Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмэр хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмэр хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцэв

Парисын хэлэлцээрт үндэсний хувь нэмэр хэрэгжүүлэх түншлэлийн төлөвлөгөөг хэлэлцэв

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд оролцогч талууд 2018 онд зорилтот уулзалт өрнүүлэн 2020 оноос өмнө гэрээнд оролцогч талууд Үндэсний Хэмжээний Түншлэлийн төлөвлөгөө /National Determined Contribution/ (NDC) болон хүлэмжийн хийг бууруулах хөгжлийн стратегийг батлан гаргахаар тохиролцсон.  

Хэлэлцээрт оролцогч талуудын баталсан гэрээний биелэлтийг шалгах нэгдсэн чуулган 2023 онд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байна. Үүнээс үзвэл Үндэсний түншлэлийн төлөвлөгөө нь дан ганц баримт бичиг гэхээс илүү улс орнуудын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн хүсэл эрмэлзлийг хэрхэн нэмэгдүүлэх тухай өргөн агуулгатай юм.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор Монгол Улс үндэсний хэмжээнд 2014 онд Ногоон Хөгжлийн бодлого, 2015 онд Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого зэргийг баталсан. Мөн сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлийн чадавх улсын хэмжээнд нийт эрчим хүч үйлдвэрлэлийн 7.62 %-тай тэнцэж байгаа бол ирэх 2020 онд 20%, 2030 онд 30%-д хүргэх, Барилгын дулаан алдалтыг 2014 онтой харьцуулахад 2020 онд 20 хувиар, 2030 онд 40 хувиар бууруулах, ДЦС-ын дотоод эрчим хүчний хэрэглээг 2014 онд 14.4%  байсныг 2030 онд 9.14% хүргэж багасгах зэрэг зорилтуудыг багтаажээ.

Мөн тээврийн хэрэгслүүдтэй холбоотой 2023 он гэхэд Улаанбаатар хотын авто замын сүлжээг сайжруулж, замын хөдөлгөөнийг 30-40% хүртэл бууруулах, цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн худалдааг дэмжих зэрэг зорилт бүхий Улаанбаатар хотын нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2015, Дунд хугацааны хөгжлийн бодлого-2010 зэрэг батлагдаж байсан.  

Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэлийн төлөвлөгөөг боловсруулахад салбар бүрийн саналыг харгалзаж үзэх, донор орнуудын туршлагаас судалж, эш авсан чухал хэлэлцүүлгүүд өнөөдөр /2018.02.28/ болж өндөрлөлөө.

Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хууль санаачлах, батлах тухай асуудалд семинарт оролцогчдын дийлэнх хэсэг нь эрхзүйн баримт бичиг шинээр шаардлагагүй гэсэн байр суурьтай байсан бол, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүжилтэд нарийвчилсан судалгаа, үр дүнгийн баталгаа шаардлагатай учир үүнтэй холбоотой судалгааг илүү гүнзгийрүүлэх хэрэгцээтэй байгааг хэлж байлаа. 

Жижиг чулуугаар том чулуу хөдөлгөх буюу Монгол дахь жижиг дунд үйлдвэрлэгчид, хувийн хэвшлийн оролцоотойгоор Парисын гэрээний зорилтыг хэрэгжүүлэхийн тулд төрөөс санхүүжилтийн чиглэлийг өөрчлөх тэр дундаа хувийн хэвшилд илүү төвлөрүүлэх нь өндөр үр дүн авчрах тухай олон санал дэвшүүлсэн. 

Эцэст нь уг төлөвлөгөөг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд тулгарч буй саад бэрхшээлүүдийг нэрлэв. Үүнд: 

  • Санхүүжилтийн бэрхшээл
  • Дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Гамшгийн эрсдэл болон зохион байгуулалтын сул хөгжсөн байдал зэрэг гадаад хүчин зүйлс
  • Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой эрх зүйн орчин
  • Хувийн хэвшил болон Засгийн газар бусад салбаруудын хамтын ажиллагааны хязгаарлагдмал байдал
  • Мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцийн хомс байдал
  • Хяналтын системийн үр дүн бага байгаа зэрэг асуудал нь гэрээний зорилтыг биелүүлэхэд тулгарч байгаа ажээ. 

М.Чулуунтогоо

 

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж