С.Мөнхмөрөн: Санхүүгийн луйвраас сэргийлэхийн тулд хүн бүр нууц үг зохиох дүрэмтэй байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

С.Мөнхмөрөн: Санхүүгийн луйвраас сэргийлэхийн тулд хүн бүр нууц үг зохиох дүрэмтэй байх хэрэгтэй

С.Мөнхмөрөн: Санхүүгийн луйвраас сэргийлэхийн тулд хүн бүр нууц үг зохиох дүрэмтэй байх хэрэгтэй

‘Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян”-ны хүрээнд харилцагчид санхүүгийн луйврын гүйлгээнээс хэрхэн сэргийлэх талаар Капитрон банкны Цахим банкны хэлтсийн захирал С.Мөнхмөрөнтэй ярилцлаа. Капитрон банкны хувьд Монголын банк санхүүгийн зах зээлд 2002 онд хамгийн анх интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлж, 2012 онд онд анх удаа мост мони төлбөрийн сүлжээнд нэгдэн орж байсан бөгөөд С.Мөнхмөрөнгийн хувьд цахим банкны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай залуу юм.

-Банкны цахим үйлчилгээ хөгжихийн хирээр тодорхой хэмжээнд эрсдэлүүд гарах болсон. Хэрэглэгчийг хамгаалах ямар арга хэмжээний талаар яриагаа эхэлье?

-Монголын арилжааны банкууд дэлхийд тэргүүлж буй цахим төлбөр тооцооны систем, цахим ертөнцийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхаж, харилцагчиддаа дэвшилтэд технологийн шийдлийг санал болгон ажилласаар ирсэн. Тиймээс ч өнөөдөр хүн бүрт карт, интернэт, мобайл банк бусад цахим үйлчилгээг ашиглан орчин үеийн банкны үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран хүссэн цагтаа хаанаас ч авах боломжийг банкууд олгож байна. Банкны үйлчилгээ улам бүр цахимжихын хэрээр олон улсад төдийгүй манайд шинэ төрлийн гэмт хэргүүд гарах боллоо.

Өөрөөр хэлбэл, энэхүү технологийн дэвшил, онлайн банкны үйлчилгээг даган санхүүгийн луйвар, Кибер гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа нь харилцагчдаас санхүүгийн хариуцлагаа өндөржүүлэхийг зүй ёсоор шаардаж байна. Мөн энэ талаар харилцагчдад мэдээлэл хүргэх, сургалт хийх ажлуудыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байгаа юм.

Монголбанкны санаачлагаар арилжааны банкууд нэгдэн манай улсад анх удаа ‘Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян” зохион байгуулагдаж байна. Энэхүү аянаар дамжуулан олон нийтэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар ойлгомжтой мэдээлэл өгөх, санхүүтэй холбоотой аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлуудыг Капитрон банк эхлүүлээд байна.

-Санхүүгийн луйвар гэж ярьдаг. Зарим нийтлэг тохиолдлуудаас дурдахгүй юу? Хэрхэн сэргийлэх боломжтой вэ?

-Ер нь луйврын гүйлгээ гэдэг нь таны банкны дансны мэдээллийг хэн нэгэн этгээд хууль бусаар ашиглан таны данснаас зөвшөөрөлгүйгээр гүйлгээ хийхийг хэлдэг. Луйврын гүйлгээг Нэгдүгээрт, харилцагчийн өөрийн буруутай үйл ажиллагаанаас буюу картын болон интернэт банкны нууц үг, гүйлгээний пин кодын мэдээллийг алдсан, бусдад мэдэгдсэнээс, Хоёрдугаарт, зохион байгуулалттайгаар буюу бусад этгээдүүд дансны мэдээллийг хакердах замаар хулгайлж луйвар хийх гэсэн байдлаар ангилдаг.

Монголд нэгдүгээр тохиолдол болох харилцагч картаа гээсэн болон хулгайд алдсан, карт болон пин кодоо бусдад өгсөнтэй холбоотой луйврын гүйлгээнд өртөх тохиолдол ихээр гардаг. Иймэрхүү эрсдэлээс сэргийлэхийн тулд хүн бүр санхүүгийн боловсролтой, хариуцлагатай байх хэрэгтэй. Хамгийн наад зах нь үйлчилгээний газарт бусдын дэргэд картын пин кодоо хэлэхгүй байх, картын пин кодоо карт болон бусад зүйлс дээр бичиж тэмдэглэхгүй байх, олон төрлийн веб сайт, банкны үйлчилгээнд бүртгүүлэхдээ хүн бүр хувийн нууц үгийн дүрэмтэй байх, элдэв урамшуулал, бэлэг амласан имэйлд хариу өгөхгүй байх, тийм төрлийн вебсайтад бүртгүүлэхгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлж байх хэрэгтэй.

Мөн банкны дансны хуулгаа тогтмол хугацаанд хянаж хэвших, дансны гүйлгээний мэдээлэл мессэж болон и-мэйлээр хүлээн авах үйлчилгээг идэвхжүүлж, өөрийн банкны дансанд байнгын хяналт тавьж байх, хэрэв сэжигтэй гүйлгээ гарвал тэр даруй банкиндаа хандсанаар цаашид гарах эрсдлээ бууруулах боломжтой байдаг.

-Та сая “Хүн бүр хувийн нууц үг зохиох дүрэмтэй байх хэрэгтэй” гэж дурдлаа. Үүнийг тодруулж жишээгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Сүүлийн үед технологи хөгжсөнөөр бүх зүйл хувийн нууц үг шаардах болсон байна. Та бидний өдөр тутмын амьдралд орцны хаалганаас эхлэн гэрийн цахилгаан хэрэгсэл, гар утас, цахим хэрэглээ болох олон төрлийн мэдээллийн болон санхүүгийн сайтууд бүх зүйлс л нууц үгээр хамгаалагддаг болсон. Гэвч ихэнх хүмүүсийн хувьд хэт энгийн нууц үг хэрэглэдэг, эсвэл нэг нууц үгийг бүх зүйл дээр ашиглах хандлага ажиглагддаг. Тэгэхээр харилцагч өөрийн санхүүгийн эрсдэлийг бууруулах үүднээс нууц үгийн дүрэм зохиох хэрэгтэй.

Нууц үгийг бусад хүн амархан цээжлэхээргүй тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн байдлаар уртаар зохиож байх хэрэгтэй. Жишээлбэл: Аливаа сайтад бүртгүүлэхдээ нууц үгээ дараах аргачлалаар зохиоё. Нууц үгийн эхний 3 орон нь бүртгүүлж буй сайтын нэрний агуулга орсон, гуравдахь үсэг нь томоор бичсэн байх, сүүлийн 5 орон нь өөрийн мартхааргүй тооноос бүрдсэн байх. Иймэрхүү байдлаар нууц үг зохиох өөрийн аргачлалаа гаргачих хэрэгтэй. Энэ тохиолдолд олон хэрэгцээт сайт бүрт өөр өөр нууц үг үүсгэх бөгөөд төөрөлдөхгүй хялбар болно, мөн бусад хүнд амархан нууц үгээ алдаж эрсдэлд өртөхгүй зэрэг олон давуу талтай юм.

-Харилцагчдынхаа цаг завыг хэмнэх тал дээр банкнаас авдаг ихэнх үйлчилгээг Капитрон банкны цахим банкаар авах боломжууд бүрдэж эхлэсэн. Цаашид иргэд ийнхүү өөрсдийн байгаа газраас банкны бүх төрлийн үйлчилгээг авах боломжийг нэмэгдүүлэх тал дээр ямар шинэ санаачилга хэрэгжүүлж байна вэ?

-Манай банкны хувьд “Ухаалаг ирээдүйн зүгт” гэсэн уриаг эрхэм болгож, банкны бүхий л үйлчилгээг ухаалаг технологийн шийдлээр харилцагчиддаа хүргэхийг зорин ажиллаж байгаа. Орчин үеийн хүний амьдралын хэмнэл цахимжсан хэлбэрт шилжиж, бизнесийн байгууллагууд ч уламжлалт хэлбэрээс технологид суурилсан шинэ эдийн засгийн хэлбэр рүү шилжиж байна. Энэ бүхэнтэй Капитрон банк маань хосолж, илүү цахимжсан банк байхаар зорьж байгаа. Бид оны өмнөхөн интернэт банк болон смарт банк үйлчилгээг шинэчлэн сайжруулж, харилцагчиддаа илүү хялбараар санхүүгийн олон төрлийн үйлчилгээг үзүүлж байна. Цаашид ч онлайн үйлчилгээний олон боломжуудыг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Сонирхуулахад “Капитрон” гэдэг үг маань Капитал, Электрон гэсэн үгний хослолоос бүтсэн. Утгачлаад хэлбэл хөрөнгийг мэдээллийн технологиор удирдах гэсэн утгатай юм.

-Хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд болон танай хамт олон ажлын өндөр амжилт хүсье.

-Баярлалаа.

Э.СУВД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж