Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун болон түүний эцэг агсан Ким Жон Ил 1990 –ээд онд Бразилын хуурамч паспорт ашиглан барууны орнуудад аялж байсан нь тогтоогджээ.
Бразил дахь Хойд Солонгосын Элчин сайдын яам энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин Бразилын Гадаад харилцааны яам энэ хэргийг мөрдөн шалгаж байгаа хэмээн мэдэгджээ.
Эцэг хүү Кимийн зурагтай ч, хуурамч нэр дээр гаргасан паспортыг дор хаяж хоёр орон руу аялахад ашигласан гэж Европын аюулаас хамгаалах агентлагийн ахлах мэргэжилтнүүд мэдээлсэн байна. Гэвч Ким Жон Ил болон Ким Жон Ун нар дээрх орнуудад аялахдаа виз мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Эцэг хүү хоёр Кимийг дээрх хуурамч паспортаар Бразил, Япон, Хонгконг руу аялсан гэж таамаглаж байгаа ажээ.
Японы “Yomiuri Shimbun” сонинд 2011 онд гарсан нэгэн нийтлэлд Ким Жон Ун 1991 онд хүүхэд байхдаа Бразилын паспортаар Токиод аялж байсан тухай бичсэн нь бий.
10 жилийн хугацаатай дээрх хоёр паспорт дээр “Прага дахь Бразилын Элчин сайдын яамнаас олгов. 1996 оны хоёрдугаар сарын 26” гэсэн байжээ. Хүний царай таних технологийн тусламжтайгаар паспорт дээрх зураг Ким Жон Ун болон түүний эцэг Ким Жон Ил нарынх мөн болохыг тогтоосон байна.
Паспорт дээр Ким Жон Уныг 1983 оны хоёрдугаар сарын 1-нд төрсөн гэж бичсэн байжээ. Ким Жон Уны төрсөн он сар тодорхойгүй учраас түүнийг дээрх паспорт гарах үед 12-14 орчим настай байсан гэж таамаглаж байгаа юм.
Эх сурвалж: Reuters