ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн энгийн номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд даваа гаригт орон нутгийн цагаар 09:00 -14:00 цагийн хооронд гал зогсоохыг мөргөлдөгч талуудаас уриалжээ.
Сирийн засгийн газрын цэргүүд болон босогчдын хооронд ширүүн мөргөлдөөн болж буй энэ үед хүмүүнлэгийн коридор байгуулан галын бүсэд хоригдсон энгийн номхон иргэдийг гаргахаар төлөвлөж байгаа юм байна.
Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг дэмжин, тусалж буй ОХУ-ын цэргүүд босогчдын хяналтад буй Гута хотыг чөлөөлөхөөр тэмцэж байгаа ажээ.
НҮБ өнгөрсөн бямба гаригт Сирийн сөргөлдөгч талуудаас 30 хоногийн хугацаанд гал зогсоохыг шаардаж, уриалга гаргасан боловч хотод буудалцаан, бөмбөгдөлт намжих шинжгүй байна.
Гута хотын захын дүүрэгт хлорт хийнд хордсон 16 хүнийг эмнэлэгт хүргэсэн ажээ. Тэдний дунд хүүхдүүд ч байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN