Ж.Ирмүүн: Эцэг, эхчүүд үр хүүхдээ бодоосой

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Ж.Ирмүүн: Эцэг, эхчүүд үр хүүхдээ бодоосой

Ж.Ирмүүн: Эцэг, эхчүүд үр хүүхдээ бодоосой

Гэр бүлийн үнэ цэнэ, ээдрээт  хайр сэтгэлийн тухай өгүүлэх “Би эндээс явахгүй” уянгын драмын жүжиг өнөөдөр /2018.2.27/ нээлтээ хийнэ. Тус жүжгийн Батаагийн дүрийг бүтээж буй Ж.Ирмүүнийг түр “саатууллаа”.

-Өөрийгөө товч танилцуулахгүй юу?

-Намайг Ж.Ирмүүн гэдэг “Эхлэл” сургуулийн VII  ангид сурдаг.

-Жүжигчин болох мөрөөдөлтэй гэж сонссон. Мөрөөдөлдөө хүрэх  том алхам хийсэнд баяр хүргэе?

-Баярлалаа, мөрөөдлөө биелүүлэхээр Хүүхдийн ордны драмын дугуйланд хичээллээд нэг жил болж байна. Хүссэн хүн бүр орж, дүр бүтээж  чаддаггүй Улсын драмын театрын тайзнаа дүр бүтээж мөрөөдөлдөө алхам ойртож байгаадаа баяртай байна. 

-10 гаруй хүүхдээс шалгарч уг дүрийг бүтээхээр болсон гэсэн. Найруулагчийн “хайрыг” чиний юу татсан бол. Магадгүй удам дамжсан авьяас нөлөөлсөн юм болов уу?

-Дүрийн шалгаруулалт болох талаар дугуйлангийн багш маань манай ангийнханд дуулгасан. Ингээд ангийн хүүхдүүдтэй шалгаруулалтад орж тэнцсэн. Найруулагч яагаад намайг сонгосныг түүнээс асуух нь зөв байх.

Манай эмээгийн өвөө Л.Лувсан гэж маш чадварлаг жүжигчин байсан. Тоглосон киноноос нь өвөөгөө харж, түүгээр бахархдаг. Гэхдээ энэ нь дүр бүтээхэд нөлөөлөөгүй байх. Учир нь, намайг түүний үргэлжлэл гэдгийг найруулагч шалгаруулалтын дараа, саяхан мэдсэн.   

-Бүтээж буй дүрээс тань үзэгчид юуг ойлгоосой гэж хүсэж байна вэ?

-Миний бүтээж буй дүр аавгүй явсаар бэтгэрч, үечилсэн саажилттай болсон айлын ганц хүү. Жүжгийн гол дүр Дорлиг хүүгээ хорвоод мэндэлсэн гэдгийг мэдэлгүй олон жил болдог. Нэгэн өдөр хүүтэйгээ уулзаж энэ талаар мэддэг. Ингээд хүүг эмчилж хөл дээр нь босгодог.

Гэр бүл салалтаас болж хүүхэд хэрхэн шаналдгийг Батаагийн дүрээр дамжуулж мэдэрсэн. Гэтэл гэр бүл салалт нийгэмд маш их болсон.  Олон хүүхэд энэ шаналлыг мэдэрч байгаа. Гэр бүл салалт гэдэг зүйл байхгүй байсан бол тухайн хүүхэд сэтгэлийн зовлонгүй, амар тайван байж, ямар том амжилт бүтээх боломжтой байсныг хэн ч мэдэхгүй.  Тиймээс энэ дүрээр дамжуулан хүмүүс гэр бүлдээ үнэнч байж, дотно, халуун дулаан харилцаатай байгаасай, ямар ч үед хамгийн түрүүнд үр хүүхдээ, тэдний ирээдүйг бодоосой гэж хүсэж байна.

-Түр “саатсанд” баярлалаа. Мөрөөдлөө биелүүлж, алдарт жүжигчин болохыг хүсье?

-Баярлалаа.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж