“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.
“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.
Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ ГАО Э
Жаран тавдугаар бүлэг
ЖЯ ЛЯНЬ, ЁУ ЖЕТЭЙ НУУЦААР ХУРИМЛАЖ, ЁУ САНЬ ЖЕ, ЛЮЙ ШЯН ЛЯНЬД МОРДОХЫГ ХҮЛЭЭВ
Өгүүлэх нь: Жя Лянь, Жя Жэнь, Жя Рүн нар хамаг ажлыг зөвлөлдөн тохируулаад, урьдаар Ёу Лаонян Сань Же хоёрыг шинийн хоёрт шинэ байранд оруулав. Ёу Лаонян үзээд Жя Руний хэлсэнтэй адилгүй боловч тохилог сайхан зассан тул эх, охин хоёрын санаанд нийцжээ. Бао Эр эр эм хоёр ч Ёу Лаоняныг ам л ангайвал “Лао тайтай” гэж дуудан Сань Жег /Сань “Инян” гэж дуудаж, үмхээд авах гэж байх мэт аашилна. Маргааш нь таван жингээр Эр Жег сүйхэнд суулган дамнаж авчирсанд, зул хүж, сан сулга мэтийн тэнгэрт мөргөх зүйлс, хөнжил дэвсгэр, архи дарс тэргүүтнийг аль хэдийн бэлтгэжээ. Энэ хэр Жя Лянь энгийн хувцаслаж сүйхэнд суун ирж зул хүж шатаан бурхан тэнгэрт мөргөв. Ёу Лаонян, Эр Жегийн өмсөж зүүсэн нь ангид өөр болсныг үзээд ихэд баярлаж, шинэ гэрт нь угтан буулгав. Тэр шөнө Жя Лянь, гарди галбингаа нисгэн бүжиглүүлж зуун зүйлээр асран нигүүлссэнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Жя Лянь, Эр Жег харах тусам баясан хайрлаж, юу гэж өргөмжлөхөө олохгүй байснаа, Бао Эр нарт “Найнай” гэж өргөмжлөхөөс хоёрдугаар гуравдугаар гэж болохгүй гэж захиад өөрөө бас найнай гэж дуудан Фөн Жег таг мартахаар шийджээ. Хааяа гэртээ харивал зүүн ордонд ажилтай гэнэ. Фөн Же түүнийг хэзээнээс Жя Жэньтай сайн тул хэрэг явдалд нь зөвлөж байна гэж санаад огт сэжиглэсэнгүй. Гэрийн зарц нар олон боловч эдгээр учрыг бас хайхарсангүй. Хэрэгт дуртай хэсүүл, зугаацагчид ч ганц Жя Лянийг өргөмжлөх тохиолыг ашиглаж, олз ашиг олохыг бодохоос биш сураг ажиг гаргасан хүн ч байсангүй.
Харин Жя Лянь энэ үед Жя Жэньд талархаад хөл болж байлаа. Жя Лянь өдөр бүрийн зардалд сар бүр арван таван лан мөнгө гаргаж байхын хамт түүний эзгүйд эх, охин гурвуул нэг дор хооллож байх. Хэрэв гэрийн эзэн байх үед бол тусдаа хооллох журам тогтоов. Жя Лянь, хувьдаа хуримтлуулж хадгалсан мөнгө зоосоо Эр Жед хадгалуулж, Фөн Жегийн ааш авир, ор дэрний явдлыг ч тодорхой хэлж өгөв. Бас тэр мөд үхэх учир, шинэ эхнэрээ аваад хуучин гэртээ харина гэж хүртэл ярив. Эр Же түүнд дуртайгаа ч хэлэв. Тэгээд арваад хүн, энд асар тавтай амьдран суух болов. Нэг л мэдэхнээ хоёр сар өнгөрөв. Нэг өдөр, Те Кань Сыд боловсорч байгаад ирсэн Жя Жэнь, эгч дүүстэйгээ ойрд уулзаагүй тул очиж уулзана гээд Жя Лянь байх эсэхийг зарцаар асуулгажээ. Зарц буцаж ирээд: “Байхгүй гэнээ” гэсэнд Жя Жэнь ихэд баярлаж, итгэлтэй хоёр хөвгүүнийг үлдээгээд бусдыг гэр рүү нь явуулжээ. Тэгээд шинэ гэрт очвол, дэн асаах цаг болсон байлаа. Хоёр зарц морийг нь хашаанд уяад доод гэрт орж хүлээв. Жя Жэнь эхлээд эх, охин хоёртой уулзаж байтал Эр Же хүрч ирэв. Түүнийг хармагц баясан инээж цай уух зуураа “Би хэр зэрэг зуучилсан бэ, алдсан юм, гэгээн дэн бариад ч олохгүй болов уу гэж бодож байгаа шүү. Эгч чинь, дараа та нарыг эргэж ирэх гэнэлээ” гэв. Эр Же түүнтэй ярилцах зуураа зарц нараар архи, хоол бэлдүүлээд, хаалгаа түгжив. Цөм нэг гэрийн хүмүүс болохоор тэдэнд эрээлж нэрэлхэх юм байхгүй. Бао Эр ирж мэнд мэдсэнд Жя Жэнь: “Чи бол сайн санаатай хүн болохоор Эр Жег чамаар асруулжээ. Хойшид чамайг лав их хэрэгт зарна. Архи ууж хэрэг гаргахгүй бол би чамайг шагнана. Эр Жегийн чинь явдал арвин. Тэнд бас хүн олон тул юу дутвал надад очиж хэлж бай. Бид ах дүү зуураа болохоор хэлэхэд зовох юм байхгүй” гэсэнд цаадах нь: “Доорд би мэднээ. Би хэрэв хичээж шамдан зүтгэхгүй бол толгойгоороо тоглосон хэрэг болно” гэсэнд Жя Жэнь: “За тийм бол сайн байна” гэж хэлэв.
Тэгээд дөрвүүл сууж архи ууцгаав. Эр Же ганц нэг хундага уугаад, Жя Жэнь гэнэт хүрээд ирвэл эвгүй гэж бодоод шалтаг хэлээд босов. Цаадах нь ч түүний араас хараад хоцорсонд Ёу Лаонян, Сань Же хоёр хань болж зочлов. Сань Же хааяа Жя Жэньтэй үгээр тоглоом наадам хийдэг ч эгчтэйгээ адилхан үгийг нь дагадаггүй учир Жя Жэнь хэдий шүлсээ гоожуулавч санаагаар аашилж нүүрээ барахаас айна. Ядахдаа эх нь дэргэд байхад бүр ч болохгүй… гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Энэ үед Жя Жэний дагуул хоёр зарц хөвгүүн Бао Эртэй хоолны гэрт архидаж, эхнэр нь хоол хийж байтал гэнэт хоёр инж ирж “Архи ууна” гэж алиалав. Бао Эр:
-Эгч нар чинь тэнд хүн зочилж байхад туслахгүй, энд ирдэг нь яаж байгаа юм бэ. Хэрэг болоод дуудахад нь байхгүй байвал тусгүй… гэтэл эхнэр нь хажуугаас хошуу дүрж
-Ухаан нь ширгэсэн муу мунгинуур! Тэр муу хар усаа залгилаад согтвол тэндээ л тэрийнэ биз. Хүн дуудах, дуудахгүй ер нь чамд ямар хамаатай юм бэ. Хүн хэрэгтэй бол би байна. Тэнгэр нуравч чамд хамаа байхгүй гэв.
Бао Эр бол эхнэрийнхээ ачаар Жя Ляньд их талтай болсон бөгөөд одоо эхнэр нь Эр Жегийн өмнө нэн их хичээгүйлэн гүйх тул энэ хүн зоос олох, архи уухаас өөр юм бодохоо байжээ. Одоо эхнэрийнхээ ингэж хэлэхийг сонсоод үг дуугүй болж, жаахан ууж байгаад харьж унтжээ. Түүнийг явмагц эхнэр нь, зарц хөвгүүд, инж нартай архи ууж, хажуугаар нь Жя Жэньд буруу харагдахгүйн тул зарц нартай нь тоглон наадаж эхлэв. Тэд их л баясалдан, идэж ууж байтал гэнэт үүд тогшсонд эхнэр ухасхийн үүд нээвэл Жя Лянь мориноос бууж хүн байх эсэхийг асуусанд “Дае баруун хүрээнд буусан” гэж шивнэв. Жя Лянь шууд унтах тасалгаандаа орвол Ёу Эр Же хоёр бяцхан инжтэй сууж байв. Жя Лянийг хараад царай нь хувьсхийсэнд, огт анзаараагүй мэт болж “Архи аваад ир. Өнөөдөр их ядарлаа. Хоёр хундага уугаад унтъя” гэв. Эр Же царайчлангуй инээмсэглэж, хувцсыг нь тайлан, цай өгч, энэ тэрхнийг асуусанд Жя Ляний дотор хөвхөлзөн загатнана. Энэ үед Бао Эрийн эхнэр архи авчирсанд хоёул хундага мөргөлдүүлэв.
Энэ үед Жя Ляний итгэлт зарц Лун Эр морио уях гэтэл, нэг морь уяатай байхыг хараад Жя Жэний морь гэж танив. Тэгээд хоолны гэрт орвол зарц нар нь архидаж байв. Түүнийг орж очиход цаадуул нь: “Чи яг таарчихлаа. Бидний морь, Лаоегийн морийг гүйцэхгүй тул шөнийн хориог зөрчихөөс болгоомжлон энд хонохоор ирсэн юмаа” гэв. Лун Эр инээж: “Эр Еэ надаар найнайд сарын мөнгө явуулав. Би ч харихгүй” гэв. Бао Эрийн эхнэр: “Энд байх л юм газар. Бүгд эндээ унтацгаа” гэв.
Лун Эр хундага өргөтөл морины хашаанд морьд өшиглөлцөх чимээ гарав. Ижил буруу хоёр морийг ойр уяснаас биеэ хажигласан ажээ. Тэрбээр яаран гарч хоёр морийг холдуулж уяад орж иртэл Бао Эрийн эхнэр “Хүүхдүүд унтацгаа. Би явлаа” гэсэнд цаадуул нь явуулахгүй хоргоож үнсэх гэж оролдон энд тэнд нь тэмтэрч байснаа явуулав. Тэд ч сүүлдээ согтоцгоож, дэнгээ унтраан хэвтэцгээв. Энэ үед Эр Же морьд биенээ хажиглаж, өшиглөлцөхийг сонсоод айж, энэ тэрхнээр Жя Лянийг аргацаан өнгөрөөнө. Жя Лянь хэдэн хундага архи уугаад урин сэтгэл нь хөгжиж, архийг хураалгаад, үүдээ даран хувцсаа тайчив. Улаан цамц өмсөөд, тас хар гэзгээ задгайлсан Эр Жегийн царай тачаалын шинжээр дүүрч, урьд урьдаас улам сайхан харагдана. Жя Лянь түүнийг тэврэн инээж:
Хүмүүс, манай тэр чөтгөр эмийг царайлаг сайхан төрсөн гэдэг боловч одоо түүгээр чиний шаахайг ч зөөлгөхгүй болсон гэв. Цаадах нь:
-Миний царай зүс сайхан боловч суртал муу. Харин царай муутай нь дээр мэт санагдах юм гэсэнд Жя Лянь:
-Юунд ингэж ярина вэ. Би мэдэхгүй байна гэв. Эр Же нулимс унаган:
-Та нар намайг мангуугаар бодож байна. Би юү болохыг мэдэхгүй байна. Би чамтай хоёр сарын хугацаанд эр эм явлаа. Энэ бага хугацаа боловч би чамайг тэнэг хүн биш гэдгийг мэдлээ. Би амьд байвал чиний хүн, үхвэл чиний чөтгөр. Одоо нэгэнт эр эмийн барилдлагатай болж биеэ чамд тушаагаад түшиг тулгууртай болсон тул хар хумсны төдий явдлыг ч чамаас нуух ёсгүй болсон. Миний охин дүү алсдаа яавал зохих вэ? Миний бодлоор бол энэ мэтээр явах нь тууштай биш, алсыг бодвол дээр гэв. Жя Лянь инээж:
-Чи санаагаа битгий зовоо! Би арай тийм атаа жөтөөнд шунасан хүн биш. Чиний өнгөрүүлсэн явдлыг би мэдсэн. Чи харин төвөгшөөх хэрэггүй. Одоо чи минийх болсон тул их ахын дэргэд баахан ширвээдэх нь аргагүй. Миний санаагаар бол энэ охин дүүг их ахтай бүтээвэл хэн алины явдал сансанчлан болох тул бүгдээр нэг мөсөн ийнхүү зууралдъя. Чи юү гэж бодож байна вэ гэж асуув. Эр Же нулимсаа арчаад:
-Чи хэдий ингэж сайнаар санавч хамгийн түрүүнд охин дүүгийн зан хурц. Цаашилбал, даяагийн нэр нүүрт эвгүй гэв. Жя Лянь:
-Тэр хамаагүй ээ. Би одоо очиж, нэгмөсөн нүүрийг нь хагалъя гэсээр архины эрчиндээ, хүрээнд орвол дотор дэн зул өдөр мэт гэрэлтэнэ. Тэрбээр шууд ороод: “Их ах энд байна уу. Дүү чинь амар эрэхээр ирлээ” гэсэнд Жя Жэнь дүүгийнхээ дүүг таниад хэрдхийн цочиж, ичингүйрэн сандрав. Ёу Лаонян ч эвгүйрхэв. Жя Лянь инээж:
-Бидний ах дүүс урьд нь ямар байсан бэ. Энэ их ах миний төлөө өнчин элгээ өндөлзүүлж ирсэн тул баярлаж барахгүй байгаа. Их ах юм бодвол харин миний дотор эвгүй болно. Их ах мөн урьдын адил байвал зохино. Үгүй болбол дүү чинь би үр тасравч энд дахин ирж чадахгүй гэсээр сөгдөхийг завдтал Жя Жэнь сандарч түшин аваад,
-Дүү чи яаж ингэж хэлнэ вэ. Би чиний захиж хэлснээс зөрчсөн удаа байхгүй гэсэнд Жя Лянь “Архи авчир. Ахтайгаа хоёр хундага ууна” гээд Сань Же рүү марсалзан инээж:
-Сань Же минь яагаад их ахтай хундага харшуулахгүй байна вэ. Би их ах, та хоёрт баярын хундага барьсугай гэв.
Энэ үгийг сонсоод Сань Же ханзнаас үсрэн босож, Жя Лянийг чичин хүйтнээр инээж:
-Чи намайг уран үгээр уургалах хэрэггүй. Бид “Мах чанавч шөл нийлэхгүй, маани тооловч сүжиг нийлэхгүй” юм байна. Бас “Далдлавч дал чинь нуувч нуруу чинь ил” гэдэг үг бий шүү. Чи биднийг танай ордны явдлыг мэдэхгүй байна гэж бодож байгаа бол есөн сүв чинь битүүрчээ. Танай ах дүү хоёр хэдэн муу зоосоороо эгч дүү бид хоёрыг янхан болгон наадъя гэж бодож байгаа бол горио татсугай. Халдаж болшгүй хар хамуу болсон тэр шулам эмийг чинь би сайн мэднэ. Одоо эгчийг минь мэхэлж эхнэрээ болгоод “Хулгайлж авчирсан хэнгэргийг цохихын аргагүй” гэгч болоод байна уу. Би очиж, тэр Фөн найнайтай чинь уулзаад хэдэн толгойтой, хэдэн гартай болохыг нь үзнээ гайгүй. Бүгдээр эвтэй, найртай явбал бас яамай. Үсний төдий эвгүй аашилбал, би даруй та хоёрын сөсийг чинь уудлаад, тэр барам эмтэй чинь нэгийгээ үзэх чадал надад бий шүү. Архи уухаас айх юу байна вэ, алив наашаа өгөөтөх гээд архинаас нэг балгаад Жя Лянийг татан ойртуулаад аманд нь архи цутгахыг завдаж:
-Ахтай чинь уусан удаагүй. Одоо харин хоёул ууж танил дасал болсугай гэсэнд Жя Лянь айгаад архи нь нэгмөсөн гарчихав. Жя Жэнь ч Сань Жег энэ мэтээр царай барайлгана гэж санасангүй. Энэ ах дүү хоёр хэдий ийнхүү зальхай зайдан аашлахад сурамгай боловч энэ өдөр ийм жаахан охинд ингэж ам ангайх аргагүй болтлоо хэлүүлнэ гэж ер санасангүй. Сань Же энэ байдлыг хараад улам чангарч,
-Эгчийг ч ирүүл. Наргих гээд байгаа юм бол дөрвүүл наргия. Нэг их эргэлзээд байх хэрэггүй. Та нар ах дүүс, бид нар эгч дүүс. Харь гаднын хүн энд алга. Уухаа мэдтүгэй. Алив наашаа гэв. Ёу Лаонян баахан эвгүйрхэж байтал Жя Жэнь далим олж зугтаах гэтэл Сань Же яахин тавих вэ! Энэ хэр Жя Жэнь түүнийг ингэж аашилна чинээ ер санаагүй болохоор Жя Ляний хамт ихээхэн гэмшиж юүн халдахтай мантай юм болов. Тэгтэл Сань Же засал чимгээ авч гадуурх хувцсаа тайлан, шанх гэзгээ буулгаж, улаан цамцныхаа энгэрийг зориуд ярж ногоон торгон хөлсөвчийн дээгүүр цас цагаан цээжийг цухуйлгаж, ногоон өмд, улаан шаахайгаа гялалзуулж, тогтворгүйтэн гэнэт босож, гэнэт сууж, гэнэт инээж, гэнэт уурлан аашлахад хоёр ээмэг нь хонхны хэл мэт санжиганан дэнгийн гэрэлд удын навчин хөмсөг нь жирвэлзэж, улаан шунхан уруул нь жимэлзээд нугасан алаг нүд нь гүн бүрд адил мэлмэлзсэнд Жя Жэнь Жя Лянь хоёр үнэхээр ойртох ч аргагүй, орхиж ч явах аргагүй болж, сүнс нь зайлан, шүлс нь дусалж нэг мөсөн мэлрэн будангуйрчээ. Түүний хэлсэн үг бас тэр хоёрыг хаашаа ч хөдлөхгүй болгов. Ах дүү хоёрын арга ааш нь алдран, ам хэл нь хөшөөд завхай зайдан аашлах байтугай, олигтойхон нэг үг ч олж хэлж чадсангүй. Сань Же, санааныхаа таваар дур мэдэн ярьж, ардын цэцэн үгийг ар араас нь асгаруулж ах дүү хоёрыг ангайтал нь мохоож, аагиа багтааж ядан бахаа ханатал наадав. Тэгээд тэр хоёрыг түр ч суулгалгүй хөөж гарган хаалгаа түгжээд ханатлаа унтжээ.
Түүнээс хойш эмгэд шивэгчингүүд Жя Жэнь, Жя Лянь, Жя Рун нарыг өнчин бэлбэсэн эх, охидыг мэхлэн авчирч гэж ойлгоод тэднийг элдвээр зүхдэг болжээ. Жя Жэнь түүнээс хойш хүрч ирэхээ байсанд Сань Же хааяа зарц явуулж дуудуулна. Тэрбээр ирээд аяыг нь дагаж ангайн харахаас өөр яаж ч чадахгүй болжээ гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:
Энэ Ёу Сань Жегийн төрөлхийн зан нь ерийн хүнтэй адилгүй этгээд. Хээнцэр сайхан төрснөөс гадна чимж засах нь бас хүнээс ангид өөр. Хүний санаагүйг санаж, сонин янзаар маяглаж элдэвлэн аашилж чадна. Тэр Жя Жэнь, Жя Лянь мэтийн ганган хээнцэр агь байтугай төмөр, чулуу мэт зүрхтэй номхон хөшүүн эрчүүд ч үзээд бас хорхой нь хөдөлнө. Хэдий дэргэд нь хүрч очсон ч, түүний тэр цовоо цолгин зан, долгин хурц нүднээс нь халираад халдаж чаддаггүй юм. Харин Жя Жэнь, Эр Жег элдэвлэж байгаад аль хэдийн дасгаад авсан тул түүнийг Жя Ляньд өгөөд Сань Жег биедээ татаж авах гэж бодсон ажээ. Гэтэл Сань Же энгийн инээж наадах нь хүртэл хүнийг биедээ халдаах төлөвгүй байжээ. Эх, эгч хоёр нь түүнд олон удаа сануулсан ажээ. Тэрбээр “Эгч мангуу юм. Эрдэнэ сувд мэт энэ биеэ бид энэ мэтийн хоёр золбинд бузарлуулбал эргүү тэнэгт тооцогдоно. Үүгээр үл барам, түүний гэрт нэг хэцүү харгис эм бэлэн сууж байгаа шүү. Одоохондоо мэдээгүй тул зүгээр байна. Хэзээ нэг өдөр тэр мэдвэл зүгээр өнгөрөхгүй ихээхэн үймүүлэх нь зайлшгүй. Тэр цагт та хоёрын хэн нь үлдэж, хэн нь үхэхийг хэлж мэдэхгүй тул яаж амгалан аж төрж суух юм бэ” гэжээ. Эх охин хоёр түүний үгийг сонсоод, хоригловч тусгүй гэж бодоод хариу үг хэлсэнгүй. Сань Же өдөржин идэж, өмсөхийн сайныг шилж хэрэглэн, мөнгөн зүүлтээ алтаар сольж, сувдаа эрдэнийн чулуугаар сольж, нугас идэж байснаа галуу хядуулж, санаанд нь таарахгүй бол ширээг ч түлхэн унагаж, хувцсыг ч торго дурдан гэж хайрлахгүй тасчин хаяж элдвээр харааж зүхнэ. Ийм учраас Жя Жэнь нэг удаа ч санаанд нь нийцүүлж чадалгүй мөнгөө баахан сүйтгэжээ. Жя Лянь ирвэл Эр Жегийн гэрт сууж, дотроо улам гэмшиж эхлэв. Эр Же бол дур ихтэй хүн учраас Жя Лянийг нэг насны түшиг гэж бодож түүнийг л санана. Эелдэг зөөлнийг нь хэлбэл, Фөн Жегийн гэрт сууж, дотроо улам гэмшиж эхлэв. Эр Же бол дур ихтэй хүн учраас Жя Лянийг нэг насны түшиг гэж бодож түүнийг л санана. Эелдэг зөөлнийг нь хэлбэл, Фөн Жегээс хамаагүй дээр. Өнгө зүс, хэлэх, хийх нь мөн түүнээс доргүй боловч нэгэнт хөл алдаж “Садар” нэр зүүсэн тул хамаг сайн нь цөм хэрэггүй болжээ. Энэ Жя Лянь бас “Буруугүй хүн хэн байна вэ. Буруугаа мэдээд засвал болно” гэж урьдын садар самуунаа ер дурсахгүй, ганц одоогийнхыгоо санах тул унаган холбоо, утсан хэлхээ болж, ганц сэтгэлээр энэ насаа хамтатгана хэмээн ам алдан тангараглаж, Фөн Же, Пин Эр хоёрыг аль хэдийн мартсан ажээ. Эр Же, дэр дэвсгэр дээр, өвөр түрий дотор үргэлж Жя Ляньд “Чи Жэнь ахтай зөвлөж байгаад охин дүүг таньж мэдэх хүнд хэлэлцэн өгөөч. Хүүхэн өтөлбөл гэрийн буг гэдэгчлэн, түүнийг ингэж удаан байлгавал сайн юм болохгүй. Эрт орой нэгэн цагт уршиг яршиг болно” гэж гуйж ятгана. Цаадах нь: “Тэр өдөр би, их ахад хэлсээн. Тэрбээр бас түвдэхгүй л байна. Би бас “Хэдий нэг хэсэг алаг мах боловч амыг чинь шалзална. Саргай цэцэг хэдий сайхан боловч өргөс нь гарыг чинь хатгана. Бид өөртөө авч чадахгүй болж мэдэх учир зохистой хүнд зуучлаад айлд явуулъя” гэсэнд тэр татгалзасхийгээд өнгөрсөн. Надад ямар ч арга олдохгүй байна” гэж хэлэв. Эр Же бодлогоширсноо:
-За чи хүлээж бай. Бид охин дүүтэй яриад үнэн санааг нь мэдье. Ятгаж ч үзье. Саналыг нь сонсоё. Ер нь хүнд зуучлуулах нь дээр биз дээ гэсэнд Цаадах нь: “Зүйтэй” гэж дэмжив.
Маргааш нь Жя Лянь гэртээ байх тул Эр Же ширээ засаж, охин дүүгээ ээжийн хамт залжээ. Сань Же санааг нь мэдээд архи аягалмагц нулимс гарган, эгчээсээ урьтан,
-Өнөөдөр эгч намайг зориуд залсан тул лавтай их ёсыг номлох гэж байгаа байх. Гэвч би мангуу хүн биш, олон юм нурших хэрэггүй. Урьдын явдлуудыг би мэдэх болохоор түүнийг сөхөх хэрэггүй. Одоо эгч нэгэнт уух усаа олоод, ээж маань ч санаа амарсан тул би ч бас хөл улаа олж төвхнөх хэрэгтэйг ойлгож байгаа. Гэтэл нэг насны их явдал тул хүүхдийн тоглоомтой адил үзэж болохгүй. Хүмүүс, өнчин бэлбэсэн эх, охин биднийг үзээд чухам ямар санаа өвөрлөж байгааг мэдэхгүй. Би нүүрээ ширлээд хээгүй аашлах тул тэд доромжилж чадахгүй байна. Одоо миний амьдралын тухай ярилцвал би нэг л хүүхэн, айж ичихийг мэдэхгүй аашлах ч биш, эрхбиш нэг санаа сэтгэлд нийцсэн хүнийг олоод дагана. Та нар хэдий баян, ноён хүнийг сонгосон ч миний санаанд нийцэхгүй бол хайран нас биеэ сүйтгэхэд хүрнэ шүү дээ гэж анхааруулах маягтай хэлэв.Жя Лянь инээж:
-За энэ ч амар боллоо. Чи дуртай хүндээ очтугай. Бүх сааль бэлгийг чинь бид мэдье. Ээж ч санаа зовох хэрэггүй гэсэнд Сань Же: “Би юү гэхэв. Эгч цөмийг мэднэ” гэв. Жя Лянь эхнэрээсээ: “Хэн юм бэ” гэж асуув. Цаадах нь хариу хэлэлгүй бодлогошров. Жя Лянь дотроо тэр л байх гэж бодоод алга ташин хөхөрч:
-Би энэ хүнийг мэдлээ. Тийм бол үнэн сайн сонгожээ гэсэнд Эр Же инээж: “Хэн юм бэ, тэр чинь” гэв. Цаадах нь бас л инээж:
-Өөр хүнийг энэ яаж тоох вэ. Лав Бао Юй байхаа гэсэнд эхнэр, ээж нь, лав тийм байх шүү гэж бодов. Сань Же түй гэж хий нулимаад:
-Бид эгч арвуулаа байсан бол цөмөөрөө танайд ах дүү нарт очно уу. Энэ дэлхий дээр танай ах дүү нараас өөр сайн эр байхгүй юү гэсэнд бүгд гайхан: “Өөр хэн юм бэ” гэсэнд Сань Же: “Жаахан холуур бодвол дээр. Эгч чи, таван жилийн өмнөхийг бодсон ч болно” гэв.
Тэднийг ийн ярилцаж суутал Жя Ляний итгэлт зарц Шин Эр орж ирээд: “Лаое тэнд Эр Еэг хүлээж байна. Дорд хүн би нагац Лаоегийн тэнд очоод дуудъя” гээд санд мэнд хүрч ирлээ гэсэнд Жя Лянь: “Өчигдөр намайг асууж байсан уу” гэв. Цаадах нь дорд би найнайд Эр Еэ, Жэнь даетай зуун хоногийн бэлэвсрэлийн хэргийг зөвлөхөөр сүм рүү явсан тул буцаж ирэхгүй гэж хэлсээн гэв. Жя Жэнь, морь авчруулаад Лун эртэй явж Шин Эрийг үлдээж хүн хүлээлгэв. Эр Же, хоёр таваг ногоо, архи уулгах зуураа энэ тэрийг ярилцав. Шин Эр архи ууж байхдаа Рун Гуофүгийн тухай ярихдаа, “Би бол хоёрдугаар хаалганы тэнд байдаг. Бид хоёр ээлж. Нэг ээлжиндээ дөрвөн хүнтэй. Нэг хэсэг нь найнайгийн итгэлтэн, нөгөө хэсэг нь Эр Еэгийн итгэлтэн. Найнайгийнханд бид халдаж чадахгүй. Харин Эр Еэгийнхэнд найнай халдаж чадна. Манай найнайгийн явдлыг өөр найнайд хэлж болохгүй. Түүний сэтгэл хортой, хэл хурц учраас тэр. Манай Эр Еэ бол сайн хүн болохоор түүнтэй яаж хавьтах вэ. Тэр найнайгийн дэргэдийн хүн Пин Эр бол хүн сайтай хүн. Найнайгийн үгээр байх боловч далдуур дандаа сайн явдлыг үйлдэнэ. Бидний осол буруутайг найнай огт хэлтрүүлдэггүй бол Пин Эрээс гуйвал юм болгодоггүй. Лао тайтай, их Тайтай хоёроос бусад нь найнайг занаж, түүнээс өнгө төдий л айдаг. Найнай өөрийгөө хэнээс илүү гэж бодоод Тайтай нарт таалагдах гэж их хичээдэг. Түүний заасан газар зогсохгүй хүн гэж байхгүй. Тэр бол Лао тайтай болон бусад Тайтай нарт амьдрах чадвартай гэж харагдахын тул мөнгө зоосыг уул овоо шиг аваад доод хүмүүсийг бол хяхан хавчиж, зовоож байдаг хүн. Сайн юм бол бусдаас түрүүнд очоод л хэлээд нүүр тал олчихно. Муу явдал болох буюу өөрөө түүнд буруутай бол бие зайлаад бурууг бусдын толгой дээр овоолчихоод дэргэд нь өдөөн хөөргөж сууна. Сүүлдээ түүний хадам эх нь хүртэл түүнээс жигшин “Шувуу хазгай газраар ниснэ” гэгчээр гэрийнхээ ажилд оролцохгүй, хүний явдлаар оролдох юм” гэдэг юм. Лао тайтай байхгүй бол түүнийг хэдийн хөөсөн” гэв. Эр Же инээж:
-Чи өнөөдөр далдуур ийм юм ярьж байна. Хожим намайг бас юү гэж муу хэлэхийг мэдэж байна уу. Үнэндээ би түүнээс дор болохоор ярих юм мундахгүй л байлгүй гэсэнд цаадах нь сандран сөгдөөд:
-Найнай ингэж хэлбэл доорд би тэнгэрт ниргүүлэхээс айхгүй юү. Доорд миний аз таарч анх наанайг буулгахад л ийм хүнтэй учирсан бол доорд бид бас бага шиг зовлон эдэлж, бага шиг айж эмээх бишүү гэж бодож билээ. Одоо Эр Жег дагасан хэдийн хэн нь найнайгийн доордост энэрэнгүйг магтан сайшаахгүй байна вэ. Бид Эр Еэгээс гуйгаад, явуулбал энд ирж найнайг дуртайяа асарна гэв. Цаадах нь инээж:
-Муу хулжин чатгар чи, босохгүй юү. Тоглож хэлсэн энэ үгнээсээ айх гэж юу байдаг юм бэ. Та нар энд ирж хэрэггүй. Би найнайтай чинь очиж уулзана гэсэнд Шин Эр сандарч, гараа сэжин:
-Найнай та яасан ч очиж болохгүй. Би найнайд аминчилж хэлье. Энэ насандаа түүнтэй уулзахгүй бол сайн шүү. Тэр бол “Зүс нь цагаан, зүрх нь хар” гэгч. Ил далд хичнээн янз. Дээгүүр инээгээд доогуур хөл дэгээднэ. Хүний нүүрэн дээр долоочих гэж аашилж байвч ханцуйдаа хутгатай. Энэ муухай юмс бүрдсэн л хүн дээ. Та нар түүнийг мэдэхгүй байх. Найнай та мэтийн ийм шударга номхон хүн, яаж түүнтэй хавирах вэ гэлээ. Эр Же инээж:
-Би түүнтэй уулзаад ёс төртэй аашлахад тэр намайг яах юм бэ гэсэнд цаадах нь:
-Доорд би, жаахан архи уучихаад дэмий донгосч байгаа юм биш үү. Найнай түүнд найр тавибал, тэр таны өөрөөс нь илүү сайхан төрсөн, бусдын хайрыг татсан байдлыг чинь үзвэл амар тавихгүй. Тэр бол атаат сэтгэлд шимүүлж хатсан чөтгөрийн тэнгэр нь. Ухаа нь, инж нарыг Эр Еэ илүү нэг харвал, тэр даруй тэднийг түүний нүүрэн дээр няцартал нь занчина. Пин охин ямагт дэргэд нь, ямар ч осолгүй байхад ямагт яншина. Пин охин хичнээн уурлавч дуугүй л байна. Хаа нэг тэвчээр нь барагдаад уйлж уурлан “Би өөрөө эрж ирээгүй шүү. Дургүй байхад чи, албаар шахаж байж аваад одоо бас ийм авир гаргалаа” гэхээр түүнийг элдэвлэн аргаддаг юм гэв. Эр Же инээмсэглэн:
-Битгий худал яриад байгаарай. Тийм сүрхий чөтгөр шиг эм, гэрийн инжээсээ айна уу гэсэнд цаадах нь
-Ёс гэж нэг ёрдойсон хатуу юм бий шүү. Энэ Пин охин бол түүнийг багаас нь асарч ирсэн гэнээ. Хамт ирсэн дөрвөн инжээс үхэх нь үхэж, явах нь яваад үлдсэн нь энэ. Бас хайртай гэж үлдээсэн гэдэг юм. Энэ Пин охин, ухаантайгаас гадна илүү дутуу зангүй, ёстой сайн хүн. Тэр найнайгийн төлөө “Улаан зүрхээ сугалан” шударгаар үйлчилсээр ирсэн тул одоо хүртэл дэргэдээ байлгаж байгаа юм. Эр Же инээж:
-Ийм байсан юм уу. Танай тэнд нэг бэлбэсэн найнай, хэдэн охин байна гэж сонссон юм. Ийм хэцүү аашилбал тэд хүлээнэ үү гэв. Шин Эр алгаа ташин хөхөрч,
-Найнай мэдэхгүй байсан юм. Манай тэр бэлбэсэн найнай бол хамгийн элбэрэл журамтай хүн. Тэр л ганцаараа охидод ном бичиг сургаж, оёдол зүйдэл заахаас өөр юм хариуцдаггүй юм. Найнайг өвдсөнөөс хойш их найнай хэдэн өдөр хэрэг эрхлээд, хуучны дүрмээр явуулснаас биш, яршиг төвөг удаж гайхуулаагүй шүү дээ. Манай их авхайн сайныг хэлж барахгүй ээ. Энэ Эр авхай бол “Дүлий мод” хочтой. Сань охин бол “Саргай цэцэг” хочтой, өнгө, үнэр сайтай. Таалахгүй хүн үгүй боловч өргөс нь гар хатгана. Харамсалтай нь, Тайтайгаас төрөөгүй, ёстой “Хар хэрээний үүрээс хангарьд мэндэлжээ”. Дөрөвдүгээр авхайн нас бага. Жэнь даеэгийн төрсөн охин. Тайтай аваачиж гар дээрээ өсгөсөн бөгөөд мөн ажил хэрэгт хавьтахгүй хүн болой. Найнай мэдэхгүй ээ. Манай гэрийн хэдэн авхайгаас гадна, бас хоёр авхай байна. ҮнэхэЭр Ертөнцөд ховор хүмүүс юм. Нэг нь манай Гү Тайтайгийн охин, Линь овогтой. Нөгөөх нь И Тайтайгийн охин Шюэ овогтой. Энэ хоёр авхай бол үнэхээр үзэсгэлэнтэй сайхнаас гадна бас ном бичиг мэднэ. Тэргэнд сууж гадагш гарах буюу эсвэл хүрээнд учрах бүрдээ бид амьсгаагаа түгжин хичээнэ гэв. Түүний яриа сонин байсан бололтой Эр Же ихэд анхааран сонсож байснаа:
-Танай гэрийн ёс дүрэм ёсоор бол авхай, охидтой учирвал холдож биеэ нуух ёстой байтал, юуны амьсгалаа гаргаж чадах билээ гэсэнд цаадах нь гараа сэжиж:
-Тийм учраас амьсгалаа түгжихгүй бол Линь авхай мэт нь хийсэхэд хүрнэ. Амьсгал халуудвал Шюэ авхайг хайлуулна гэсэнд цөм хөхрөлдөцгөөв.
Чухамдаа Ёу Сань Же хэний бэр болохоор явахыг дараачийн бүлэгт үзтүгэй!
Холбоотой мэдээ