Шүлхийтэй тэмцэхэд шинэ арга, стратеги шаардлагатай
Малын хөл, өвс тэжээл, автомашины дугуй. Тэр ч бүү хэл хүний хувцас, эдлэлээр халдварладаг шүлхийгээс манай улс ойрын хэдэн жил салсангүй. Шүлхий бол мал сүргийг олноор нь хиаруулж, малчны хотыг нэг л өдөр харлуулж орхидог уршиг ихтэй өвчин. Өнгөрсөн онд шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй нэг ч сар байсангүй. Найман аймаг, нийслэлийн хоёр дүүрэгт 451 удаа хөл хорио тогтоож, 9264 мал устгаад байна. Зөвхөн халуунд дэгддэг байсан энэ өвчин сүүлийн жилүүдэд хүйтний улиралд тэсвэртэй болж, жил дамнан гарсаар өнөөдөртэй золгочихлоо. Яг одоо есөн аймгийн 19 суманд шүлхий дэгдэж, он гарснаас хойш хоёрхон сарын дотор 3268 толгой малыг устгалд оруулаад байна. 2017 онд устгасан малын гуравны нэгтэй нь тэнцэхүйц мал 60 хоногийн дотор хоргодсоныг харахад шүлхий үнэхээр дарж авахад хүнд болсон бололтой. Шүлхий Монголд шинэ өвчин биш. 1974 оноос өмнө шүлхийн тохиолдол бишгүй олон гарч байсан. Тэр бүрт судалгаа шинжилгээ хийж, зогсоох арга хэмжээ авч байлаа.
Гэтэл 2001 оноос хойш долоон жилийн турш шүлхийг дарж чадалгүй, улам гааруулж буйг бидний арчаагүйнх гэхээс өөр юу гэх вэ. Эсвэл цаана нь энэ өвчнийг “энхрийлсэн” өөр ашиг сонирхол байна уу гэсэн хардлага эрхгүй төрдөг юм. Бид долоон жил шүлхийд завсаргүй дарлуулж, өчнөөн мянган толгой малаа алдлаа. Манай улсын хөдөө аж ахуйн салбарт шүлхий шиг гарз хохирол авчирч байгаа өвчин эмгэг алга. Хорио цээрийн дэглэм, малын устгал гээд олон тэрбум төгрөгөөр хэмжих хохирол улсын төсвөөс урссаар. Ойрын жилүүдэд мал эмнэлгийн салбарын зардал хурдацтайгаар өссөн. Шүлхийн өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн 2001 онд 3.4 тэрбум байсан бол 2016 онд 28.3 тэрбум төгрөг болж хэд дахин нэмэгдсэн байна. Энэ төсвийн ихэнхийг шүлхийн вакцин, худалдаж авах, хийхэд зориулж байгаа юм.
• 2018 он гарснаас хойш хоёрхон сарын дотор 3268 толгой малыг устгалд оруулаад байна.
• Хэсэг бүлэг хүмүүсийн ашиг орлогыг хаахгүйн тулд шүлхийтэй ном ёсоор нь тэмцдэггүй гэх яриа сонсогддог.
• Арай өөр арга, менежментээр шүлхийтэй “тулалдах” цаг тулаад байгааг анзаараач.
2016 онд 8.7 тэрбум төгрөгийг вакцинд зарцуулсан ч үр дүнд хүрээгүй. Зарим малчин малаа вакцинжуулсан ч шүлхий туссан цөөнгүй тохиолдол гарсан. Улсад вакцин нийлүүлсэн компаниудыг шалгахаар болсон ч үнэхээр чанаргүй вакцин байсан эсэх, тийм бол хариуцлага тооцсон эсэх нь ч бүүр бүрхэг. Шүлхийн вакцин шахааны бизнес болсон талаар салбарынхан жиг жуг гэлцдэг юм билээ. Тийм ч учраас хэсэг бүлэг хүмүүсийн ашиг орлогыг хаахгүйн тулд шүлхийтэй ном ёсоор нь тэмцдэггүй гэх яриа сонсогдож л байдаг. Харин үүнийг үнэний ортой эсэхийг шалгуулах хүсэлт гаргачих зоригтон гарч ирээгүй л байна. Цаашилбал, Сүхбаатар, Хэнтий, Дорнод зэрэг хадлангийн бүсүүдэд шүлхийн өвчний халдвар огт тасардаггүй. Үүнийг мэдсээр байж шүлхийтэй нутгаас өвс бэлдэж орон даяар тараасаар байдаг нь хачирхалтай. Манай сонин өнгөрсөн жил шүлхийг отор нүүдлээр, хадлангийн өвсөөр тархаж буйг олон удаа анхааруулж бичсэн. Мэргэжлийнхэн ч үүнийг ямагт сануулсаар ирлээ.
Гэтэл зөвхөн автомашины дугуйг ариутгалын бодисоор шүршсэн болоод явуулж байгаа нь нүглийн нүдийг гурилаар хуурч байгаатай адил болжээ. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан шүлхий өвчин тусламжийн өвснөөс үүдэлтэй байх магадлалтай гэсэн дүгнэлтийг мал эмнэлгийнхэн өнгөрсөн сард гаргасан байна билээ. Бид зөвхөн вакцинд найдаж олон тэрбум төгрөг цацаад ч шүлхийг дийлж чадахгүй юм байна гэдгээ ойлгох цаг болсон. Нэгэнт хяналтаасаа алдчихсан учраас зөвхөн вакцинд найдахгүйгээр хорио цээрийн дэглэмээ нарийн төлөвлөгөөтэй, шинэ арга зүйгээр явуулах шаардлагатай байна. Үнэхээр шүлхийн халдварыг зогсооё гэвэл хөл хорио, ариутгалын ажлыг чангатгаж, сахилга баттай болгох ёстойг энэ олон жилийн туршлагаараа мэдэж авсан баймаар юм, албаны хүмүүс. 2001 онд Булган аймгийн Норовлин суманд эмч, мэргэжлийн хяналтынхнаас гадна хүчний байгууллагынхан оролцож, 42 хоногийн дотор шүлхийн голомтыг нам даржээ. Үр дүнд нь өнөөдрийг хүртэл Норовлинд ахиж шүлхий гараагүй туршлагыг яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ. Шүлхий ийнхүү газар авч буйд зөвхөн малчин, малын эмч нарыг буруутгаж болохгүй. Эмч нар улсаас өгсөн тариа, вакциныг л хийдэг. Өвчин тархсан газраар отор хийгээд сүргээ хиаруулдаг малчин мэр сэр байдаг л даа.
Гэхдээ хэн хөлсөө дуслуулан байж өсгөсөн хэдэн малаа өвчинд алдахыг хүсэх билээ. Харин зөв аргыг нь зааж чадахгүй, хорио цээрийн тохирсон стратеги хэрэгжүүлж мэдэхгүй байгаа дарга нарт л хариуцлага тооцох хэрэгтэй санагддаг юм. Энэ онд манай улс 7.1 сая тун вакциныг ОХУ-аас худалдаж авахаар төлөвлөж, үүнийхээ 500 мянган тунг нь хүлээн авсан гэдийг албаныхан онцоллоо. Тэгэхээр дарга нар өнөөх вакцинд найдсан хуучны стратегиа үргэлжлүүлэхээр болж байх шиг. Энэ өвчний нарийн ширийнийг мэддэггүй дарга, хурандаа нар ажлыг удирдаж буйг буруутгах ч нэгэн бий. Угтаа шүлхийтэй улаан нүүрээрээ учирч, гардан тэмцэх газар нь мал эмнэлэг байх ёстойг салбарынхан хэлдэг. Гэхдээ хэн нэг шахааны дарга биш, салбараа ойлгодог, түүнийхээ төлөө зүтгэх чин сэтгэлтэй мэргэжилтэн хэрэгтэй. Шүлхийг дарж чадахгүй байгаа жинхэнэ шалтгааныг олмоор байна. Одоо арай өөр арга, менежментээр “тулалдах” цаг тулаад байгааг анзаараач. Хуучин арга барилаасаа салах дургүй дарга нараас болж малчид хохирох ёсгүй.
Эх сурвалж:ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