Татварын орчноо ил тод болгохыг зөвлөв

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Татварын орчноо ил тод болгохыг зөвлөв

Татварын орчноо ил тод болгохыг зөвлөв

Монголын Бизнесийн зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг уламжлалт уулзалтаа өнөөдөр /2018.02.27/ хийлээ. Хоёрдугаар сарын ээлжит уулзалтаар тус зөвлөлөөс Татварын хуулиудын шинэчилсэн найруулга дээр өөрсдийн саналаа хүргүүлэхээр ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа дуулгасан юм.  Эл уулзалтад Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар болон гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцож, санал бодлоо солилцлоо. 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад суугаа Элчин сайдуудад хандан хэд, хэдэн зүйлийг тодотгон хэлсэн юм.  Тэрбээр Монгол Улсын эдийн засаг таамаглаж байснаас харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан. Тодруулбал, ДНБ-ийн өсөлт 5.1 хувь, Гадаад худалдааны тэнцэл анх удаа 62.7 сая ам.долларын ашигтай гарсан зэрэг эдийн засгийн эерэг үзүүлэлтийг онцолсон билээ. Гэхдээ цаашид хэт өндөр өсөлт рүү тэмүүлэхээсээ илүүтэй тогтвортой өсөлтийг хангах чиглэлд ажиллана. Ингэхийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх нь чухал гэв.  Мөн татварын хуулиудын шинэчлэлд Элчин сайдууд болон Монгол Бизнесийн Зөвлөлийн ажлын хэсгийн санал, зөвлөмжийг оруулах чиглэлд дэмжиж ажиллана гэдгээ дуулгасан билээ. Үүнээс гадна, тэрбээр Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдсан гэдгийг дуулгаж, хуулийн төсөлд Элчин сайдуудыг санал, шүүмжээ өгөхийг уриалсан юм. 

Үүний дараагаар Монгол Улсын татварын орчны талаар Элчин сайдууд байр сууриа илэрхийлэв 

Австрали Улсын Элчин сайд Жон Лангтри 

 

Монгол Улсад Австралийн 50 орчим аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь уул уурхайн  салбарт үйл ажиллагаа явуулдаг. Австрали улс Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой байдаг. Гэхдээ хоёр төрлийн асуудал дээр Монгол Улс анхаарах хэрэгтэй гэж харж байна. 

  •  Бодлогын орчин болон татварын орчин ил тод, ойлгомжтой, таамаглахуйц байх хэрэгтэй.
  • Арилжааны маргааныг арилжааны зарчмаар нь шийдэх тал дээр Монгол Улс анхаарах хэрэгтэй байна. Аливаа арилжааны маргаан эрүүгийн хэрэг болж шийдвэрлэх тохиолдол бий. Үүнээс гадна, арбитрын шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд анхаарал хандуулах нь чухал.

Монголын ААН-үүд бидэнтэй адил төстэй байр суурьтай байгаа гэж найдаж байна. 

БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин

Монгол Улсын эдийн засаг өсч байна. Энэ амжилтад хүрэхэд амаргүй замыг тууллаа. Саяхан БНХАУ-ын КН-ын 19 дүгээр хурал болсон. Энэ үеэр Хятад улс цаашдын хөгжлийн замаа тодорхойллоо. Бид ямар нэг улсыг ялгаварлан гадуурхахгүйгээр хамтдаа хөгжих замыг сонгосон. Үүнээс гадна өнгөрсөн тавдугаар сарын "Нэг бүс-Нэг зам" олон улсын хурал БНХАУ-д болсон. Энэ хуралд Монголын төлөөлөгчид оролцсон. Бид харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлээд явах боломжтой, тодорхой нэг төсөл дээр хамтран ажиллана гэж найдаж байна. 2018 онд тохиох хоёр талын дээд хэмжээний харилцан айлчлал өндөр үр дүндтэй байх болов уу гэж харж байна гэв. 

БНЧУ-ын Элчин сайд Ийржи Бродский

Чех Монгол Улстай ойр улс. Хэдийгээр хоёр талын худалдааны эргэлт чамлалттай байгаа ч гэсэн ирэх жилүүдэд худалдааг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллана гэж найдаж байна. Бид Чехийн алдарт брэндийн Skoda зэрэг алдартай автомашин, автобус оруулж ирэх, шар айргийг Монголд эргүүлэн нутагшуулах тал дээр хүлээлттэй байна.

Монголчууд Чехэд ажиллах хүсэл их бий. Үүнтэй холбоотойгоор, төрөл бүрийн мэдээлэл цацагдаж байна. Бидэнд ажиллах хүсэлт илэрхийлсэн олон визний хүсэлт ирж байна. Харамсалтай нь, бид бүгдийг нь шийдэх болможгүй. Ямартай ч хууль бус зуучлалын агентлагаар дамжуулалгүй, шууд Элчин сайдын яаманд хандах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. 

ХБНГУ-ын Элчин сайд Штефан Дуппел

Мэдээж, Монгол Улсын бодлогын орчин ойлгомжтой, таамаглахуйц байхыг хүсч байна. Мөн Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалт татах, авлига болон засаглалын асуудлаа анхаарвал татварын орчин сайжирна гэж харж байна. Шинэ хууль батлаад явахын оронд өмнө нь батлагдсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаараарай гэж зөвлөмөөр байна.

Ирэх тавдугаар сард Монгол-Германы Засгийн газар хоорондын уулзалт болно. Европын холбооны төлөөллүүд ч ирэх байх. Энэ үеэр олон асуудал яригдана гэж найдаж байна. 2011 оны хэлэлцээрийн хэрэгжилт хангалтгүй байлаа. Цаг үе нь ч тэгж таарлаа. Эдийн засгийн уналттай үе таарч хэлэлцээрт заагдсан зүйл заалтууд хэрэгжилт муу байлаа. Харин одоо 2018 он таатай үе ирж байна гэж бид харж байна. Дээрх хэлэлцээрийг хэрэгжүүлээд явах боломж бидэнд байна. 

Итали Улсын Элчин Сайд Андре Дэ Фэлип

Итали улс Монгол Улстай хамтарч ажиллаад багагүй хугацаа өнгөрлөө. Бид саяхан л Элчин сайдын яамаа нээлээ шүү дээ. Хоёр улс хоёулаа эдийн засгийн хямралтай байлаа. Үүнийгээ даван туулах гэж их хүчин чармайлт гаргалаа. Харин одоо эдийн засаг харилцан өсч байна. Италийн эдийн засгийн өсөлт 1.5 хувьтай гарсан. Энэ нь Азичуудын хувьд бага үзүүлэлт хэдий ч Европчуудын хувьд чамлахааргүй үзүүлэлт юм.  Миний хувьд Италийн бизнес эрхлэгчдэд Монгол Улсад хөрөнгө оруулахыг уриалдаг. Монгол Улсыг бүс нутгийн зангилаа төв хэсэг гэж хараасай гэж тэдэнд зөвлөдөг  

А.АНИР
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж