Агаарын бохирдлоос хэрхэн хүүхдээ хамгаалах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.02.28-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлоос хэрхэн хүүхдээ хамгаалах вэ?

Агаарын бохирдлоос хэрхэн хүүхдээ хамгаалах вэ?

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Аюулын харанга: Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” судалгааны дүнг хоёрдугаар сарын 22-ны өдөр олон нийтэд танилцуулсан билээ. Энэ судалгаа нь таван хэсэгтэй.

News агентлаг “Эрүүл мэнд” булангийн энэ удаагийн дугаарт  "Агаарын бохирдолын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулах арга хэмжээ" зөвлөгөөг хүргэж байна. 


Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрт /АОББҮХ/ тусгагдсан Улаанбаатарт агаарын бохирдлыг бууруулах зорилгоор одоогоор боловсруулаад байгаа хөтөлбөр, төлөвлөгөөнөөс харахад агаарын чанарыг дунд хугацаанд л дорвитой бууруулах боломжтой гэж дүгнэгдэхээр байна. Гэтэл тэр хугацаанд олон мянган хүүхдүүд болон жирэмсэн эхчүүд өндөр эрсдэлд дунд амьдарч байна. Тиймээс төр засаг болон бусад холбогдох байгууллагуудын зүгээс хүүхдийн эрүүл мэнд, жирэмсэн эхчүүдийг хамгаалах арга хэмжээнүүдийг боломжийн хэрээр нэн яаралтай авах нь чухал байна. 

АОББҮХ-ийг хэрэгжүүлж байх хооронд хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын хортой үр нөлөөг богино хугацаанд бууруулж болох хэд хэдэн арга хэмжээг санал болгож байна. 

1.Олон нийтийн мэдлэг дээшлүүлэх аян өрнүүлэх 

Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаар олон нийтэд анхааруулан сануулах явдал нэмэгдэж байгаа хэдий ч, эрүүл мэндэд учруулах эрсдэл, мөн эдгээр эрсдэлийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх хэрэгцээ их байгаа бөгөөд энэ чиглэлээр олон зүйл хийх боломжтой байна. Тиймээс олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх олон жилийн аяныг боловсруулж хэрэгжүүлэхийн зөвлөж байна. Ийм аяны хүрээнд хамгийн багадаа дараах санаа, мэдлэгийг түгээх хэрэгтэй. Үүнд: 

  • Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг тайлбарлах, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдэд голлон анхаарах 
  • Амны хаалтын зөв хэрэглээ, ач тус, мөн эрсдэл 
  • Халаалтад цэвэр технологи, түлш ашиглах, дулаалга, тусгаарлалтыг сайжруулах 
  • Пневмоккокийн вакцинаар хүүхдийг вакцинжуулахын ач холбогдол 
  • Бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эрт таних эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж 
  • Нярай хүүхдийг эхийн сүүгээр хооллох, хүүхдийг эрүүл хооллох зуршилтай болгох нь хүүхдийн эрүүл мэндэд ямар ач тустай болох тухай 
  • Ургийн өсөлтийг тогтмол хянаж, жирэмсэн байхдаа агаарын бохирдолд өртөхгүй байх нь ямар чухал болохыг жирэмсэн эмэгтэйчүүд болон нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудад тайлбарлах

Уг аяныг улам бэхжүүлэх үүднээс хүүхдийн эрүүл мэнд, жирэмслэлт, агаарын бохирдлын тухай баримт, нотолгоо үргэлжлүүлэн хуримтлуулах нь чухал.
Уг кампанит ажлын зорилтот бүлэг нь 5-18 насны хүүхдүүд, 5-аас доош насны хүүхдийн эцэх эх, жирэмсэн эмэгтэйчүүд байх юм. Онилох хүний тоо (5-

аас доош насны хүүхдийн эцэг эхийн нэг нь, мөн Улаанбаатар хотод тухайн жилийн өвөл нь жирэмсэн байх эмэгтэйчүүд дунджаар 31,000 гэж үзээд) 440,000 хүн болно. 

2.Пневмококкийн вакциныг Улаанбаатарт хийх 

PCV13 вакцин нь агаарын бохирдолд өртсөн хүүхдүүдэд шууд эерэг нөлөө үзүүлэх юм, учир нь S. pneumoniae буюу пневмококкийн үүсгэдэг түргэн явцтай уушгины өвчлөл (IPD), уушгины үрэвсэл ба дунд чихний цочмог идээд үрэвсэл (AOM) зэрэг өвчлөлөөс хамгаалдаг. ДЭМБ- ын зөвлөмжийн дагуу, Монгол Улсын Засгийн газар тус вакциныг Дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрт оруулж, 2+1 хуваариар (2, 4, 9 сартайд анхан шатны 3 тун, нэмэлт тунгүйгээр) хийх төлөвлөгөөтэй байна.

Саяхан уг вакциныг нэвтрүүлэх зардлыг 2018 оны төсөвт суулгаж өгсөн нь агаарын бохирдлын үр нөлөөг бууруулах нэг арга хэмжээ болсон. Гэхдээ, PCV13 нь Дархлаажуулалтын үндэсний товлолд багтаагүй байгаа. ЭМЯ тус вакциныг хүүхдүүдийн заавал хамрагдах ёстой товлолт вакцинд оруулж, улмаар Дархлаажуулалтын Хөтөлбөрийн төсөвт багтааж өгөх нь нэн чухал юм.

Ингэснээр ирэх жилүүдэд вакциныг үргэлжлүүлэн хийх боломжтой болно.

3.Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн дотоод агаарын чанарыг сайжруулах 

Хүүхдүүд цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг байгууллагад нэлээд цаг өнгөрүүлдэг. Хотод орчны агаарын бохирдол өндөр байгаа тул эдгээр байгууллагуудын дотоод агаарын бохирдлын түвшин ч өндөр байгаа нь ойлгомжтой юм. Эдгээр байгууллагуудын дотоод агаарын чанарыг сайжруулах талаар нэгдсэн арга хэмжээ авах нь тулгамдсан, зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал болоод байна. Ингэснээр хүүхдүүд агаарын бохирдолд өртөх тохиолдлыг эрс бууруулж улмаар агаарын бохирдолтой холбоотой эрүүл мэндэд нь хүндрэл гарах магадлал буурах юм. Улсын барилга байгууламж, нэн ялангуяа хуучны барилгуудад агаарын бохирдолтой холбоотой нийтлэг дараах хүндрэл байдаг. Жишээлбэл: 

  • Барилгын дулаалга муу; 
  • Халаалтын системд тохиргоо байдаггүй, дотор халуун болмогц хүмүүс цонх онгойлгодог; 
  • Үүний үр дүнд, хүйтний улиралд их хэмжээний бохирдолтой агаар дотогш орж ирдэг. Иймд агаар цэвэршүүлэгч суурилуулснаар дотор агаарын чанарыг Монголын стандартыг хангахуйц хэмжээнд хүргэж чадах эсэх нь эргэлзээтэй байна; 
  • Нэн ялангуяа хуучин барилгууд дулаалга, битүүмжлэл муу байдаг. Өөрийн бойлер, уурын зуух ашигладаг барилгууд нүүрс их хэмжээгээр түлж барилга болон ойр орчимд нь агаарын бохирдол үүсгэдэг; 
  • Барилга байгууламж нэг дор бөөгнөрсөн байдаг нь мөн дотор агаарын чанар муудахад нөлөөлдөг.

Зөвлөмж: 

  • Цэцэрлэг, сургууль, эмнэлэг дэх дотоод агаарын бохирдлын хэмжилт, үнэлгээг яаралтай хийх; 
  • Одоогийн болон цаашид баригдах цэцэрлэг, сургууль, эмнэлэг дэх дотоод агаарын чанарыг удирдах нэгдсэн аргачлал боловсруулж турших; 
  • Туршилтын арга хэмжээнүүдэд мониторинг хийж дотоод агаарын чанар, мөн хичээлийн ирц гэх мэт хүүхдүүдийн холбоотой үзүүлэлтүүдийг хянаж ажиглалт хийх; 
  • Туршилтын шатны гүйцэтгэл сайн байвал цэцэрлэг, сургууль, эмнэлэгт дотор агаарын чанарын нэгдсэн удирдлага менежмент хийх цогц аргачлал нэвтрүүлэхэд шаардлагатай зардлын тооцооллыг хийж, нэвтрүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй бөгөөд агаарын бохирдолд хамгийн ихээр өртсөн байгууламжуудыг тэргүүн ээлжид чухалчлан үзэх хэрэгтэй. Үүнд төрийн албан хаагчид болон барилга байгууламжийн хэрэглэгч нарын чадавхыг дээшлүүлэх зардал тусгагдсан байх ёстой.
  • Улсаас цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихаар төлөвлөхдөө барилгын дулаалга, тусгаарлагчийн зардал, мөн дотоод агаарын чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх зардлыг хөрөнгийн зардлыг төсөвт суулгаж тооцох хэрэгтэй. 

4.Хүйтний улиралд амны хаалт ашиглах 

Улаанбаатар хотын захиргаанаас оршин суугчдад амны хаалт тараах ажлыг хэдийнээ эхлүүлээд байна. Мөн төлбөрийн чадвартай иргэд амны хаалт худалдан авч гадуур гарахдаа хэрэглэснээр PM2.5 тоосонцорт өртөх эрсдэлийг бууруулж байна. Амны хаалт үр нөлөөтэйг нотлох баримт бүрэн гүйцэд биш гэдгийг онцлон тэмдэглэх нь чухал.

Амны хаалт ашиглах нь ач тустайг нотолсон судалгаанууд байгаа хэдий ч хүндрэл, сул тал ч мөн байна. Саяхан хийсэн судалгаанд зөвхөн зөв зүүсэн нөхцөлд N95/N99 амны хаалт PM2.5 тоосонцроос үр дүнтэй хамгаалдаг гэжээ. Цаашилбал, эдгээр амны хаалтууд нь зөвхөн агаар дахь тоосонцрыг шүүдэг, харин хортой хийг шүүж чаддаггүй. Цусанд шууд орж, магадгүй эхэсийг нэвтрэх ч чадвартай байж болох учир хамгийн хор хөнөөлтэй нэн нарийн ширхэгт (PM < 0.1) тоосонцроос амны хаалт хамгаалах чадвартай эсэх нь тодорхойгүй байна.

Үүнээс гадна, зарим талаар амны хаалт нь эсрэг үр дүнд хүргэх магадлалтай гэж Пелтиер дурдсан байна. Учир нь ‘хорт бодисоос хамгаалагдсан гэж бодсон хэрэглэгчид байгаль орчны бохирдол өндөр газраас зайлсхийхгүй байх магадлалтай’ гэжээ. Амны хаалтын үр нөлөөний талаарх хэлэлцүүлэг өрнөх зуур судлаачид хэрэв амны хаалт үр дүнтэй юм бол ийнхүү үр дүнтэй байлгахын тулд түүнийг зөв зүүж, амьсгалж буй бүх агаар шүүлтүүрээр дамжих ёстой гэдэг дээр бүгд санал нийлж байна.

Зөвлөмж

  • Гадаад орчны агаарын бохирдлын хор нөлөөг бууруулах үүднээс ямар арга хэмжээ авч болох тухай, үүнд сайн чанарын, өөрт сайн таарсан амны хаалтыг хэрэглэх тухай зөвлөмжийг боловсруулж иргэдэд тараах; 
  • Агаарын бохирдол хамгийн өндөр байдаг хорооллуудын эмзэг бүлгийн иргэдэд амны хаалтыг үнэ төлбөргүй тараах асуудлыг бодолцож үзэх; 
  • Амны хаалт үр дүнтэй эсэхэд үнэлэлт дүгнэлтийг яаралтай хийх хэрэгтэй. 

5.Үнэлэх шаардлагатай бусад арга хэмжээ

2017 онд хийсэн ярилцлагуудын үеэр оролцогч талууд өөр хэд хэдэн арга хэмжээг санал болгож байсан: 

Жирэмсний багц нэвтрүүлэх

Шинжлэх ухааны номзүйгээс үзэхэд бойжиж буй ураг болон бага насны хүүхдүүд агаарын бохирдлын хорт бодист илүү өртөмтгий байдаг.

Үнэхээр, жирэмсэн байхад эх нь агаарын бохирдолд өртсөний улмаас ‘хүүхдийн жин бага, хэмжээ бага, хугацаанаас өмнө төрөх, амьгүй төрөх’ зэрэг тохиолдол гардаг, жирэмсэн байхад эх нь агаарын бохирдолд их хэмжээгээр өртөх нь хүүхдийн оюун санааны эрүүл мэндэд нөлөөлдөг гэсэн судалгаанууд ч байна.

Тухайлбал, анхаарлын дутагдал, хэт идэвхтэй байдлын эмгэг (ADHD), сэтгэл зовнил, сэтгэл гутрал, анхаарал төвлөрч чадахгүй, зан төлөвийн согогтой болоход нөлөөлдөг. Эдгээр нь хүүхэд өөрийн зан үйлийг зохицуулах, нийгэмших чадварт сөрөг үр дагавар үзүүлдэг. Улаанбаатар хотын агаарын бохирдол жирэмсэн эмэгтэйчүүдийн, нэн ялангуяа төрөхийн өмнөх ба дараах үед хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн сөрөг нөлөө үзүүлж байх магадлалтай. Улаанбаатар хотын ядуу өрхийн жирэмсэн эмэгтэйчүүдэд ХЕПА агаар цэвэршүүлэгч, агаарын чанар шалгах төхөөрөмж, шаардлага хангасан амны хаалт, хүүхдийн хөгжлийн чухал үе шатанд тэдгээрийн агаарын бохирдлын хор уршигт өртөхгүй байх тухай заавар, гарын авлага бүхий жирэмсний багц нэвтрүүлж тараах асуудлыг судалж үзэх хэрэгтэй. Ийм арга хэмжээ нь хэрэгжих боломжтой, цаашид тогтвортой байх боломжтой эсэх, мөн эерэг үр нөлөө үзүүлж чадах эсэх асуудлыг гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. 

Үнэгүй эм үргэлжлүүлэн олгох

2016/2017 оны өвлийн саруудад Монгол Улсын Засгийн газраас амьсгалын замын өвчлөлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй эм олгосон. Ярилцлагад оролцсон талууд уг арга хэмжээг талархан хүлээн авсан хэдий ч цаашид тогтвортой хэрэгжих боломжтой, тохиромжтой эсэх тухайд саналаа илэрхийлж байсан. Уг арга хэмжээ зарим сул талтай байсан бөгөөд төдийлөн амжилтад хүрч чадаагүй. Цаг хугацааны хувьд оновчтой байдал, үргэлжилсэн хугацаа, тогтвортой үргэлжлэх боломж, сонгосон эмийн чанар, тохирсон эсэх, багцад орсон эмийг тэгш хүртэх боломж, өвчтөнүүдэд олгосон жорын хяналт зэрэг олон асуудал байсан талаар дурдаж байлаа. Улмаар ярилцлагад оролцогчид уг арга хэмжээний дизайн, хэрэгжүүлэх механизмыг сайжруулж чадсан нөхцөлд дахин хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дэмжиж байв.

Үнэгүй олгох эмийн жагсаалтын тохиромжтой эсэх, мөн чанарыг дахин баталгаажуулах шаардлагатай; үнэгүй эм олгодог эмийн сангийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй; мөн хэн тэр эмийг авч байгаад хяналт тавих шаардлагатай аж.

Иймд, уг арга хэмжээний зардлын үр ашигтай байдалд дүн шинжилгээ хийж, мөн 2016/2017 онд тулгарсан хүндрэл, бэрхшээлийг арилгах бодит зөвлөмжийг боловсруулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Эм нь чанарын шаардлага хангасан, мөн ДЭМБ-аас нэвтрүүлсэн Хүүхдийн өвчний цогц удирдлагын стандартыг хангасан нөхцөлд уг арга хэмжээ нь вакцинжуулалтын арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлбэл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тохиолдлыг бууруулах боломжтой юм.

Эмнэлзүйн удирдамжийг системтэйгээр сайжруулах 

ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн ярилцлагын үеэр эмнэлзүйн удирдамжийг системтэйгээр сайжруулах хэрэгцээ байгааг дурдаж байсан. Одоогоор батлагдсан удирдамжууд мөрдөгдөхгүй байгаа юм. Үүний үр дүнд жишээлбэл хэрэгцээ шаардлагагүй байхад антибиотик уух заавар өгөх тохиолдол нэмэгдэж байна, энэ нь дунд хугацаанд тухайн эмийн үйлчлэлийг бууруулж болзошгүй юм. Эмнэлзүйн удирдамжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг судалж дүн шинжилгээг гүнзгийрүүлэн хийхийг зөвлөж байна. Цаашилбал, агаарын бохирдлын үр нөлөөнд өртсөн хүүхдүүдэд эрүүл мэндийн байгууллагууд зохих бөгөөд үнийн хувьд тохиромжтой асрамж үйлчилгээ үзүүлж чадаж байгаа эсэхэд үнэлгээ өгч, олон нийтийн эрүүл мэндийн ажилтнуудыг агаарын бохирдлын өндөр түвшинд төрөхийн өмнөх, дөнгөж төрсөн ба төрсний дараах шатанд хүүхдэд зохих асрамж үйлчилгээ үзүүлэх талаар сургах шаардлагатай байна.

Эх сурвалж: "АЮУЛЫН ХАРАНГА: АГААРЫН БОХИРДОЛ БА ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД"СУДАЛГАА
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж