Монгол Улсын Ерөнхийлөгч цэргийн албыг гурван жил болгож, цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчилна гэх асуудлыг хөндөөд буй. Олон нийтийн зүгээс энэ асуудлыг буруу, зөв гэж шүүмжилж байгаа юм.
News агентлаг VS буландаа Ерөнхийлөгчийн цэргүүдийг бүтээн байгуулалтад дайчлах нь зөв буруу эсэх талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын байр суурийг онцолж байна.
З.Энхболд | Э.Бат-Үүл | |
-Энэ бол тооцоо судалгаанд үндэслэсэн зүйл. Ажил хийдэггүй, сургуульд сурдаггүй, курст ч явдаггүй 100-гаад мянган залуу бий. Сард сая төгрөгийн цалинтай, байр сууц нь үнэгүй гэвэл тэд явж ажил хийнэ гэж тооцож байгаа юм. Мөнгөнөөс ч илүү чухал зүйл болох эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшлийг цэргийн алба олгоно. Манай цэргийн алба хязгааргүй шүү дээ. Өнөөдрийн хуулиар гэрээт цэрэг гэдэг нь тэтгэврийн насанд хүртлээ хааж болдог. Хугацаат цэргийн албаа хааж дуусаад үргэлжлүүлэн ажиллая гэвэл гэрээ байгуулж, цалин аваад, ахлагчийн орон тоон дээр тодорхой үүрэг гүйцэтгээд явдаг. Хилийн цэргээс маш олон хүн гэрээт рүү шилжиж, цалин аваад хил манаж суугаа. Үүнтэй адилхан цалингаа аваад төмөр зам, засмал зам, далан, усан цахилгаан станц, барилга барьдаг болгох гээд байгаа юм. Ингэлээ гээд цэргийн коммунизм болохгүй. Нийтийг хамарсан ажил хийж, эдийн засгийн хямралаас гарсан жишээ олон шүү дээ. Үүнийг ганц манай Ерөнхийлөгч одоо яриад байгаа юм биш. 1929 оны их хямралын дараа АНУ олон удаагийн нийтийг хамарсан ажил хийсэн. 1930-1945 онд Лас-Вегасын Хүүвэр дам, Вашингтоны Көүлээ дам усан цахилгаан станцыг байгуулаагүй бол далангийн доорх газар тариалан нь усалгааны системтэй болж, өнөөгийн АНУ-ын өрсөлдөх чадвартай ХАА болж хөгжихгүй байсан. Ажилгүй болоод хоолны талонд шилжсэн хүнд үед дээрх хоёр усан цахилгаан станцыг барихад олон мянган хүн ажилтай, орлоготой болсон. Үүнийг хувийн хэвшил нь хийж чадахгүй, өөрсдөө дампуурчихсан байсан үе. АНУ-ын төр үүнийг нуруундаа үүрч, иргэдээ дайчлан ажиллуулж, ажил, орлоготой болгосноор их хямралын ард гарсан. Үүгээр зогсохгүй төмөр болон засмал зам, цахилгаан станцууд барьсан нь эдийн засгийн дараагийн өсөлтөд түлхэц болсон. Монголд цэргээр яадаг юм бэ, цэргүүд барилга барина гэж юу байдаг юм бэ гээд байгаа хүмүүс бусад улсын хөгжсөн энэ мэт түүхийг судлах хэрэгтэй. | -Ардчилсан намаас нэр дэвшиж ялсан Ерөнхийлөгч маань “цэргийн социализм” байгуулна гээд байгаа нь бүр гайхаш тасармаар юм. Яагаад ингэх болов? Яаж хэрэгжүүлэх юм бол. 500 мянган залуучуудыг (энэ тоог Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан твиттердсэн) цэрэгт татах юм гэнэ. Эрэгтэй, эмэгтэй ялгалгүй цэргийн алба хаадаг байна. Цэргийн албаны хугацаа 3 жил болох юм. Аргагүй, нэг жилд хийгдэх бүтээн байгуулалт гэж байхгүй шүү дээ. Ийм их нүсэр армитай улс дэлхийд, их гүрнүүд болон Хойд солонгос мэтийг эс тооцвол маш цөөн. Манай түүхэнд огт байгаагүй. 500 мянган залуусыг байрлуулж хооллож, унтуулах ёстой.Дор хаяж 200 мянга нь охид байж таарна. Хоол унд, ариун цэврийн хэрэгсэл, бүсгүйчүүдэд зориулсан тусгай байр гээд замаа алдсан их зүйлээр хангана. Тэгэхээр цэргийн ангиудын казарм, хуаранг бүгдийг шинэчилж таарна. Одоо байгаа нь 60 жил гар хүрээгүй хуучин байр. Бас шинийг барина. Төмөр зам зэрэг бүтээн байгуулалтын зам, талбар дагуу цэргийн хотхон, хөдөлмөрийн хуаран босгоно. Энэ их хөрөнгө оруулалт,урсгал зардлын мөнгө хаана байгаа юм бэ? Японы эдийн засаг ч бараг дийлэхгүй их хөрөнгө. Баттулга бизнес эрхэлж байсан хүн учраас аргатай, мөнгө оллоо гэж бодъё. Тэгтэл залуус маань цэргийн “цалин” голоод Солонгос явна гэвэл яах вэ, гадаад явах эрхийг нь хаах хууль гаргах уу, цагдаа, цэргүүдийг дайчлан албадан авчрах уу, охидыгоо орилуулаад чирээд ачих уу, цэргээс оргон зайлсан гээд залуусаа яллавал зөндөө шорон барих хэрэгтэй болно.Ахиад бөөн хөрөнгө. Бүтээн байгуулалтын цэрэгт ажлын байраа алдсан мянга мянган хүмүүс яах билээ, бид ажил хийе гэвэл заавал цэрэгт явж мөрдэс зүү гэх үү, би эхнэр хүүхдийнхээ хамт хоночхоод өдөртөө гэрээсээ ажилдаа явна гэвэл бас заавал хуаранд байлгана гэх юм уу. Бизнесгүй болсон зам, барилга, уул уурхайн компаниудад хаанаас ажил олж өгөх вэ. Тэд дампуурчихвал татвар төлөх этгээдгүй болж төсвийн хомсдолд орно шүү дээ. |
Холбоотой мэдээ