АНУ-ын Виржиниа мужийн Арлингтон дахь цэргийн баазад 11 алба хаагч сэжиг бүхий захидлыг нээж үзсэнээс болж бие нь муудаж, гурав нь эмнэлэгт хүргэгдсэн байна.
Хууль сахиулагчдын хэлж буйгаар захидлыг шинжилж үзэхэд аюултай бодисын найрлага сөрөг гарсан боловч Холбооны мөрдөх товчоо захидлыг лабораторийн нарийвчилсан шинжилгээнд явуулсан байна.
Дээрх хэргийг химийн аюултай бодисын шинжээчид болон Холбооны мөрдөх товчоо хамтран шалгаж байгаа ажээ. Хууль сахиулагчдын мэдээлснээр цэргийн баазын командлагчид хаягласан уг захидалд огт ойлгомжгүй зүйл бичсэн байсан гэнэ. Хэрэгтэй холбоотой мөрдөн шинжилгээ үргэлжилж байгаа учраас шинжээчид дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан байна.
Захидлыг нээхэд байсан баазын цэргийн алба хаагчдын нүүр, гарын арьс шатаж байгаа мэт халуу оргиж, нэг алба хаагчийн хамраас цус гарах шинж тэмдгүүд илэрчээ. Захидлыг баазад ямар хүн хүргэж өгсөн нь тодорхойгүй байгаа ажээ.
Эх сурвалж: CNN