Дипломатууд Элчингээ томилж чадахгүй байгааг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Дипломатууд Элчингээ томилж чадахгүй байгааг шүүмжлэв

Дипломатууд Элчингээ томилж чадахгүй байгааг шүүмжлэв

Он дамжин яригдаж байгаа гурван улсын Элчин сайдыг хэзээ томилох бол гэдэг асуудал хэн бүхний сонирхлыг татаж байна.

УИХ-аас 2017 оны тавдугаар сард Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг үндэслэн АНУ-д суух Элчин сайдаар Ё.Отгонбаярыг, Канад улсад суух Элчин сайдаар Н.Чимгүүндарийг, Япон улсад суух Элчин сайдаар Г.Тэнгэр нарыг дэмжин баталсан. Элчин сайдуудын агреман нь ирсэн ч энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ‘Элчин сайд нартай холбоотой хэд хэдэн асуудал бий. Ярилцах хэрэгтэй. Энэ нь зогсохгүй үргэлжилдэг үйл явц шүү дээ. Энэ талаар Ерөнхийлөгч, УИХ-тай байнга ярилцана. Ерөнхийлөгчийн шийдэх ч асуудлууд бий’ гэдэг хариултыг өгч байгаа юм. Харин үе үеийн дипломатууд эх орондоо ‘саатуулагдсан’ Элчин сайд нарын асуудалд ямар байр суурьтай байгааг сонслоо. 

БНЭУ-д суух онц бөгөөд бүрэх эрхт Элчин сайд асан О.Нямдаваа:

-Улс орноо төлөөлж гадаадад суухаар томилогдсон Элчин сайдын ажил тасралтгүй үргэлжлэх ёстой. Хэрэв Монгол Улс тухайн улстай харилцаа, хамтын ажиллагаагаа тасралтгүй явуулъя, эрчимжүүлье гэж бодож байгаа бол Элчин сайдаа илгээх ёстой. Энэ бол олон улсын хууль дүрэм. Гэтэл бид өнөөдөр өөрийн хүмүүсээ явуулж чадахгүй, дотооддоо маргаж, зөрчилдөж, хоорондоо зөвшилцөж чадахгүй байгаа нь гутамшиг. Энэ бол Монголчуудын гутамшиг юм. Бид хоорондоо үг хэлээ ололцох ёстой. Гэхдээ Монгол Улсаа төлөөлж чадах хүнийг явуулах ёстой. Улсынхаа эрх ашгийг дээдэлдэг, улс орныхоо гадаад бодлогыг зөв тайлбарлах чадвартай хүнээ явуулах ёстой. Дэлхий дээр Монгол туургатан 40-60 сая хүн байна. Тэд бүгд Монгол Улсыг шүтээнээ гэж үздэг. Тиймээс манай Засгийн газар 3 сая биш 40-60 сая хүний бодлого явуулах ёстой.

ЗХУ-д суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан Н.Мишигдорж:

-Элчин сайдын томилгоо дээд шатанд явахгүй байна. “Түгжээд” байгаа газар нь тодорхойгүй, зарим талын маргаан ч байна. Энэ бол өнөөдөр Монгол Улсын боловсон хүчний бодлого доголдож байгаагийн нэг жишээ юм. Монгол Улс өөрийнхөө дипломат төлөөлөгчийн газрынхаа тэргүүнийг хэзээ тавих гэж байгааг улс орнууд харж л байгаа. Одоохондоо хоёр орны хамтын ажиллагаанд нөлөөлсөн зүйл алга.  Хэрэв цаг хугацаа алдаад байвал хоёр орны хамтын ажиллагаанд зайлшгүй сөрөг нөлөө үзүүлнэ. 

НҮБ-ын байнгын төлөөлөгч асан Л.Эрдэнэчулуун:

-АНУ, Канад, Япон улсад Монгол Улсаа төлөөлж суух Элчин сайдууд агреманаа авчихсан. Гэтэл тэднийг явуулахгүй байна. Үндсэндээ томилгоогоо авчихсан хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч явуулахгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа бол үндэслэлээ гаргах ёстой. Монгол Улсын Ерөнхийлөгч үндэслэлээ гаргаад Засгийн газарт бичгээр өгчихсөн байна лээ. Нэгэнт агреман авчихсан хүн явахгүй байгаа нь зөвхөн монголын асуудал биш болчхоод байгаа юм. Хоёр орны хоорондын асуудал юм. Манай улсын энэ байдлыг гадны улс орнууд ойлгохгүй учраас тайлбар өгөөч гэж шаардаж магадгүй. Хэрэв шаардаад байвал Ерөнхийлөгчийн зүгээс хариу өгөх ёстой. Ийм олон орны Элчин сайдыг явуулахгүй байсан тохиолдол гарч байгаагүй. Өнөөдөр сонин үзэгдэл Монгол Улсад л гарч байна. Нэг талаараа харамсалтай. Хэрэв энэ гурван хүнээ явуулахгүй байсан бол агреман авахаас өмнө зохицуулах ёстой байсан. Нэгэнт агреман өгчихсөн учраас Монголын асуудлаас хальсан учраас асуудалд арай өөрөөр хандах ёстой. 

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж