-“УИХ өөртөө хамааралгүй бүрэн эрхийг өөртөө хамааралтай болгож шилжүүлж авчих гээд байгаа юм биш биз” гэв-
Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж байна. Цэцийн дунд суудлын хуралдаанд уг мэдээллийг ирүүлсэн иргэн Р.Очирбал, Ч.Жадамба, Ж.Онон, Н.Нямжаргал, УИХ-ыг төлөөлж УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нар оролцож байгаа юм. Хуралдааны эхэнд асуудлыг урьдчилан шалгасан Цэцийн гишүүн Д.Сугар уг маргааны гол агуулга, түүнтэй холбоотой нотлох баримтыг танилцууллаа. Цэцэд мэдээлэл гаргасан иргэдийн зүгээс ‘Эрдэнэт үйлдвэр’ ХХК-ийн 49 хувийг шууд төрийн өмчид авахаар шийдсэн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн тул хүчингүй болгож өгнө үү гэдэг асуудлыг тавьсан. Мөн шүүхийн шийдвэргүйгээр харилцан суутган тооцоо хийхээр болсон нь Үндсэн хууль болон холбогдох бусад хуулиудыг зөрчсөн хэмээн үзэж байгаа юм.
Энэ талаар Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож буй УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Цогтбаатар нарын зүгээс УИХ “Эрдэнэт үйлдвэр’ ХХК-ийн 49 хувийг төрд авах шийдвэр гаргасан нь Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн бөгөөд холбогдох тайлбарыг тавилаа.
Д.Одбаяр: Түргэдсэн, болчимгүй, гоомой алхам хийсэн юм биш биз
Мэтгэлцээний үеэр Цэцийн гишүүн Д.Сугар “Монголын Засгийн газар хариу өгөхөө шийдээгүй, огт зөвшөөрөл өгөөгүй байхад яагаад Оросын тал манай өмчийг захиран зарцуулах асуудлыг шийдэв” гэдэг асуултыг олонтоо тавьж тодорхой хариулт нэхэн маргаан өрнүүлсэн юм.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр “Түргэдсэн, болчимгүй, гоомой алхам хийсэн юм биш биз” хэмээн лавлаж байв. Үүнд мэдээлэл гаргасан иргэний төлөөллөөс хариулахдаа “УИХ нь Засгийн газраар нь ийм асуудал орж ирснийг мэдээгүй байна гэдэг дэндүү болчимгүй хариулт. УИХ Засгийн газарт хяналт тавьж ажиллах эрх үүрэгтэй байгууллагын хувьд энэ тохиолдолд санаачилгаараа оролцож хэрэгжүүлэх ёстой. Миний худалдан авах эрх Засгийн газраасаа болоод зөрчих ёсгүй. Гэрээ болон өмчлөх эрх Монгол Улсын хуулиар шийдэгдэхгүй асуудал. Монголын тал худалдан авах давуу эрх зөрчигдсөн гэж үзэж байгаа бол олон улсын дэглэм ёсоор нь асуудлаа тавиад явах ёстой. Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу энэ талаар шийдвэр гаргасан байтал тухайн цаг үед “Гоомой зүйл хийчхэж магадгүй, УИХ-аас асууя” гэх боломжгүй байсан. Олон улсын гэрээ хэлцлийг ийм эрсдэлд учруулдаг байгаа цагт гадаадын хөрөнгө оруулагчид хаалганы цаана үлдэх болно. Тиймээс гоомой, хууль ёсноос гадуур шийдвэр болсон гэж үзэх боломжгүй. Засгийн газрын журмаар шийдэж болоод байсан асуудал яагаад УИХ-аар батлуулах ёстой болов гэдэг нь ч өөрөө тусдаа асуудал. УИХ өөртөө хамааралгүй бүрэн эрхийг өөртөө хамааралтай болгож шилжүүлж авчих гээд байгаа юм биш биз. Тэгвэл эрсдэлд орно шүү” хэмээсэн юм.
Д.Сугар: Өмнөх Засгийн газар энэ талаар мэдээлэл өгөх тун дургүй байсан шүү
Мөн энэ үеэр “Өмнөх Засгийн газар энэ талаар мэдээлэл гаргаж өгөх туйлын дургүй байсан шүү гэдгийг Д.Сугар дурдаад авсан юм. Тэрбээр “Бодвол 2016 оны зургаадугаар сарын 13-нд хуралдсан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ажлын хэсгийг байгуулсан байх. Энэ хуралдааны протоколыг бас нэлээд ажил болж байж нээлттэй болгосон” гэдгийг ч хэлж байлаа.
Цэцийн дунд суудлын хуралдаан үргэлжилж хуралдаанд оролцогчид байр сууриа хамгаалан ширүүхэн мэтгэлцэж байна. Үдээс өмнөх хуралдааны байдлаар мэтгэлцээнд залуучууд илүү соёлтой, Үндсэн хууль, олон улсын гэрээ конвенцийн эрх зүйн харилцааны талаар өндөр мэдлэгтэй байгаа нь илт харагдаж байв. Мөн УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөллийн хувьд зарим үед мэтгэлцэх гэхээсээ илүү хэт бардамнасан, Цэцийг үл хүндэтгэсэн байдал ажиглагдаж байсныг нээлттэй хуралдаанаас харж болохоор байлаа.
Цэцийн дунд суудлын хуралдаан шийдвэрээ 17.00 цагт танилцуулах юм байна.