Шүлхийн дарлалын шалтгаан вакцинд байна уу?

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Шүлхийн дарлалын шалтгаан вакцинд байна уу?

Шүлхийн дарлалын шалтгаан вакцинд байна уу?

Одоогоор Монгол орны ихэнх газар нутаг 1-32 см зузаан цастай байна. Зузаан цастайгаас гадна зуншлага муугаас газрын гарц тааруу байсантай холбоотойгоор мал олноор хорогдож, өвөлжилт хүндрээд байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргасан мэдээллээр, шинэ он гарснаар Баянхонгор аймагт 117233, Ховдод 87218 зэрэг нийт 503.6 мянган мал хорогдоод байна. Байгалийн хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэлээс гадна шүлхий тархалт малын хорогдлыг нэмэгдүүлж, өвөлжилтийг хүндрүүлж байна. Тухайлбал, 2018 он гарснаар 390 өрхийн 4324 толгой мал шүлхийгээр өвчилж, 3052-ыг нь устгажээ. Нийт есөн аймгийн 19 суманд шүлхий дэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Гэсэн ч шүлхий дэгдэлт улам нэмэгдсээр байгаа аж. Булган аймгийн Бугат, Булган суманд шүлхийн сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. 

Малын хөл, өвс тэжээл, хүний эдэлж хэрэглэж байгаа зүйлээр дамжин тархах шүлхийг таслан зогсоох ганц арга нь шүлхийн эсрэг вакцин.  Манай улс шүлхийн эсрэг вакциныг тогтмол хийдэг ч зөвхөн дулааны улиралд бүртгэгддэг энэ өвчин өвлийн улиралд ч дэгдэж байна. Шүлхий нь сүүлийн долоон жил тасралтгүй тархаж байгааг мэргэжилтнүүд онцлов. 

Өнгөрсөн жил Монгол Улс шүлхийн эсрэг вакцинд 8.7 тэрбум төгрөг зарцуулсан. Гэвч вакцин хийлгэсэн мал шүлхийгээр өвчилсөн тохиолдол илэрчээ. 2001 онд анх бүртгэгдсэн шүлхий сүүлийн долоон жил тасралтгүй дэгдэж байгаа нь шүлхийн эсрэг вакцинтай холбоотой гэх  хардлага иргэдийн дунд байна. Энэ хардлагад холбогдох албаныхан тодорхой хариулт өгөлгүй, асуултаас зугтдаг. “Шүлхийн тархалт вакцинд байгаа юм биш. Бид чанартай вакцин оруулж ирж байна”, эсвэл “Чанаргүй вакцин оруулж иржээ. Уучлаарай” гэх албаны хүн олдсонгүй. “Орон нутагт ажиллаж байна” зэрэг ямар нэгэн шалтгаанаар  асуултаас зугтдаг. 

Энэ онд ОХУ-аас 7.1 сая тун шүлхийн вакцин авахаас 500 мянган тунг нь хүлээж аваад байгаа юм байна. Эхний ээлжид 500 мянган тун вакциныг Булган, Орхон, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Төв, Дорноговь зэрэг шүлхий дэгдэн, хорио цээрийн дэглэм тогтоогоод буй аймгуудад хүргүүлжээ. Энэ вакцин “үүргээ” амжилттай биелүүлж, шүлхийн дэгдэлтийг бүрэн дарж чадах эсэх нь асуулт дагуулсан хэвээр. Хэрэв вакцин “үүргээ” биелүүлээгүйгээс шүлхийн “дарлал” улам даамжирвал цаашид хэдэн толгой мал хорогдох бол. 2001 онд Монгол Улсад  шүлхийн тохиолдол анх бүтгэгдэхэд албаныхан 42 хоногийн дотор дэгдэлтийг нам дарж байсан түүхтэй. Энэ түүхийн зарчмаар ажиллаж яагаад болохгүй гэж. Асуудал юунд байна вэ.

Мөн ХХААХҮЯ энэ жилээс өвөл вакцин тарьдгийг зогсоож, шүлхийн эсрэг вакциныг дөрвөөс аравдугаар сард тарьж дуусгахаар болжээ. Түүнчлэн мал амьтны гоц халдварт өвчин шүлхийн дэгдэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор халдваргүйжүүлэлтийн цэгүүдийг тавдугаар сарын 1-нийг хүртэл ажиллуулах юм. 

Р.Ренчиндулам
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж