"Иргэдийн дийлэнх нь лизингээр машин авч байна"

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

"Иргэдийн дийлэнх нь лизингээр машин авч байна"

"Иргэдийн дийлэнх нь лизингээр машин авч байна"

Жилийн жилд Цагаан сар, Наадмын үеэр иргэд шинэ машин авахаар яаравчилдаг бол баяр дууссны дараа хүмүүсийн худалдан авах идэвх буурч,  машины үнэ хямдардаг гэж ярьдаг. Автомашины үнийн талаар мэдэхээр “Да Хүрээ”  захыг зорилоо.


Өдрийн 13.00 цагт тус зах дээр очиход цөөн тооны худалдаа эрхлэгчид ирсэн машиныхаа цасыг буулгаж байхтай таарав. Захын ажил ерөнхийдөө 14.00 цагийн үед жигдэрдэг тул хүн багатай, машин сонирхож яваа хүмүүс ч цөөхөн байлаа.

Тус захад 6000 хүн ажил эрхэлдэг аж.Тэдний дунд машин угаагч, сэлбэг зардаг хүмүүс, даатгалын компани, банк, жижиглэнгийн худалдаа эрхлэгчид бий. Мөн автомашины ченжүүд нэг машины зогсоолыг өдрийн 2000 төгрөгөөр түрээсэлдэг юм байна.

2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс суудлын автомашины хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос хамаарч онцгой албан татварыг нэмэгдүүлэх, мөн хос тэжээлт, цахилгаан тэжээлт, хийгээр ажилладаг суудлын автомашины онцгой албан татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулахаар тооцжээ.

Үүнээс үүдэн ченжүүд  “Hybrid” буюу хос тэжээлт автомашин оруулж ирэх нь багасчээ. Онцгой албан татвар нэмэгдэхээс өмнө “Hybrid” буюу Prius-20 маркийн машины татварт 800 мянган төгрөгөөс 1 сая 200 мянган төгрөг төлдөг байсан гэнэ. Одоо бол хамгийн багадаа 5-7 сая төгрөгийг зөвхөн машины гаалийн татварт л төлж байгаа учраас өмнө нь есөн сая төгрөгөөр  зарагдаж байсан Prius -20 маркийн машин 13 сая 500 төгрөгөөр зарагдаж байгаа юм байна. Тэгэхээр нэг машин дээр бараг 4-5 сая төгрөг нэмэгдсэн гэсэн үг.

Ченжүүд хэлэхдээ “Автомашин худалдан авахаар ирсэн иргэд ихэвчлэн Prius-20 болон Prius-30 маркийн автомашинуудыг худалдан авч байна” гэв. Иргэдийн сонирхон худалдан авдаг “Prius” маркийн автомашин дотроо үйлдвэрлэсэн он болон Монголд орж ирсэн он, S,G бүтэн G зэргээс хамааран үнийн хувьд зөрүүтэй байдаг гэнэ.

Бид “Да хүрээ” захын автомашины ченж В.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

                     Бэлэн мөнгөөр МАШИН Шууд худалдан аваХ Хүн цөөхөн   

Автомашины ченж В.Пүрэвсүрэн

-Энэ жил автомашины борлуулалт хэр байна вэ?

– “Hybrid” машины татвар нэмэгдсэн болохоор ихэнхдээ бензин иддэг машин оруулж ирж байгаа. Ерөнхийдөө Цагаан сарын өмнө борлуулалт сайн байсан. 3-5 саруудад зах бараг хөдөлгөөнгүй байдаг. Харин 6-7 сард Наадам дөхөхөөр борлуулалт сайн байдаг шүү. Наадмаар хүмүүс хөдөө гадаа явж амрахыг чухалчилдаг болохоор машин авахаар яаравчилдаг юм шиг санагддаг.

– Машин авахдаа төлбөрөө  бэлэн мөнгөөр төлөх хүмүүс хэр их байдаг вэ?

-Хүмүүсийн санхүүгийн бололцоо нь бол дундаж үнэтэй, бага мотортой бензин бага иддэг prius машиныг их сонирхдог. Мөн он залуутай машин унахыг их эрмэлздэг болсон байна. Гэтэл он залуужих тусам үнэ нэмэгддэг. Тиймээс иргэд бэл хүрэхгүй асуудал их гарч байна. Он залуу хуучин машиныг лизингээр л их авч унаж байна. Ер нь бэлэн мөнгөөр шууд худалдан авалт хийх хүмүүс цөөхөн дөө. Лизингээр бол лизингээр, бэлнээр бол бэлнээр, машин оролцуулбал машин оролцуулж гээд бүх л төрлөөр хамтран ажиллаж байна.

-Жишээ нь “Prius-30” машиныг Японоос импортоор оруулж ирэхэд нийт хэдэн төгрөг төлдөг вэ?

-Бид монгол мөнгөө доллар болгоод иенд шилжүүлээд Японоос орж ирж байгаа машиныг худалдан авдаг. Дээрээс нь гаалийн татвар, онцгой албан татвар, ачилтын хөлс нэг контейнер нь найман сая төгрөг болдог. Мөн буулгахдаа ачигч хөлслөөд 100-200 мянгыг хүн бүрт өгнө. Нэг контейнерт 4-5 машин багтдаг юм. Ингээд л орж ирнэ. Японоос “Prius-30” маркийн машиныг авах үндсэн үнэ нь найман сая төгрөг. Нийт өртөг, бүх зардлаа тооцоод гар дээр ирэхэд нийт 14 сая төгрөг зарцуулдаг. Ингэхдээ үйлдвэрлэсэн он болон загвар, өнгө толины гэрэлтэй гэрэлгүй, моторын багтаамж зэргээс хамааран үнэ болон татвараа харилцан өөр төлдөг. Одоо борлуулж байгаа үнэ нь 14 сая 800 мянган төгрөг. Бүр сайн ярьж хөөрөх юм бол 14 сая 500 мянган төгрөгт өгч байгаа.

Тэрбээр жилд дунджаар 200 гаруй авто машин борлуулдаг гэнэ. Энэ жилийн хувьд авто машины үнийн хувьд харьцангуй тогтвортой байна гэлээ.

Арван  сая төгрөгөөс нэг сая төгрөгийн л ашигтай ажилладаг

А.Лувсансамбуу

А.Лувсансамбуугийн хувьд “Да Хүрээ” захад долоон жил ажиллаж байгаа. Тэрбээр “Сүүлийн үед Япон улсад машины үнэ нэмэгдсэн байна лээ.Тэгэхээр одоо орж ирэх машины үнэ ч гэсэн дагаад нэмэгдэнэ. Жишээ нь, оны өмнө Proboх машин есөн сая төгрөгөөр зарагдаж байсан бол одоо бүх зардлаа тооцоод 10 сая 500 мянган төгрөгөөр борлуулж байгаа. 2012 оны Proboх зөвхөн гаалийн татварт 2 сая 500 мянган төгрөг төлдөг. Land 80 маркийн машины гаалийн татвар 25 сая төгрөг гэдэг учраас оруулж ирдэг ченжүүд бараг байдаггүй. Харин “Hybrid” машины  татвар нэмэгдсэн болохоор “Prius-20” 11 сая 500 мянган төгрөгөөс дээш байна. 2004 оны “Prius” 11 сая 500 мянган төгрөгөөр зарагдаж байгаа. Уг нь цагтаа есөн сая төгрөгийн хооронд л зарагдаж байсан юм. Одоо 2011 оны “Prius” бараг орж ирэхгүй дээ. Гаалийн татвар нь зургаан сая 200 мянга болчихоод байхад энд зардаг үнээрээ гаалийн татвар төлчих юм бол хэдээр зарах уу? Хүмүүс харахад нэг л их мөнгөтэй хүмүүс шиг харагдавч бага ашиг олдог. Үсрээд арван сая төгрөгөөс нэг сая төгрөгийн л ашигтай”  гэж байв.

Энэ үеэр машин сонирхож яваа хүмүүсийн санаа бодлыг сонслоо.

Иргэн Ж.Шинэхүү “Уг нь арван сая төгрөгт машин сонирхож явна. Эхэлж машинаа харчихаад дараа нь зээлээр л авна даа” гэв.

Иргэн  Л.Магнайбаяр “13 сая төгрөгт багтаагаад л машин сонирхоод явж байна. Уг нь “Prius 30” сонирхож байгаа юм. Тэгсэн 17 сая төгрөгөөс наашгүй байна. Мөнгө хүрэхгүй байгаа болохоор банкны зээлээр л авах байхдаа” гэв.

Автомашин зарж буй ченжүүд бэлэн мөнгөөр худалдан авах гэж байгаа бол машинуудаа илүү сайн доош буулгаж өгнө хэмээн онцолж байлаа. “Да хүрээ” захаар үйлчлүүлж буй иргэдийн 90 хувь нь лизингээр болон хуучин машинаа оролцуулан зөрүү өгч шинэ машин авах зэргээр үйлчлүүлдэг байна. Шууд бэлэн мөнгөөр худалдан авдаг хүн цөөн байдаг аж.

Б.Хулан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж