Сорьцын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Сорьцын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Сорьцын нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлнэ

Бичил уурхайчид алт тушаалтад илүү үүрэг гүйцэтгэхээр байна

Алтны үнийг тодорхойлогч томоохон тоглогчдын нэг нь төв банкууд. Өөрийн нөөцийн тодорхой хэсгийг алт хэлбэрээр банкууд бүрдүүлдэг тул дэлхийн алтны эрэлтэд онцгой үүрэгтэй. Тухайн улсын гадаад валютын албан нөөц болон төлбөрийн чадварыг алтны нөөцөөр нь хэмждэг. Үүний нэг нь Монголбанк. Төв банкны алт тушаалтад сүүлийн жилүүдэд тэргүүлэх байр суурийг алтны бичил уурхай эрхлэгчид эзлэх болсон. Үндэсний статистикийн хорооны боловсруулсан “Бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн тайлан”-гаас харахад алтны нийлүүлэлтийн сүлжээнд тэдний оролцоо цаашид нэмэгдэх хандлагатай байна. Учир нь, бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орж, хоршоо нөхөрлөлийн зарчмаар ажиллах болсноор тэдний амьжиргаа, амьдрах орчин дээшилж, осол гэмтэлийн тоо ч буурч эхэлсэн байна. Улсын хэмжээнд 11 мянга гаруй иргэн бичил уурхайн үйл ажиллагаанд оролцож байгаагаас 9596 иргэн дээрх судалгаанд хамрагджээ. Судалгааны тайлангаас үзэхэд, бичил уурхай олборлолтын үндсэн үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн тоо зургаан мянга дөхжээ.

Бичил уурхайчдын үйл ажиллагаа 18 аймгийн 53 сумыг хамарч байна. Судалгаа 2016 оны тоон үзүүлэлтэд түшиглэжээ. 30 гаруй мянгаар хэмжигдэж байсан тэдний тоо хоёр дахин багассан ч бүртгэлгүй нинжа хэлбэрээр ажилладаг иргэд цөөнгүй байна. Өөрөөр хэлбэл, манай улсад бичил уурхай албан бус байсаар амь бөхтэй оршсоор байна. Ихэнх бичил уурхайчид хуулийн дагуу олгогдсон газаргүй тул хувиараа ашигт малтмал олборлогч гэсэн статустай. Дийлэнх нь энэ байдлаас үүдэн алтаа хууль бус газраас олборлодог тул гарал үүслийг нь тодорхойлж, борлуулах боломж байхгүй байна. Үүнийг дагаад алтны худалдаанд томоохон байр суурь эзэлдэг ченжүүдийн үйл ажиллагаа ч албан бус. Тэд албан ёсны үйл ажиллагаа явуулах бололцоо ч хумигдмал байгаа юм. Бичил уурхайн асуудал Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан. Ингэснээр тэдний эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагдах үзүүлэлт нэмэгдсэн байдаг. Мөн бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноор орон нутгийн удирдлага болон уул уурхайн компаниудын хамтын ажиллагаанд ахиц дэвшил гарсан гэдгийг уг судалгааны тайланд дурджээ. Сэлэнгэ, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговь аймагт бичил уурхайчдын олонх нь төвлөрч байна. Тус салбарт 2005 оноос “Тогтвортой бичил уурхай” төсөл хэрэгжиж эхэлсэн.

Бичил уурхайчдын 70 хувь нь алт олборлодог

Ингэснээр төслийн үр шимийг бичил уурхай эрхэлж буй 60 гаруй мянган иргэн болон тэдний гэр бүлийнхэн хүртжээ. Төслийн хүрээнд мөнгөн усгүй, байгаль орчинд хал багатай хүдэр боловсруулах технологи нэвтрүүлсний үр дүнд улсын хэмжээнд хоёр цех албан ёсоор үйл ажиллагаа эрхэлж байна. Уг дэвшилтэт технологийг Говь- Алтай аймагт байгуулахаар төлөвлөж байгааг орон нутгийн зүгээс мэдээлсэн юм. Тэрчлэн орон нутгийн төсөвт тодорхой хэмжээний төлбөр, татвар, хураамжийг төвлөрүүлэх болсон байна. Монголбанкны зүгээс алт тушаалтыг дэмжих зорилгоор “Алт” аяныг өнгөрсөн онд хэрэгжүүлсэн. Тэгвэл энэ онд “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газар хамтран Баянхонгор, Дархан аймагт Сорьцын нэг цэгийн үйлчилгээний төв нээхээр төлөвлөж байна. Ингэснээр бичил уурхай эрхлэгчдэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэх юм.

Тэгвэл алтны арвин их нөөцтэй дэлхийн томоохон төв банкууд алтны худалдааг шилэн болгох, тус салбарт ажиллаж буй бичил уурхайчдыг албажуулах санаачилгад нэгдэх болжээ. Дэлхийн алтны эрэлтийг үнэт эдлэл, технологи, аж үйлдвэр, хөрөнгө оруулалт, төв банк гэсэн дөрвөн үндсэн хэсэгт ангилдаг. Эдгээрээс дийлэнх хэсгийг үнэт эдлэл, хөрөнгө оруулалтын зориулалттай алтны эрэлт эзэлж байна. Технологийн салбар дахь алтны эрэлт 2016 оныг хүртэл уруудсан бол 2017 оноос сэргэж эхэлсэн. Өндөр технологийн үйлдвэрлэлд алтны эрэлт хэрэгцээ нэмэгдэж буй. Электрон барааны үйлдвэрлэлд ч технологийн алтны 70-80 хувийг ашиглаж байгаа аж. Ингэснээр алтны ханш өндөр байгаа юм. Үүнээс улбаалан электроник бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, хөгжүүлдэг компаниуд нь алтыг орлох, хямд, өөр төрлийн материал олохоор зорьж байна.

Эх сурвалж: засгийн газрын мэдээ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж