Улаан асрын зүүд (66-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (66-р бүлэг)

Улаан асрын зүүд (66-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зvvд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зүүд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э


Жаран зургадугаар бүлэг

ХАЛУУН ЯНАГ САНЬ ЖЕ ХОЙТ ЕРТӨНЦӨД БУЦАЖ, ХҮЙТЭН СЭТГЭЛТ ШЯН ЛЯНЬ ХООСОН ХААЛГАНД ШУРГАВ

Өгүүлэх нь: Линь авхайг хийсгэж, Бао авхайг хайлуулахаас айв гэж Шин Эрийн ярихыг сонсоод бүгд хөхрөлдөв. Бао Эрийн эхнэр түүнийг нэг цохиж аваад исвэлзэн: “Чи тэдний төлөв байдалд их ойртууллаа. Ингэж амгай жолоогүй байхыг чинь харвал чи Эр Еэгийн дагагч биш Бао Юйгийн зарц шиг байна” гэв. Ёу Эр Жег асуух гэтэл Сань Же урдуур нь ороод: “Танай тэр Бао Юй гэгч сургуульд явахаас гадна юү хийдэг хүн бэ” гэсэнд Шин Эр:

-Сань Же та түүнийг асууж яах нь вэ. Чин үнэнийг нь хэлбэл та итгэхгүй дээ. Манай өвөг дээдсийн үеэс Эр Еэг хүртэл хэн нь гэрийн дүрмийг журамлан, багш Лаоегийн хатуу сургаалаар бичиг ном үзээгүй гэхэв. Ганцхан тэр Бао Юй л номд дургүй. Өдий том болчихсон мөртөө жинхэнэ сургуульд ороогүй л байгаа. Тэр гэгч Лао тайтайгийн алган дээрх амьд эрдэнэ тул Лаое анхных шигээ захирч чадахгүй болжээ. Ямагт хийтэй, солиотой мэт аашлан хэлснийг нь ойлгох хүнгүй, хийснийг нь мэдэх хүнгүй болсон юм. Гаднын хүн, түүний өнгө зүс, эгэл бишийг үзээд, мэргэн цэцэн хүн байх гэж санавч дотроо мунхаг, ядуу гэдгийг нь яаж мэдэх вэ. Гаднын хүнтэй уулзаад нэг ч үг дуугарахгүй. Түүний сайн нь гэвэл, сургуулийн хатавч алхаагүй ч хэдэн үсэг төсөөлнө. Өдөр бичгийн суртлыг эс хичээн, цэргийн эрдмийг эс ойшоохын зэрэгцээ бас хүнтэй уулзах дургүй, хэзээд охидын дунд үймүүлж явна. Бас бат төвлүүн зангүй. Баяртай цагтаа бидэнтэй таарвал, эрхэм доод гэж ялгахгүй, эх адаггүй наадна. Дур алдарч салж явцгаавал түүнийг ойшоох ч үгүй. Бид дураар хэвтэж суугаад түүнийг тоохгүй байсан ч зэмлэхгүй болохоор түүнээс айж ширвээдэх хүнгүй. Цөм дур тааваараа санаа амар явж болно гэж ярив. Ёу Саньже инээж:

-Эзэн чинь сул бол та нар бас ингэж л аашилна. Чанга бол гомдож гасална. Ийм учраас та нарыг авч явна гэдэг бэрх болохыг мэдэж болно гэв. Ёу Эр Же:

-Бид ч бас түүнийг бусдаас сайн гэж бодож байсан. Үнэндээ тийм юм байж. Хайран сайн хүү… гэсэнд дүү нь:

-Эгч та чинь энүүний дэмий яриаг итгэж байгаа юм уу. Бид түүнтэй ядаж ганц хоёр уулзаагүй шүү дээ. Явж, суух, өгүүлж, ярих, ууж идэх нь үнэхээр этгээд боловч багаасаа дотоод ордонд өссөн хүн гэхэд бас ч яамай. Хэрэв тэнэг гэвэл юунд тэнэгтдэг вэ. Эртээдийн их бэлбэрлийн үед хамт байлцсанаа эгч мартаагүй л байх. Тэр өдөр олон хувраг ирж, шарилыг ариулахад бид цөм тэнд зогсож байтал тэр ганцаараа олны өмнө хүмүүсийг халхлан зогссоноор нь хүмүүс түүнийг ёс мэдэхгүй, ёрог танихгүй гэжээ. Дараа нь тэр сэмхэн ингэж хэлээ биз дээ. Олон эгч дүү нар мэдэхгүй байна. Би ёрог танихгүй биш, тэр бохир хуврагууд эгч нарыг бузарлуузай гэсэн санаа шүү гэсэн билээ. Түүнийг цай уусан хойно эгч та мөн цай ууна гэхэд тэр эмгэн түүний аягыг авч цай аягалахад тэр яаран хориглож: “Тэр аяганд бузар буртаг наалдсан тул угааж цэвэрлэн ариутга” гэж байсан. Би хажуугаас нь хараад, түүний охидын өмнө бол эетэй сайхан аашлавч гаднын хүмүүстэй төдий л сайхан нийлэлцэхгүй тул хүмүүс түүнийг мэддэггүй юм байна гэж бодсон гэв. Эгч нь инээж: “Тэнд та хоёрын сэтгэл сайхан нийлсэн тул чамайг түүнд буулгаж өгмөөр юм” гэв. Ёу Сань Же юу ч хэлэлгүй гуаны үр цөмж суув. Шин Эр хараад хөхөрч:

-Өнгө зүс, үйл явдлыг өгүүлбэл энэ хоёр үнэхээр сайхан тэнцэх боловч тэр нэгэнт хүнтэй болсон. Одоо хэдийгээр үг яриа гараагүй ч Линь авхай гэж нэг хүн бий. Тэр өвчин эмгэгтэй боловч тэд багаасаа нэг дор байгаа юм. Одоохондоо хэлэлцээгүй байгаа юм. Хоёр гурван жилээс Лао тайтай нэг дуугарвал тэр бүтэхгүй гэх ёсгүй гэв.

Тэднийг энэ мэтийг ярьж суутал Лун Эр ирж:

-Лаое энд их ажилтай учраас гадагш албанд явж чадахгүй тул Жя Лянийг Пин Ань Жөүд явуулж чухал их албанд зарах гэнээ. Тав гурван өдрийн дотор багтан мордож очих ирэхтэй нийлээд хагас сар болох тул өтөлгөө найнай ба хоёрдугаар хатныг тэр хэргийг эртхэн зөвлөн тасалтугай. Маргааш Эр Еэ ирээд нэг тийш болгоно гэж байна. Энэ орой Эр Еэ албаны хэрэгтэй тул ирж чадахгүй гэлээ гээд Шин Эрийг дагуулан явав. Тэр даруй Эр Же хаалгаа хааж хэвтээд, охин дүүтэйгээ шөнөжин ярьж, асууж лавласныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Маргааш нь үдээс хойш Жя Лянь ирэв. Түүнд Ёу Эр Же “Тэнд чинь албаны хэрэг их байгаа бол миний төлөө явж түүнийг саатуулж яаж болох вэ” гэсэнд Жя Лянь: “Тэнд гойдын юмгүй болоод ирлээ. Холын албанд мордох ажил гарлаа. Дараа сарын шинэдээр яваад хагас сарын дараа буцаж ирнэ” гэсэнд Эр Же: “Тийм бол чи сэтгэл амар яв даа. Эндэхийн алив хэрэгт сэтгэл хуваагдах хэрэггүй. Гуравдугаар охин дүү тийм үгэндээ хүрэхгүй хүн биш. Тэр одоо нэгэнт хүнээ сонгож тогтсон тул түүний аяыг дагасан дээр” гэв. Жя Лянь “Хэн бэ” гэж яаран асуусанд цаадах нь:

-Тэр хүн, одоо энд байхгүй. Хол байна. Хэзээ ирэхийг мэдэхгүй байна. Энэ ч мөн хүнээ олж сонгожээ. Тэр хүнийг нэг жил ирэхгүй бол нэг жил хүлээнэ. Арван жил ирэхгүй бол мөн төдий жил хүлээнэ. Тэр хүн үхээд ирэхгүй болсон бол үсээ хусуулаад мацаг барьж маани тоолно. Тэгж нэг насыг элээнэ гэнээ гэсэнд Жя Лянь: “Тэр чинь тэгээд хэн гэгч болоод сэтгэлийг нь тэгж сүрхий татаа вэ” гэсэнд Ёу Эр Же:

