АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт Цагаан ордонд мужийн захирагч нартай уулзалт хийх үеэр Хойд Солонгосын асуудал одоогийн ийм байдалд хүрсэнд АНУ-ын өмнөх ерөнхийлөгч нар болох Жорж Буш, Барак Обама нарыг буруутгажээ.
Трамп ‘Бушийн засаг захиргаа юу ч хийгээгүй. Барак Обамагийн засаг захиргаа зарим нэг оролдлого хийсэн. Обама өөрөө надад “Хойд Солонгосын асуудал бол хамгийн ноцтой ганц асуудал” гэж хэлж байсан. Гэвч тэд бас л юу ч хийгээгүй. Хэрэв тэр үед асуудлыг цэгцэлсэн бол одоогийнх шиг нөхцөл байдал үүсэхгүй байх байсан” гэжээ.
Трамп Хойд Солонгосын талаар явуулж буй бодлогоо өмнөх засгийн газруудтай харьцуулан, сүүлд авсан хориг арга хэмжээ шууд үр нөлөөгөө үзүүлнэ хэмээн мэдэгджээ.
Хойд Солонгосын цөмийн зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүд Трампын засаг захиргаанд удаа дараа заналхийлсэн. Харин АНУ-ын цөмийн шинжээчид Хойд Солонгос АНУ-д цохилт өгөх хүчин чадалтай цөмийн зэвсэгтэй болоход дахин хэдэн сар шаардлагатай гэж үзсэн.
Пхеньяны заналхийллийн хариуд Трамп Хойд Солонгост цөмийн зэвсэгтэй болох боломж олгож, АНУ болон холбоотнуудаа аюул эрсдэлд оруулахгүй хэмээн мэдэгдсэн.
Трамп сарын өмнө Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа өмнөх ерөнхийлөгч Жорж Буш, Барак Обама нарыг Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох дорвитой арга хэмжээ аваагүй гэж буруутгаж байсан юм.
Эх сурвалж: CNN