Монголын Хөлбөмбөгийн Холбооноос анхны жилдээ зохион байгуулж буй футзалын нэгдүгээр лигийн хаалтын үйл ажиллагаа энэ бямба гаригийн 19:00 цагт болно.
Футзалын нэгдүгээр лигийн сүүлчийн тойрогт ялагчийн хувь заяа хийгээд медалийн эзэд тодрох тул уйдах завгүй долоо хоног биднийг хүлээж байна. Аваргын төлөө өрсөлдөж буй хоёр багийн нэг Дархан-Уул аймгийн шигшээ баг өнөөдөр 19:00 цагаас “Сонор” клубтэй чухал хариуцлагатай тоглолт хийнэ.
С.Жаргалсайхан дасгалжуулагчийн шавь нар “Сонор”-ыг хожиж, өөрсдөөс шалтгаалах зүйлээ хийсэн тохиолдолд “Жипро” клубийн үлдсэн тоглолтын үр дүнг хүлээх шаардлагатай болох юм. Учир нь “Жипро” үлдсэн хоёр тоглолтдоо “ШМ Баянгол”, “Монголын тэмүүлэл” клубүүдийг хожиж чадвал, Дархан-Уул аймгийн багтай оноо тэнцэн, хоорондын тоглолтод хожсон гэдэг утгаараа түрүүлэх боломжтой байгаа. Эдгээр сонирхолтой тоглолтуудыг та бүхэн МХБХ-ны футзалын ордонд хүрэлцэн ирж үнэ төлбөргүй сонирхохоос гадна mycujoo.tv ээр шууд хүлээн авч үзээрэй.
Эх сурвалж: МХБХ