2013 онд нас барсан нэгэн програмистын ар гэрийнхэн өөрийгөө цахим мөнгө биткойныг үндэслэгч Сатоши Накамото мөн гэж буй Грег Райтыг шүүхэд өгч, таван тэрбум ам.доллар нэхэмжилсэн байна.
Дэйв Клэйманы гэр бүлийнхэн Флоридагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Дэйв, Грег нар хамтран компани байгуулж, 1.1 сая биткойны эзэмшигч болсон гэж мэдүүлсэн байна.
Гэвч Клэйманыг нас барахад Райт гэрээг өөрчлөн, биткойн болон компанийн эзэмшлийн эрхийг хууль бусаар өөрийн болгосон гэжээ.
Клэйманы гэр бүл Дэйв болон Грегийн хамтран байгуулсан компанийн эзэмшлийн тал хувийг эзэмших эрхтэй гэж үзсэн байна. Тэдний анх байгуулсан биткойны компанийн нийт ашиг 11.6 тэрбум ам.доллар болсон ажээ.
Дэйв учир битүүлэг шалтгаанаар нас барсан тухай тэд нэхэмжлэлдээ дурдсан байна.
1995 онд мотоциклийн осолд орсны дараа тэргэнцэртэй явах болсон Дэйв Грегтэй 2003 онд криптографт хувь нийлүүлсний ачаар интернэтээр танилцжээ. Үүнээс таван жилийн дараа Сатоши Накамото гэгч цахим мөнгө биткойныг үндэслэсэн. Гэтэл гэнэт 2016 онд Грег Райт гэгч Австралийн иргэн өөрийгөө биткойныг үндэслэгч гэж мэдэгдсэн билээ.
2007 онд Дэйв Грегт бичсэн захидалдаа “Би шинэ хэлбэрийн цахим мөнгө гаргахаар ажиллаж байгаа. Биткэш, биткойн… Би чамайг хамтраасай гэж хүсч байна” гэж бичсэн байжээ.
Харин шүүгч “Дэйв, Грегийн хэн нэг нь эсвэл тэд хамтран биткойныг бүтээсэн гэх баталгаа байхгүй. Учир нь тэд хоёулаа ямар нэгэн үл мэдэгдэх шалтгаанаар үүнийг гэр бүлийнхнээсээ нууцалсан байна” гэжээ.
Эх сурвалж: AP