Галд гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Галд гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ

Галд гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алджээ

Галын улмаас гэр бүлийн дөрвөн гишүүн амиа алдсан харамсалтай хэрэг энэ сарын 21-нд  Баянзүрх дүүргийн 22-р хороонд байрлах Монелийн 30 дугаар гудамжид гарсан байдаг.

Анх “гал гарсан” гэх дуудлагыг тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс 17.15 цагт хүлээн авч, Аврах, гал унтраах 63 дугаар ангийн алба хаагчид очиход таван ханатай монгол гэр дүрэлзэн шатаж байжээ. Онцгойгийнхон шуурхай ажиллаж дүрэлзэж буй галыг 20 минутын дараа унтраасан аж. Харамсалтай нь гэр бүлийн дөрвөн хүнээс хэнийх нь ч амийг аварч чадаагүй байна. Галын улмаас 49 настай эрэгтэй, 39 настай эмэгтэй болон долоон настай охин, таван сартай хүү амиа алджээ. Талийгаач А.Э нар хүүхдийнхээ хамт орон дээрээ зэрэгцэж хэвтсэн байдалтайгаар олджээ.

Хэрэг явдлын дараа талийгаачдын цогцсыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн байна. Одоогоор мэргэжлийн байгууллагууд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн Улаанхуарангийн Монелийн тус тоот гудамжид биднийг очиход гал түймэр гарсан тус хашаа эзгүй, цас их орсон учраас гал түймэрт шатсан гэрийн буурь л харлаж харагдав.

Хөршүүдийнх нь мэдээлснээр галд шатсан гэр бүл айлын хашаанд амьдардаг байжээ. Гал гарах мөчид ямар нэгэн чимээ шуугиан сонсогдоогүй, харин галын машин ирчихсэн хөл хөдөлгөөн болж бужигнахад л болсон явдлыг мэдсэн. Галын дуудлагыг анх ойр орчмынх нь хүүхдүүд өгсөн. Талийгаачийнх өнгөрсөн жил нүүж ирсэн, гал гарсан үед хашааны хаалга нь онгорхой байх шиг харагдсан. Түүнээс өөр мэдээлэл байхгүй байна” гэв.

Эх сурвалжийн мэдээлснээр амиа алдсан өрхийн тэргүүн Э нь хувиараа бизнес эрхэлдэг байсан бол  гэргий А нь бага насны хүүхдээ хараад гэртээ суудаг байсан аж.  Тархиндаа цус харвасан байсан тул ажил хийх боломжгүй гэнэ. Тэд хүү, охинтой байсан. Ууган охин О нь Баянзүрх дүүргийн нэгэн сургуульд хоёрдугаар ангид суралцдаг басан, тус сургуульд 2017 оны есдүгээр сард шилжиж ирсэн гэнэ.

Гал гарахаас хэдхэн цагийн өмнө /2018.02.21/  охины аав нь сургууль дээр ирээд түлхүүр аваад явжээ. Үүний дараа 16.30 цагийн орчимд ээж нь охиноо сургуулиас нь аваад гэр лүүгээ харьсан байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр гал үүдэн хэсгээсээ гарсан байх магадлалтай, харин гарах үед тус хашаанд талийгаач нараас өөр том хүн байгаагүй. Хашаагаар нь өөр гаднын хүн орж ирээгүй гэдгийг хэлэв.

Эл хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаарт хэлтэст  шалгаж буй бөгөөд галын шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа юм. Мөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байгаа учраас албаны хүмүүс  дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэж хариуллаа. Галын дүгнэлт ойролцоогоор 14 хоногт багтан гарах юм байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж