Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх нь МАН-ын анхан шатны үүрийн дарга нартай уулзаж үүрэг даалгавар өгөхдөө “Намын бүх шатанд хээл хахуультай нэр холбогдсон хэнтэй ч хатуу хариуцлага тооцно” гэдгээ мэдэгдсэн. Иймээс “Гал үндэс холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд нэр бүхий улстөрчдийг Авлигатай тэмцэх газарт шалгуулах нь зүйтэй гэж үзэн, өнөөдөр /2018.02.28/ мэдэгдэл хийлээ.
“Нэгдсэн Монгол хөдөлгөөн”-ий тэргүүн Ч.Мөнхбаяр “УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар Солонгос улсын Пусан хотод 2017 оны арваннэгдүгээр сарын 5-нд казино тоглож буй бичлэг шуугиан дагуулсан. Үүнийг бид ард түмний мөнгөөр тоглосон гэж хардаж байна. Мөн 800 тэрбумын концессын асуудал, 2015 оны наймдугаар сарын 27-нд Орхон гол улаан шороогоор урсаж эхэлсэн, 2015 оны үед Ой цэвэрлэх нэрээр мод бэлтгэн завшсан гэх мэт эргэлзээтэй олон асуудлын хариу тодорхойгүй байгаа тул Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Ж.Мөнхбат, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол гэх эрхмүүд Авлигатай тэмцэх газарт шалгагдах ёстой” гэлээ.
Мөн шаардлага гарвал МАН-ын даргад шаардах бичиг хүргүүлнэ гэдгээ “Гал үндэс холбоо”-ны Удирдах зөвлөлийн гишүүд хэлсэн юм.
С.Баасандулам