-Өгүүлбэл үг их урт болно. Таван жилийн өмнө миний нагац эмээгийн насны баяр болж бид түүний насны баярт мөргөхөөр очсон юмаа. Нагацын гэрт нэг шийний дуучин ирж цэнгэл үүсгэлээ. Тэд ч цөм сайн хүний үрс байсан. Тэдний дотор нэг Лю Шянлянь гэгч байсныг охин дүү харуут тоогоод түүнтэй сууна гэсэн юм. Ноднин сонсвол тэр хүн, хэргээс зайлж оргон дутаасан гэжээ. Одоо юу болсныг бүү мэд гэв. Жя Лянь,

-Би ямар хүн юм бол гэж гайхсан юм. Тэгсэн чинь тэр үү. Үнэхээр сүрхий сонгожээ. Лю Шянляний аль хэр цэвэр тунгалаг төрснийг чи мэдэхгүй гэж үү. Тэр чинь ураг төрөлдөө элэггүй зүлчгэр зантай, хүйтэн жихүүн хүн. Тийм мөртлөө баргийн хүнийг тоохгүй санаатай. Харин Бао Юйтэй их сайн байсан юм шүү. Ноднин тэр Шюэ тэнэгийг зодож хэрэг гаргасан учир, биднээс зугтан харь газарт зугтаад эргэж ирээгүй шүү. Тэгсэн чинь саяхан эргэж ирсэн шиг нэг сураг гараад чимээгүй болсон. Үнэн худлыг мэдэхгүй. Бао Юйгийн зарцаас асуувал мэдэж магадгүй. Тэр бол хаашаа ч мөр сүүдэргүй арилж мэдэх хүн шүү. Түүнийг хэзээ ирнэ гэж хүлээж нэг насныхаа хэргийг саатуулах юм бэ гэж хэлэв. Цаадах нь: “Миний энэ дүү “за” гэвэл “ёогүй” хүн. Заавал үгэндээ хүрдэг хүн тул аяыг нь дагахаас өөр арга байхгүй” гэв.

Тэр хоёрыг ийн ярилцаж суутал Ёу Саньже орж ирэв. Тэрбээр Жя Лянийг хараад:

-Хүргэн ах та биднийг ямар хүн гэж бодож байна? Одоо үгээ хэлье. Чи тайван бай. Бид бол улааныг үзэн урваж, шарыг үзээд шарвадаг улс биш. Тэр Лю овогт ирвэл би түүнд очно. Хэлсэндээ заавал хүрнэ. Би өнөөдрөөс эхлэн мацаг барин маани тоолж, эхийгээ асран тэр Лю овогтыг хүлээнэ. Зуун жил ирэхгүй бол би бясалгал хийнэ гэсээр үснээсээ нэг хатгуур авч хуга цохиод “Миний үгэнд худал юм байвал энэ хатгуурын адил болтугай” гээд дотор өрөө рүү орж үнэхээр ёс бусыг өгүүлэхгүй, ёс бусыг үйлдэхгүй гэгч болов. Жя Лянь арга тасарч, Ёу Эр Жетэй гэр орны явдлаа зөвлөлдөөд дараа нь Фөн Жетэй уулзаж албанд мордохоо ярихаар очив. Тэрбээр гэртээ байсангүй. Бэй Минээс асуувал тодорхой мэдэхгүй байв. Ойр хавийнхнаас нь асуугаад юм сонссонгүй. Тэгээд буцаж хүрээнээс гадна Эр Жегийнхээ дэргэд хоёр хоноод сэмхэн явж замд гарав. Энэ үед Сань Же огт өөрт хүн мэт болсон бөгөөд бас Эр Же аж төрөхдөө чадамгай тул Жя Лянь сэтгэл амран алсын аянд мордов. Тэрбээр хотоос гарч Пин Аньжөүгийн их замд ороод, өглөө эртлэн орой хоноглон явсаар гурван хоногийн дараа өөдөөс нь баахан ачаа хөсөгтэй аянчин жинчний хамт арваад морьтой айсуй явааг харав. Ойртон очоод ажвал, тэдний түрүүн Шюэ Пань, Лю Шянлянь хоёр явж байсанд ихэд гайхсанаа шууд давхин очив. Тэд ч ёсорхуугаар учралдаж, төдөлгүй нэг архины газар очиж ярьж хөөрөлдөв. Жя Лянь инээж:

-Та хоёрыг муудалцсаны дараа бид эвлэрүүлэх гэж байхад Лю дүү мөр сураггүй алга болсон. Тэгтэл өнөөдөр та хоёр хамт явж байх юм. Яаж чадав аа гэсэнд Шюэ Пань:

-Орчлонгийн явдал үнэхээр гайхалтай юм. Би хоршигчдынхоо хамт бараа таваараа зарж худалдаад хавар болмогц буцаад явж байтал харин Пин Аньжөүгийн хязгаарт хэсэг дээрэмчидтэй таарч хамаг юмаа булаалгалаа.Тэгсэн чинь санамсаргүй Лю дүүтэйгээ таараад, нөгөө дээрэмчдийг үлдэн хөөж, эд юмсыг минь эргүүлэн авч өгч аминд ороод мартахын аргагүй ач тус хүргэлээ. Тэгээд би аминд орсон ачийг нь хариулъя гээд үүнийгээ дагуулаад эзний нийслэлийн зүг явж байна. Үүнээс хойш бид хоёр төрсөн ах дүү мэт ханилна. Урагшаа хоёр зүүн газрын цаана Лю дүүгийн нэг авга эгч бий. Түүнтэйгээ дүү очиж золгоно гээд зам сална. Би нийслэлд очиж ажил явдлаа төвхнүүлээд, гэр хүрээ барьж өгч гэргий хэлэлцэн хамт амьдрахаар шийдсэн гэв.

Жя Лянь сонсоод, “Өө тийм үү. Бид л хэдэн өдөр дэмий зовсон юм байж” гэснээ,

-Би Шян Лянь дүүд ураг хэлэлцэнэ гэхийг дуулаад нэг сайн айлын охиныг бодож оллоо. Дүүтэй маш тохирох юм байгаа юм гээд, өөрөө Ёу овогтын хүүхнийг буулган авч сул эхнэр болгосон хийгээд түүний охин дүүгийн тухай ярихдаа, ганцхан Ёу Сань Жегийн шийдсэнийг хэлсэнгүй. Тэгээд Шюэ Паньд “Намайг бага эхнэртэй болсныг манайханд мэдэгдэж болохгүй. Хүүхэдтэй болохоор аяндаа мэдэцгээнэ биз” гэж захив. Шюэ Пань түүний яриаг сонсоод:

-Чухамдаа, хэдийн тэгэх байсан юм. Үнэндээ бол миний бүл охин дүүгийн буруу байдаг… гэтэл Лю Шянлянь инээж:

-Та хүний сэтгэл гэдэг юмыг мартжээ. Дуугүй суусан дээр гэсэнд Шюэ Пань жаахан чимээгүй байснаа, хэрэв тийм бол тэр ургийн учрыг бүтээлгүй яаж болох вэ гэв. Шян Лянь

-Би анхнаасаа л онцгой үзэсгэлэнт охин биш бол ураг холбох тухай ярихгүй гэж бодож ирсэн юм. Өнөөдөр эрхэм ах ураг хэлэлцэж өгнө гэвэл хосгүй хүний тухай бодох хэрэггүй юм байна. Алив явдалд ах таны сургаалыг сонсоно гэв. Цаадах нь инээж:

-Өнөөдөр энд хоосон юм яриад яахав. Хожим дүүг эргэж уулзсан цагт, миний хэлээд байгаа охины өнгө зүс, үйл эрдэм, эрт болон эдүгээд хосгүй гэдгийг мэднээ гэв. Лю Шянлянь учиргүй баярлаж:

-Тийм бол би урьдаар авга эгчдээ золгочихоод нийслэл рүү явъя. Лав нэг сарын дотор амжих байх. Тэр цагт ярилцах уу гэв. Жя Лянь инээж:

-Хоёулаа сайхан хэлэлцэж тогтоноо. Дүү чи бол байр суурийн хувьд тогтворгүйтэж байж бат нотыг алдах болуузай гэж би зовж байна шүү. Хэрэв ингэж сайхан тохирчихоод эргэж ирэхгүй алга болбол хүний нэг насны явдлыг баллана шүү. Тэгэхээр бат гэрч үлдээхийг хүснэ гэв. Цаадах нь:

-Эр хүн хэлсэндээ хүрэхгүй байж яаж болох вэ. Өчүүхэн муу дүү нь ядуугаас, аян замаар их явсан болохоор бэлэг сааль гэж юү байхав гэсэнд Шюэ Пань хажуунаас:

-Надад байна шүү дээ. Ахад өгөхөд бэлэн байна гэв.

-Алт, мөнгө, шүр, сувд хэрэггүй. Харин дүү таны биедээ авч яваа эдлэлээс авч бэлэг болгоё гэсэнд Лю Шянлянь:

-Тийм бол дүүд нь, өвгөд дээдсээс уламжилж ирсэн уран хийцтэй сэлэм бий. Түүнийг би дураар хэрэглэдэггүй юм. Зүгээр л биедээ авч явдаг. Түүгээр гэрч болгож болох уу. Дүү нь хэдий тогтворгүй зантай боловч энэ сэлмийг мартаж түвдэхгүй гэв. Тэгээд хэдэн хундага архи нэмж уугаад мордоцгоож зам мөрөө хөөв.

Жя Лянь явсаар байгаад нэг өдөр Пин Аньжөүд очоод тэндхийн Же Дү түшмэлтэй уулзаад зорьсон хэргээ бүтээх гэтэл цаадах нь: “Арван сард дахин иртүгэй” гэв. Жя Лянь, тушаалыг аваад маргааш нь гэрийн зүг хөлгийн жолоо эргүүлэв. Ирсэн замаараа буцан явсаар нийслэлд ирээдЁу Эржегийн тэнд очсоныг үл өгүүлэн өгүүлэх нь:

Энэ завсар Ёу Эрже гэрийнхээ хэрэгт хамаг анхаарлаа тавиад, гаднын хэргийг огт сонссонгүй. Тийм учраас хаалгаа дандаа түгжиж байжээ. Харин дүү Санже гэгч ган төмөр мэт хатуу чанга хүн учраас ээжийгээ асран оёдол зүйдэл хийхээс өөр юманд огт оролцохгүй байв. Энэ хооронд Жя Жэнь завшаан эрж Жя Ляний эзгүйд хэд ирсэн боловч Ёу Эрже элдэв шалтаг хэлээд огт уулзсангүй. Түүний дүү нь аймшигтай амьтан гэдгийг аль хэдийн мэдсэн учир зориг гарган халдаж чадсангүй. Түүнээс болоод Жя Жэний мөр энд тун цөөрчээ.

Жя Лянь гэртээ ирээд эгч дүү хоёр хүүхний ийм янзтай байгааг мэдээд ихэд баярлан, эхнэрийнхээ мэргэн ухаантайг бишрэв. Цөмөөрөө баахан ярьж суусны дараа Жя Лянь, Шянляньтай замд таарснаа яриад “Уран хажин сэлэм” гэгчийг Ёу Саньд өгөв. Тэрбээр сэлмийг авч үзвэл, дээр нь луу эвхрүүлэн хирс мөөрүүлж сийлээд сувд, тана, шижир алт шигтгэжээ. Сэлмийг ховдлоос нь сугалан гаргаж үзвэл, харин хоёр сулмийг нийлүүлж хийгээд нэг дээр нь “уран” нөгөө дээр нь “хажин” гэсэн үгийг тов тодорхой сийлээд, хүйтэн гэрэл гялбалзан мөнгөн туяа цацарч арчсан толь мэт, ариун тунгалаг мөс мэт сайхан харагдав. Ёу Саньже үзээд алсхийн баярлаж гардан аваад өөрийнхөө өрөөнд өлгөв. Тэгээд харах бүр сэтгэл нь сэргэж, нэг насны түшгээ оллоо хэмээн баярлана. Жя Лянь гэртээ хоёр хоноод, ордонд очиж явсан хэргийнхээ талаар эцэгтээ мэдүүлээд эхнэр хүүхэдтэйгээ уулзав. Фөн Жегийн өвчин эдгээд, гарч орж, ордны хэргийг хамаардаг болжээ. Тэрбээр бас Жя Жэнтэй уулзаж явсан сууснаа ярьж, хувийн нь байдлыг сонирхвол, өөрийн нь араар гүйдэг зангаа орхиод өөр хүн олж авснаа ярьж, эгч дүү хоёр хүйтэн ихэмсэг зан гаргасанд ундууцаж, тэднийг сонирхохоо байснаа ярьжээ. Тэгээд Жя Ляньд нэмэр болгож хорин лан мөнгө өгчээ. Түүнийг нь Жя Лянь, Ёу Эржед өгч чимэг заслын зүйл бэлтгүүлэв.

Өнөөх Лю Шянлянь найман сард нийслэлд ирлээ. Тэрбээр Шюэ Паний гэрт очиж Шюэ Иматай золгоод хүүтэй нь уулзав. Энэ үед Шюэ Пань уур амьсгал таарахгүй, ус шороо зохицохгүйгээс болж өвчлөн гэртээ хэвтээд эм залж ууж байлаа. Түүний ирснийг сонсуут Шюэ Пань дотоод өрөөндөө оруулав. Шюэ Има ч хүүгийнхээ амийг аварсныг нь сонсоод талархаж хуучин явдлуудыг мартав. Харин ч бэр буулгах гэж байгааг нь сонсоод, алив эд хэрэглэлээр туслахаа амлав. Шян Лянь хэмжээгүй баярлан талархав.

Маргааш нь Шян Лянь, Бао Юйг олж уулзсанд тэр хоёр загас ус мэт эедэн нийлэв. Шян Лянь түүнээс Жя Лянь татвар авсныг сонирхвол цаадах нь:

-Бэй Миний хэлэхийг сонссоноос нүдээр үзээгүй. Тэгээд ч тийм илүү хэрэггүй юманд гар дүрж юугаа хийнэв. Лянь ах таныг сураглаж байна, ямар хэрэгтэйг мэдсэнгүй гэж Бэй Мин хэлсэн гэв. Шян Лянь, замд учирсан явдлаа тодорхой ярьсанд Бао Юй:

-Баяртай байна. Тэр мэт гоо сайхан хүнийг олох үнэхээр хэцүү. Ёстой аль ч үед хосгүй гоо үзэсгэлэнт хүн гэж байсан л бол тэдний нэг үнэхээр мөн. Тийм хүн танд л тохирно гэсэнд цаадах нь:

-Нээрэн тийм юм бол яагаад хүргэн олдохгүй, намайг эрж байсан хэрэг вэ. Би ч Жя Ляньтай найз байсангүй. Санаандгүй аяны замд таараад л, дахин давтан шаардсаар байгаад тохирчихлоо. Эм хүн, эрийг сонгох учир бас байна уу. Би үнэхээр сэжиг төрж сэлмээ өгсөндөө гэмшиж байна. Сүүлд нь чамайг санаад нарийн учрыг нь асуухаар ирлээ гэсэнд Бао Юй:

-Чи угаас нямбай, болгоомжтой хүн байтлаа юунд бэлгээ өгөөд, дараа нь тээнэгэлзэнэ вэ? Анхнаасаа та гойдын ховор хүнтэй ураг холбоно гэж байгаад одоо тийм хүнээ олоод авчихсан юм чинь зүй юм бишүү. Тэгэхэд сэжиг төрөх юү билээ гэв. Цаадах нь:

-Чи түүнийг танихгүй байтлаа түүний гоц гойдыг яаж мэдээв гэж асуув. Бао Юй:

-Тэд нар чинь, Жэнь бэргэний хойт эхийн дагавар охин дүү нар юм. Би бэлэвсрэлийн үеэр тэдэнтэй нэг сар хамт байсан юм чинь, мэдэлгүй яахав. Үнэхээр овог, удамд өнгө нэмэхээр сайхан хүмүүс билээ гэв. Шян Лянь харамсан шүүрс алдаад:

-Энэ бүтэхгүй. Ураг холбож болохгүй. Танай зүүн ордонд тэр хоёр чулуун арслан л цэвэр үлдсэн байх гэсэнд Бао Юй ичингүйрч царай нь улалзсаныг хараад, үгээ хэтрүүлснийг ойлгон гараа хумхин ёсолж:

-Болхи үг хэлж ёс алдлаа. Тэдний хүн чанар нь ямрыг та хэлж өгч болох уу гэсэнд Бао Юй инээж:

-Та нэгэнт тодорхой мэдэж байгаа юм надаас асууж яах юм бэ. Би хүртэл ариун биш байж мэднэ гэв. Шян Лянь инээж:

-Миний нэгэн цагийн цалгай явдалд та юм санаж болохгүй гэсэнд цаадах нь:

-Түүнийг сөхөж яах юм бэ. ингэвэл харин муу санасан болно шүү гэв. Шян Лянь, Бао Юйд ёслоод явахдаа Шюэ Панийд очъё гэж бодсоноо, түүний бие өвчтэй учир зан ааш нь цухал байгаа тул дэмий гэж санан, Жя Ляньтай уулзахаар явав. Тэгэхдээ, Шюэ Паньтай уулзахгүйгээр бэлгээ авч ураглахаа больж болохгүй гэж бодож явлаа. Түүнийг очиход Жя Лянь Эр Жегийн тэнд байв. Шян Лянийг ирснийг дуулаад Жя Лянь ихэд баярлаад угтан авч дотоод гэртээ залж оруулаад Ёу эмгэнтэй уулзуулав. Шян Лянь, эмгэнийг “Авга эх”1 гэж дуудаад өөрийгөө орой гарч дорой төрсөн гэж хөнгөмсөглөсөнд, Жя Лянь ихэд гайхав. Цай ууж суухдаа Шян Лянь:

-Аян замд уулзаад ахтай баахан алмайрчээ. Авга эгч дөрвөн сард айлын охинд сүй тавиад дүү намайгаа дуугарах аргагүй болгожээ. Ахын санааг дагаж авга эгчийн ажлыг зөрчвөл ёс зүйгүй юм болноо. Алт торгоны бэлэг бол би нэхэхгүй. Харин миний сэлэм бол өвгийн үлдээсэн гэрээс тул түүнийг эгүүлэн олговол миний аз завшаан болноо гэв. Жя Лянь түүний үгийг сонсоод бэгтэрч:

-Дүү таны энэ үг үнэндээ алдаатай байна. Тогтомж гэгч үл буцахыг хэлнэ. Буцахаас л эмээж тогтож байгаа юм шүү дээ. Ураг сүйн учирт урваж хөрвөж болдоггүй гэсэнд Лю Шянлянь инээж:

-Ийм юм бол дүү нь дуртайяа зэмлэл хүлээж заргалдахаас биш зарлигийг дагаж огт чадахгүй гэв. Жя Лянь нэг юм хэлэх гэтэл цаадах нь босож: “Энд ярилцахад эвгүй байна. Гадаах өрөөнд орж зөвлөлдье” гэв. Тэдний яриаг Ёу Сань же тов тодорхой сонсжээ. Удтал хүлээлгэсээр, арай гэж нэг хүрч ирээд, өнөөдөр гэнэт үгээ буцсаныг бодвол, даруй Жя овогтны дотроос ямар нэг үг олж сонсоод, биеийг нь садар хуялч болгож, гэргий болгох дургүй байгааг ойлголоо. Хэрэв түүнийг гаргаж, Жя Ляньтай сүй буцах учрыг зөвлөлдүүлбэл, хүргэн нь арга мухардан шантрахаар барахгүй, марган хэрэлдэхэд хүрвэл надад муухай болно гэж бат бодов. Тэднийг гарч хэлэлцэхийг сонсмогц яаран хос сэлмийг буулган “Бэлгийн” сэлмийг нь нуун гарч ирээд: “Та хоёр дахин зөвлөлдөх хэрэггүй. Сүйн бэлгийг чинь буцаалаа” гээд нулимсаа булаг мэт бургилуулсаар зүүн гараар “Аргын” сэлмийг Шян Ляньд өгөөд, баруун гараараа “Бэлгийн” сэлмийг өргөж, хоолойгоо хөндлөн шувтрав хөөрхий!

Хайран тоорын ариун цэцэг газар дүүрэн улайв

Хашийн цогц нэгэнт унаваас дахин босохуйяа бэрх!

Тэр даруй бүгд айн цочирдов. Ёу эмгэн, Лю Шянлянийг хараан зүхэж орь дуу болон орилов. Жя Лянь, Шянляньтай зууралдаж, түүнийг хүлээд яаманд хүргүүлье гэв. Ёу Эрже нулимсаа арчин “Хүн түүнийг шахаж шаардаагүй өөрөө өөрийгөө хорлосон учир яаманд хүргээд ямар тус байхав. Харин хүнд шившгээ дэлгэхийн нэмэр. Наадахаа явуул” гэж шаардав. Энэ үед Жя Лянь ч арга алдарч Шян Лянийг тавиад хурдан зайл гэсэнд цаадах нь хөдлөхгүй, алчуур гарган нулимсаа арчиж “Ийм эрс хатуу хүн гэж огт санасангүй. Үнэхээр бишрэн хүндэтгэх хүн байжээ. Миний буян дутжээ” гээд баахан уйлснаа авс авчирч хийхийг хараад түүнийг түшин уйлж уйлж явж одов. Гараад хаашаа явахаа мэдэхгүй, ухаан мэдрэл нь балартан “Ийм сайхан хүн байснаас гадна ийм хатан зоригтон байжээ” гэж бодон, гэмшин гутарч байснаа хөлийн аяар мангуу, согтуу юм шиг алхах аядав. Ийн явж байтал гэнэт ар талд нь чимэг зүүлтний дуун гарахаар эргэж харвал, ЁУ Санже нэг гартаа “Бэлгийн” сэлэм атгаж нөгөө гартаа нэг дэвтэр барин түүний дэргэд ирээд уйлан: “Өчүүхэн би хүсэлдээ шунаж, абугай таныг таван жил хүлээлээ. Абугайг ийнхүү “мэнд ч үгүй зөрнө” гэж ер санасангүй. Өчүүхэн би, энэ халуун амиараа сэтгэл юүгээ гүйцэтгэв. Одоо зэргэлгээн цэцэн дагины зарлигаар, их сансарын арилсан оронд очиж, нэгэн бүлэг хурьцалт сүнсний хэргийг тасална. Өчүүхэн би, салж түвдэхгүй тул нэг ирж аярласугай. Хойшид дахин учирч чадахгүй болой” гээд хэдэн дусал нулимс унагаж салан одов. Лю Шянлянь салж чадахгүй яаран урагш алхаж явах гэтэл Ёу Саньже ханцуй сэгсрэн арилж одов. Лю Шянлянь дуу тавин уйлтал харин зүүднээсээ цочин сэржээ. Унтаагаар зүүдэлсэн мэт, үнэнхүү учирсан мэт санагдаж, нүдээ нээн харвал нэг хуучин сүмд хэвтэж байв. Дэргэд нь нэг доголон бумба бөөсөө эрэн сууж байлаа. Тэр даруй Шян Лянь, бумбын өмнө очиж, мэхийн ёслоод:

-Энэ ямар газар вэ. Хувилгаан багшийн их алдар хэн билээ гэж асуув. Бумба инээж:

-Энэ ямар газар, миний бие хэн гэгчийг мэдэхгүй түр зуур хөлөө л амрааж байна гэв. Энэ үгийг сонсоод Шян Ляний бие жихүүцэн, сэтгэл нь хөрч “Аргын” сэлмийг сугалан, ширэлдэж ороолдсон бухимдлын сэжим бүхнийг тас цавчаад нөгөөх бумбыг даган арилав. Хаашаа одсоныг мэдэхгүй. Түүний хэрхэхийг мэдсүгэй хэмээвээс дараах бүлгийг сөхтүгэй!


Тайлбар:

  1. Авга эх гэж дуудаж-Хуучин цагт хүргэн хүү, хадам эхтэйгээ золгохдоо сөгдөөд мөргөдөг байжээ. Гэтэл Лю Шянлянь мөргөсөнгүй зөвхөн сөгдөх төдий болоод авга эх гэж дуудсан нь, даруй ургаа мэдэрсэнгүй гэдгийг харуулжээ.
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж