“Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

“Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэж эхэллээ

“Эх орончдын өдөр”-ийг тэмдэглэж эхэллээ

Жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг угтсан арга хэмжээ өнөөдрөөс /2018.02.28/ “Тэврэлт бэлэглэе” уриан дор эхэллээ. Тодруулбал, Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны залуус ажил эхлэх цагаар Улаанбаатар хотын  төв зам дагуу ажлаа хийж байгаа Хот тохижилтын ажилчид, замын цагдаа, албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн эмч ажилчдад халуун чацаргана тарааж, сэтгэлийн дэм өглөө.

Мөн “Монгол төсөл” төрийн бус байгууллагаас санаачлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн боловсролын газар хамтран ерөнхий боловсролын сургууль, их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Цээж бичиг” арга хэмжээг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээ нь эх хэлний боловсрол, монгол өв соёл, зан заншлын үнэ цэнэ, ач холбогдлыг хүүхэд залуустаа өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.

Тус арга хэмжээг дэмжиж, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн 241 сургуулийн 2-12 дугаар ангийн 216504 сурагч, их дээд сургуулийн төлөөлөл 100 гаруй оюутан залуус нийслэлийн хэмжээнд нэгэн зэрэг оролцлоо.

Оюутан сурагчдаас Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, их зохиолч Д.Нацагдоржийн “Хуучин хүү”, Төрийн хошой шагналт, Монголын нэрт зохиолч, төр нийгмийн зүтгэлтэн Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир”, Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дуламын “Монгол бэлгэдэл”, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хүүхдийн нэрт зохиолч Ж.Дашдондогийн “Өөрийн намтар” зэрэг 11 бүтээлүүдээс дээжлэн цээж бичгийн шалгалт авчээ. 

“Эх орончдын өдөр”-ийн арга хэмжээ ирэх гуравдугаар сарын 2-н хүртэл үргэлжлэх аж. Энэ өдөр “XX зууны эх орончид хэн байсан бэ?”, “XXI зууны эх орончид гэж хэнийг хэлэх вэ?” гэх сэдвийг хөндөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын дэд сайд доктор, профессор Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн доктор, профессор Н.Учрал нар оюутан залууст лекц тавих юм байна.

Тус арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болох ажээ. 

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж