Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэн УИХ 2017 оны тавдугаар сард нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр нарыг дэмжин баталсан. Элчин сайдуудын агреман нь ирсэн ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм. Мөн Тагнуулын ерөнхий газрын /ТЕГ/ дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох асуудлыг УИХ-аас дэмжсэн билээ.
Тэгвэл дээрх асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад өнгөрсөн оны сүүлээр албан бичиг явуулсан байдаг. Тэрбээр “Элчин сайдаар ажиллахаар болсон нэр дэвшигчид тухайн албыг хаших насны шалгуурыг хангаагүй, тэднийг томилохдоо төрийн албаны мерит зарчмыг зөрчсөн болон Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” орнуудад суух Элчин сайдын өндөр хариуцлагатай албыг зохих түвшинд хашиж чадахгүй” гэж үзсэн юм. Иймд тэднийг тохоон томилох тухай зарлиг болон Итгэмжлэх жуух бичгийг гаргах боломжгүй гэсэн юм. Үүнээс гадна ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилж явуулах боломжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.
Түүнчлэн Монгол Улсаас Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр, Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан нарыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-д хандсан байгаа. Элчин сайд С.Баяр нутагтаа бүрмөсөн буцах өргөдлөө өгснийг Засгийн газрын 2017 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бол Элчин сайд М.Энхсайханыг өнөөг хүртэл эгүүлэн татах асуудлыг УИХ хэлэлцээгүй байна. Иймд эл асуудалд анхаарахын сацуу дээр дурдагдсан дөрвөн улсад суух Элчин сайдад томилуулах хүмүүсийн нэрсийг холбогдох хуулийн дагуу ойрын үед шинээр санал болгоно уу гэсэн юм.
Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ‘Элчин сайд нартай холбоотой хэд хэдэн асуудал бий. Ярилцах хэрэгтэй. Энэ нь зогсохгүй үргэлжилдэг үйл явц шүү дээ. Энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-тай байнга ярилцана. Ерөнхийлөгчийн шийдэх ч асуудлууд бий’ гэдэг хариултыг өгч байгаа юм.
Ё.Отгонбаяр, Н.Чимгүүндарь, Г.Тэнгэр нарын агреман нь тус бүр ирчихсэн учраас одоо зөвхөн Монголын асуудал биш гэдгийг үе үеийн дипломатууд хэлж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч зөвшөөрөхгүй байсан ч нэгэнт агреман нь ирчихсэн тул асуудалд нухацтай хандах шаардлагатайг сануулсан билээ.
БНЭУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан О.Нямдаваа “Монгол Улс тухайн улстай харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй явуулъя, эрчимжүүлье гэж бодож байгаа бол Элчин сайдаа илгээх ёстой. Энэ бол олон улсын хууль дүрэм. Бид өнөөдөр өөрийн хүмүүсээ явуулж чадахгүй, дотооддоо маргаж, зөрчилдөж байгаа нь Монголчуудын гутамшиг” гэж дүгнэсэн байдаг.
Монгол Улс дипломат төлөөлөгчийн газрынхаа тэргүүнийг хэзээ томилох бол гэж тухайн улс орнууд харж байгаа. Гэвч манай “томчууд” Элчин сайдаа “уяж” байгаа нь хоёр орны хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх аюултайг учир мэдэх хүмүүс анхааруулсан юм.
Т.НОМИН