Манай туршлага бусдад гашуун сургамж л болох байх.

Уг нь нэг арга сонгоод түүнийгээ  өөрчлөхгүй, хатуу ч гэсэн тогтвортой мөрдөх нь чухал юм. Хөрөнгө оруулагч ажлаа урт хугацаанд төлөвлөөд Монголыг зориод ирэхэд хэд дахин хувирч байна шүү дээ.

-Уул уурхайн салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Хэцүү байгаа шүү дээ. Хайгуул зогсоогоод 6-7 жил болчихлоо. Гэтэл гайгүй том ордыг  нээх хүртэл юун 6-7 жил хангалтгүй. 10-20 жил ч шаардах тохиолдол бий. Хайгуул зогсоно гэдэг хөрөнгө оруулалт ярих уул уурхайн төсөлгүй л байна гэсэн үг.

-Ерөнхий сайд БНСУ-д айлчлал хийх үеэрээ Тавантолгойн нүүрсний ордоо бид Хятадтай хамтарч ашиглан, урд хөрш рүү гаргахаас өөр гарцгүй гэж хэлсэн. Таны байр суурийг сонирхвол?

-Хаагуур гаргах юм, бод. Нэг бол урд хөршөөр, нэг бол хойд хөршөөр. Гэхдээ аль улс руу нүүрсээ экспортлох нь Монголд илүү зохимжтой, зардлын хувьд бага, хугацаа бага зарцуулах вэ гэдгийг бодолцох ёстой. Хамгийн боломжтой хувилбар нь Хятад руу нүүрсээ гаргах.

Хойд Солонгос, Өмнөд Солонгос хоёр нэгдвэл Түмэн талаар давхиад очиж болох байх. Гэхдээ 40-50 жил шаардана.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж