“Утаагүй Улаанбаатар-2“ чуулган утааны эсрэг шийдэл хайв

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

“Утаагүй Улаанбаатар-2“ чуулган утааны эсрэг шийдэл хайв

“Утаагүй Улаанбаатар-2“ чуулган утааны эсрэг шийдэл хайв

 

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаанд дурдсанаар нийслэл  хотын агаарын бохирдлыг бууруулж чадахгүй бол хүүхдийн өвчлөлийн анагаах зардал 2025 он гэхэд 33 хувиар нэмэгдэх тооцоо гарчээ. Энэ оны нэгдүгээр сарын 30-ны байдлаар Нийслэл хотын баруун 4 зам орчимд нарийн ширхэглэгт тоосонцор буюу PM 2.5-ын хэмжээ 3320 мкг м3 хүрсэн талаар Монгол дахь НҮБ-ийн хүүхдийн сан мэдээлсэн. Энэ нь ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн стандартаас 133 дахин их үзүүлэлт байна.


Иймд агаарын агаарын бохирдлыг бууруулахын тулд “Блумберг ТВ Монголиа” телевиз НЗДТГ-тай хамтран “Утаагүй Улаанбаатар” цуврал форумыг өнөөдөр /2018.02.28/ дахин зохион байгууллаа.

Энэ удаагийн форумд нийт 200 гаруй оролцогчдын хүрээнд зохион байгуулагдсан ба агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлж буй тодорхой арга шийдлүүдийг хэлэлцлээ. Форумд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Гэр хорооллын дэд бүтцийн дарга Ч.Батбилэг, Агаарын бохирдлыг бууруулах газрын дарга Б.Цацрал тэргүүтэй хүмүүс оролцлоо.

Энэ үеэр утааг бууруулах хамгийн үр дүнтэй арга нь гэр хорооллын иргэдийг орон сууцанд оруулах хийгээд дэд бүтцийн асуудлыг сайжруулах, мөн түүхий нүүрсний хэрэглээг багасгаж түүнийг орлох сайжруулсан түлш боловсруулах шаардлагатай гэж үзэв. Үүнээс агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн хамгийн үр дүнтэй арга бол гэр хорооллын иргэдийг хямд өртөгтэй орон сууцанд хамруулах нь чухал гэв. Мөн нийслэлд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт агаарын бохирдолтой тэмцэх хэлтэс байгуулахаар ярилцаж байгааг дуулгав.

2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд 5200 гаруй өрхийн орон сууцыг барьж ашиглалтад оруулсан талаар Гэр хорооллын дэд бүтцээс мэдээлсэн юм. Тэгвэл энэ онд дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд 2000 орчим өрхийг орон сууцанд оруулах төлөвтэй байгаа гэдгийг хэлж байлаа. 

Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар Улаанбаатар хотод 380 гаруй мянган өрх амьдарч байгаагаас 43 хувь буюу 164 мянган айл орон сууцанд амьдарч байна. Үлдсэн 57 хувь буюу 216 мянган өрх нь гэр хороололд амьдарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн хүн амын 60 хувь нь инженерийн дэд бүтцийн хангамжгүй, олон улсын жишигт үл нийцэх орон сууцанд амьдарч байгаа тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Түүнчлэн ипотекийн зээлийн урьдчилгааг таван хувиар бууруулж 25 хувь болгох саналыг БХБЯ, Сангийн яам, Монголбанкны төлөөлөл оролцсон ажлын хэсэг гаргаад байгаа юм. Иймээс ипотекийн зээлийн санхүүжилтийг үргэлжлүүлэх, үүний тулд төр хувийн хэвшил хамтран ажиллах ёстой гэж бизнесийн төлөөллүүд дүгнэлээ.

Форумд оролцогчид зөвхөн утааны улиралд энэ асуудлыг анхаарах бус бусад үед нь мартах ёсгүй гэж дүгнэж байна.

 

– Форумын бичлэг –

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж