УИХ-ын дарга М.Энхболд шинэ оны айлчлалаа Туркээс эхлүүлэх бол У.Хүрэлсүхийн хоёр дахь айлчлал Бээжинд товлогджээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүх анхны гадаад айлчлалаа Өмнөд Солонгост хийсэн бөгөөд бас ч үгүй ганзага хоосонгүй ирсэн юм. Ардын засгийн тэргүүнд БНСУ 700 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амалж, уг мөнгөөр утааны эсрэг тэмцэх шийдвэрээ ч У.Хүрэлсүх аль хэзээний гаргасан.
Ирэх дөрөвдүгээр сарын 10-13-ны хооронд Бээжинд 72 цаг саатах Ерөнхий сайдын айлчлал гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хөрш орнуудын анхаарлын төвд байна. Ялангуяа өнгөрсөн онд явагдсан Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш монголчуудад тааламж муутай байгаа Бээжинтэй стратегийн иж бүрэн түншлэлээ өргөжүүлж чадах эсэх нь Ерөнхий сайдын хоёр дахь гадаад айлчлалын үр дүнтэй шууд холбоотой билээ.
Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хоёр улс уул уурхай, зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээ, хэлцэлд гарын үсэг зурна гэсэн мэдээлэл эдийн засагт багагүй хүлээлт үүсгээд байна.
Урд хөршийн удирдагч 2014 оны наймдугаар сард Монголд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын тусламжийг манай улсад өгөхөө амалснаас хойш дөрвөн жил өнгөрсөн. Хэрэвзээ У.Хүрэлсүх Бээжинтэй ойлголцож чадвал, Энэтхэгийн нэг тэрбум, Өмнөд Солонгосын 700 сая, дээр нь Хятадын нэг тэрбум гээд дотогшлох ам.долларын амсар улам нээгдэнэ гэсэн үг.
Гэхдээ “Монголчууд та нар ярьсан хэлсэндээ байдаггүй” гэх үгээ Бээжин сануулж магадгүй юм. Учир нь, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Бээжинд айлчлахдаа нэг тэрбум ам.долларын нүүрс экспортлох яриа хийж, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Си Жиньпиний амалсан нэг тэрбум ам.доллараар Эгийн голын цахилгаан станц барихаа зарлаж байснаас хойш юу ч хөдөлж, юу ч өөрчлөгдөөгүй.
Харин улс төрд өч төчнөөн үйл явдал уйдаахааргүй өрнөж байна. Бээжинд айлчилсан Ерөнхий сайд болгон Тавантолгойг хөдөлгөх, төмөр замын төслүүдээ хамтарч хэрэгжүүлэх аман болоод албан яриа хэлцэл, гэрээ санамж байгуулдаг нь ёс юм шиг болсон. Энэ удаад харин У.Хүрэлсүх Бээжинтэй гар барих уу, Ерөнхийлөгчтэй гараа тавих уу гэдгээс Тавантолгой төслийн хувь заяа шийдэгдэнэ гээд хэлчихвэл бодит байдлаас хол зөрөхгүй биз ээ. Өнгөрсөн зургаан жил Монголын төмөр замыг гацаасан ганц дайчин нь Монгол Улсын Ерөнхийлөгч өөрөө.
Хэрэвзээ бид “Монгол ялна” гэсэн сонгуулийн хийрхлээсээ салж чадахгүй бол Бээжинтэй хичнээн гэрээ хэлцэл байгуулаад ч үр дүн муутай байх болов уу.
Урд хөршид айлчлахаар тов нь зарлагдсан Ерөнхий сайд Тавантолгой төслийг цогцоор нь хөдөлгөнө гэдгээ нэгэнтээ амалсан. Гэхдээ энэ нь түүнээс ч, Бээжингээс ч, УИХ-аас ч шалтгаалахгүй. Ч.Сайханбилэг Тавантолгой төслийг УИХ-аар хэлэлцүүлдгийн даваан дээр гэрээ зурахаар үзгээ өвөртлөөд ирсэн хөрөнгө оруулагчдыг баярлуулан гомдоосон явдал бий. Тавантолгойг гацааснаа баяртайгаар зарлаж байсан улстөрчид өдгөө Ерөнхийлөгчийн гал тогоог барьж, зөвлөж байгаа тохиолдолд Бээжингийн өмнө бас дахиад нүүрээ ширлүүлж магадгүй л юм.
Уул уурхай, зам тээврийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулна гэдэг чухамдаа Тавантолгойг хамтран хөдөлгөх асуудал л яригдана гэсэн үг. Ингэвэл Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй атгалцсан гараа тавих болно. Гол нь улс орны эрх ашгийг хувийн эрх ашгийнхаа дээр тавьж чадвал шүү дээ !