Н.Учрал гишүүний нэрэмжит олимпиад зохион байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Н.Учрал гишүүний нэрэмжит олимпиад зохион байгуулагдлаа

Н.Учрал гишүүний нэрэмжит олимпиад зохион байгуулагдлаа

Монгол хүн Монголдоо оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ сайхан амьдардаг тийм нийгмийг залуу үетэйгээ хамтдаа бүтээхийг хүсч байна

Өчигдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 26-нд Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 62 болон 12 дугаар сургуулиудад Н.Учрал гишүүний нэрэмжит Техник технологийн болон Мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүд шагналаа гардан авлаа.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг дүүргийн олимпиад энэ жилээс Н.Учрал гишүүний нэрэмжит болон зохиогдож байгаа аж. Дээрх олимпиадууд тус бүр 200 гаруй хүүхэд, 40 орчим багш оролцсон байна.

Эрхэм гишүүн Н.Учрал эхлээд 62 дугаар сургуульд зочилж Техник технологийн олимпиадын шилдгүүдэд шагналаа гардуулан өгсөн юм. 2 өдрийн турш болсон уг олимпиад онол дадлага хосолсон нийт 7 төрлөөр болсон байна. Тухайлбал, дизайн технологи, техникийн спорт, дүрслэх урлаг зэрэг олон төрлөөр сурагчид болон багш нар маань мэдлэг оюунаа уралдуулжээ.  Олимпиадад оролцогчдоос 15 багш, 34 сурагч Нийслэлийн олимпиадад орох эрхээ авсан аж.

Үүний дараа 12 дугаар сургуульд зохион байгуулагдсан Мэдээлэл зүйн олимпиадын шилдгүүдийг шалгаруулсан бөгөөд тус арга хэмжээнд Сонгино хайрхан дүүргийн нийт 22 сургуулийн багш сурагчид идэвхтэй оролцжээ. Мөн олимпиадын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний үеэр багш сурагчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргаж олон нийтэд танилцуулсан байв.

Н.Учрал гишүүн “Манай улсын ирээдүй бол эдгээр бага, дунд, ахлах ангийн сурагчид. Би өөрөө залуу хүний хувьд залуу дүү нараа дэмжихэд ихээхэн анхаарч ажиллаж байна. Тухайлбал, Монгол улсын ирээдүй болсон эдгээр сурагчдын техник технологийн мэдлэгийг дээшлүүлж улмаар энэ талын мэргэжилтнүүдийг олноор бэлдэх эхлэлийг тус олимпиадуудаар тавьж байна. Өнөөдөр манай улсын экспортын 90 орчим хувийг дан ганц уул уурхайн бүтээгдэхүүнүүд эзэлж байгаа. Ийм маягаар удаан яваад байж болохгүй. Эдийн засгаа төрөлжүүлэх, Монгол улсынхаа өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд инноваци технологийг дэмжих зайлшгүй шаардлагатай. Товчхондоо өндөр технологи, үйлдвэрлэл, бүтээлч сэтгэлгээгээр Монгол улс дутагдаж байна. Тиймээс боловсролын салбарт техник технологийн сэтгэлгээг хүүхэд залууст суулгах, энэ талын боловсон хүчин бэлдэхэд анхаарах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм” гэв.

Инноваци өндөр технологийн талаар УИХ-д өөрийн гэсэн байр суурийг байнга илэрхийлдэг эрхэм гишүүн маань энэ мэт өөрийн ярьсан хэлснийг ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаардаг билээ. Өмнөх жил Шинэ санаа төслийн уралдааныг дүүргийнхээ иргэдийн дунд амжилттай зохион байгуулсан бол энэ удаа дунд сургуулийн багш сурагчдын дунд технологи мэдлэгийн салбарын олимпиадыг мөн амжилттай зохион байгууллаа. Тэрбээр цаашдаа ч энэ мэт мэдлэгийн салбарыг дэмжсэн олон ажил хийхээр төлөвлөснөө арга хэмжээний үеэр танилцуулсан юм. Тухайлбал, Сонгино хайрхан дүүрэгт Бизнес инкубатор тавийг олон улсын жишиг загварын дагуу байгуулахаар төлөвлөөд байгаагаа дуулгасан. Хэрвээ уг төв байгуулагдвал гарааны бизнесүүд тус дүүрэгт бойжих таатай нөхцөл бүрдэх юм.

Эдгээр олимпиадуудын төгсгөлд шилдгээр шалгарсан багуудад Н.Учрал гишүүн өөрийн нэрэмжит цомыг гардуулсан бөгөөд тэрбээр үйл ажиллагааны хаалтын үеэр “Монгол хүн Монголдоо оюун ухаан, бүтээлч сэтгэлгээгээрээ сайхан амьдардаг тийм нийгмийг залуу үетэйгээ хамтдаа бүтээхийг хүсч байна” гэсэн ерөөлөөр үйл ажиллагааг өндөрлүүлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж