Өвлийн олимпийн наадмын төгсгөлд Хойд Солонгос АНУ-д хэлэлцээ хийх хүсэлтээ илэрхийлсэн нь энэхүү наадмын улс төрийн зорилго тодорхой болсон билээ.
Хаалтын ёслолын маргааш нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын хүсэлтийн хариуд нааштай хариу өгсөн. Даваа гаригт (2017.02.26) Цагаан ордонд мужийн захирагч нартай уулзалт хийх үеэр Дональд Трамп “Бидэнд ч бас Хойд Солонгостой хэлэлцээ явуулах сонирхол бий” хэмээсэн юм. “Гэхдээ зөвхөн тодорхой нөхцөлтэйгээр. Бидний нөхцлийг зөвшөөрөхгүй бол ямар ч хэлэлцээ болохгүй” хэмээн тэр дор нь залруулан хэлсэн байна.
Гэвч Трампын дээрх мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа хэлэлцээнд саад учруулж болзошгүй нэгэн явдал болсон нь АНУ-ын Засаг захиргааны Хойд Солонгосын асуудлаар мэргэшсэн, туршлагатай дипломатч Жозеф Юн ажлаа орхих болсноо мэдэгдсэн юм.
Хойд Солонгосын асуудал хариуцсан АНУ-ын шилдэг дипломатч Юн Хойд Солонгосын хорих ангид хоригдож байсан америк оюутан Отто Уомблерыг Хойд Солонгосоос шилжүүлэн авах хэлэлцээг явуулсан. Гэвч комд орсон Отто Уомблер эх орондоо очоод хэдхэн хоногийн дараа нас барсан билээ. Жозеф Юн Хойд Солонгосын цөмийн хямралыг цэрэг зэвсгийн хүчээр биш, яриа хэлэлцээрийн аргаар шийдэхийг илүүд үзэж байв.
Хойд Солонгос, АНУ –ын хооронд хэлэлцээ явуулах сураг гарсан үед Юн гэнэт тэтгэвэртээ суухаар шийдсэнд олон хүн гайхаж байгаа аж. Юн ямар учраас гэнэт тэтгэвэртээ гарах болсон тухай тайлбарлаагүй боловч Трампын Засаг захиргааны хэвлэлийн төлөөлөгч “Жозеф Юн хувийн шалтгаанаар тэтгэвэртээ гарахаар болсон” гэж мэдэгдсэн.
Сөүлийн “Kookmin” их сургуулийн Хойд Солонгос судлаач Андрей Ланков Жозеф Юн тэтгэвэртээ гарах болсныг туйлын харамсалтай мэдээ хэмээжээ. Олон улсын яриа хэлэлцээнүүдэд Юн хүлээн зөвшөөрөгдсөн хүн” гэжээ.
Өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд Дональд Трамп, Ким Жон Ун хоёр Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хурцатгаж, АНУ, Хойд Солонгосын эртний таагүй харилцааг улам дордуулснаар дайн дэгдээхэд ойрхон байсан.
Өвлийн олимпт 22 тамирчин, хөгжөөн дэмжигч, бүжигчдээ илгээсэн Хойд Солонгос өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш цөмийн туршилтаа зогсоосон нь Солонгосын хойгт хямрал намжих найдвар төрүүлж байгаа билээ.
Хэдийгээр АНУ болон Хойд Солонгос аль алин нь яриа хэлэлцээ явуулах хүсэлтээ илэрхийлсэн ч үнэн хэрэгтээ алин нь ч хэлэлцээ хийх сонирхолгүй байгаа нь тодорхой байна.
Олон улсын стратегийн судалгааны төвийн Номхон далайн форумын захирал Ральф Коса хэлэхдээ “Солонгосууд АНУ-тай яриа хэлэлцээ явуулна гэж байнга ярьдаг ч цөмийн зэвсэгтэй орнуудын түвшинд яриа хэлэлцээ явуулах сонирхолтой байдаг. Харин АНУ Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө зогсоосон тохиолдолд хэлэлцээний ширээний ард сууна гэдэг болзол тавьдаг. Тиймээс хоёр тал яриа хэлэлцээ явуулах сонирхолтой ч тэдний яриа нийлэхгүй байгаа юм” хэмээжээ.
Пёнчан 2018 өвлийн олимпийн наадмын үеэр АНУ-ын төлөөлөгчдийн ахлагч дэд ерөнхийлөгч Майз Пэнс Хойд Солонгосын Засгийн газрын төлөөлөгчидтэй нууц уулзалт хийхээр төлөвлөж байсан ч Хойд Солонгосын тал сүүлийн мөчид татгалзсан хариу өгсөн аж.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөтөлбөрийн эсрэг хоригуудаа улам чангатгаж байгаа ч хориг арга хэмжээг хэрэгжүүлэх үйл явц учир дутагдалтай байгааг хэлж байгаа.
Японы Гадаад харилцааны яамнаас саяхан тус улсын цэргийн онгоц Хойд Солонгос болон Мальдивийн далбаатай хөлөг онгоцууд хориотой тээвэрлэлт явуулж байсныг тогтоосон талаар мэдээлсэн.
Гэхдээ Пхеньян тодорхой нөхцөл тавьж, энхтайваны замаар цөмийн зэвсэг боловсронгуй болгох хөтөлбөрөө зогсоож магадгүй гэж зарим шинжээчид таамаглаж байна.
Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй болсноор улс орноо батлан хамгаалах хүч, чадалтай болно гэдэгт итгэдэг. Гэхдээ Пхеньяныг цөмийн хөтөлбөрөө зогсоолоо гэхэд тус улсын аюулгүй байдлыг батлан хамгаалах баталгааг ямар ч улс өгч чадахгүй гэдгээс солонгосчууд эмээж байгаа билээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгостой яриа хэлэлцээ явуулах “тодорхой нөхцөл”-ийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаагүй ч Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс хэлэхдээ “Яриа хэлэлцээний эцсийн зорилго нь Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох гэдгийг дахин хэлье. Тэр болтол АНУ болон дэлхийн улс орнууд цөмийн хөтөлбөр болон пуужингийн туршилтыг зогсоохын төлөө тэмцэнэ” гэсэн юм.
Энэ зуур Хойд болон Өмнөд Солонгосын хооронд яриа хэлэлцээ явуулах оролдлогууд үргэлжилж байгаа билээ. Өчигдөр (2017/02.27) Хойд Солонгосын төлөөлөгчдийн ахлагч Ким Ён Чол Солонгосын Нэгдлийн төлөөх сайд Чо Мён Гён болон Өмнөд Солонгосын Тагнуулын газрын дарга Су Хун нартай өглөөний цай зооглосон аж. Талууд Солонгосын хойгт энхтайван тогтоож, харилцаагаа сайжруулахад хамтран ажиллахаа мэдэгдсэн.
Ажиглагчдын хэлж буйгаар иймэрхүү уулзалтууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсооход нөлөөлж чадахгүй ч Солонгосын дайнаар хагацаж салсан ах дүү, амраг садангуудыг уулзуулах арга хэмжээг зохион байгуулах ажээ.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин Хойд Солонгосын удирдагчийн тус улсад айлчлах урилгын хүлээн авсан. Мунийг Пхеньянд айлчлахдаа АНУ болон Хойд Солонгосын хэлэлцээний зуучлагч болж магадгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм.