Германы хотуудын захиргаа агаарын бохирдолтой тэмцэх зорилгоор дизель хөдөлгүүртэй автомашинд хориг тавихыг Холбооны шүүх зөвшөөрлөө.
Энэхүү шийдвэр нь Германы дизель хөдөлгүүртэй автомашин хөлөглөдөг олон сая жолооч нарт хамааралтай аж. Шүүхийн шүүгч Андрэ Корбмашерын мэдээлснээр, хотууд дизель хөдөлгүүртэй автомашиныг хориглосноос үүдэн жолооч нарт нөхөн олговор олгохгүй аж. Германы шүүхээс нь хориг тавих эрхийг хотуудын захиргаанд олгосноос биш өөрөө хориг тавих шийдвэр гаргаагүй гэдгээ мэдэгджээ. Энэ шийдвэр нь орон даяар тавьсан хориг биш юм.
Шүүхийн шийдвэр агаарын бохирдол ихтэй Штутгар, Дюссельдорф хотын жишээнд тулгуурласан байна. Германы байгаль орчны идэвхтэн, байгууллагууд хорт утаа ялгаруулдаг автомашиныг хориглох шийдвэр гарсныг талархан хүлээн авчээ. Дизель хөдөлгүүртэй автомашин нь азотын давхар исэл ялгаруулдаг нь жилд олон сая хүнийг амьсгалын замын өвчнөөр нас барахад нөлөөлж буй аж.
Вольксваген компани АНУ-ын дизель хөдөлгүүрийн хорт хий ялгаруулалтыг шалгах тестийг хуурах автомашины проргамм хангамж ашиглаж байсан нь 2015 онд илэрснээс дизель автомашины үнэ унаад байв. Энэ хэргээс үүдэн компани их хэмжээний торгууль төлжээ. Үүний зэрэгцээ Германы засгийн газраас хорт утаа ялгаруулдаг автомашин үйлдвэрлэлээс татгалзахыг компаниудад уриалах болсон юм.
Шүүхийн шийдвэрийн дараа автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш унажээ. Тухайлбал, Daimler AG, BMW AG зэрэг компанийн хувьцаа 0.7 хувиар унасан бол Volkswagen AG компанийнх 1.8 хувиар буурчээ.
Эх сурвалж: Dailymail.com
Б.ТУЯА