Баяртай, баярлалаа Пёнчан

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Баяртай, баярлалаа Пёнчан

Баяртай, баярлалаа Пёнчан

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо хоёрдугаар сарын 9- 25-ны хооронд хүн төрөлхтний цэнгэлийн манлай XXIII дахь удаагийн өвлийн олимп болж,  дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 92 орны 2922 (1680 эрэгтэй, 1242 эмэгтэй) тамирчин спортын 15 төрөлд 102 багц медалийн төлөө өрсөлдлөө. 

Олимпийн наадмын сүүлийн өдөр (2018.02.25) хуваарь ёсоор хоккей, бобслей, кёрлинг, гүйлтийн цанын тэмцээн мөн уран гулгалтын гала тоглолт болж, дараа нь Улаанбаатарын цагаар 19:00 цагаас Пёнчаны олимпийн хаалтын ёслолын арга хэмжээ болсон. 

Та бүхэндээ 1964 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй өвөл, зуны олимпийн тоглолтыг шууд дамжуулсан Хойд америкийн “NBC” телевизийн хаалтын ёслолоос онцолсон 10 үйл явдлыг танилцуулъя. 

1. 13 настай рок гитарчин Ян Тэ Хуан

Өмнөд Солонгосын SBS телевизийн “Star King” шоугаар олны танил болсон 13 настай гитарчин Ян Тэ Хуан Венецийн алдарт хөгжмийн зохиолч, хийлч Антонио Вивальдигийн “Дөрвөн улирал” аялгууг цахилгаан гитартай тоглосон нь гайхамшигтай урлагийн үзүүлбэр байв. Түүний аянд ионы гэрлэн хувцас бүхий бүжигчид гэрэлт шугаман зам дээр бүжиглэн, видео тоглоомын Activision компанийн бүтээл“Guitar Hero” тоглоомыг Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд авчирсан билээ.

2. Агаарт даллах цагаан бар

Компютерийн “INTEL” компани Пёнчаны олимпийн нээлтийн арга хэмжээнд зориулан цэнгэлдэхэд 1218 ширхэг дрон нисгэж, олимпийн таван цагирагийг дүрсэлсэн дроны шоугаараа гинессийн номд бүртгүүлсэн. Тэгвэл хаалтын ёслолд Өмнөд Солонгосын эртний үлгэрт гардаг, ард түмнийг аюулаас хамгаалагч, итгэл хүч чадлын илэрхийлэл болсон өвлийн олимпийн билгэдэл Цагаан бар Сүүхоронгийн дүрсийг цэнгэлдэхийн гадна мөн дроноор үүсгэлээ. 

3. Хуруугаар зүрх дүрслэх аянд Томас Бах тэргүүтэй тамирчид нэгдлээ

Өмнөд Солонгос улсад түгээмэл тархсан хайраа илчлэх дохио болсон хуруугаар зүрх дүрслэх аянд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах, Пёнчаны олимпийн зохион байгуулах хорооны дарга И Хэ Бём, АНУ-н Линдси Вонн, Хлое Ким, Францын Мартен Фуркад, Өмнөд Солонгосын Юн Сун Бин, Хятадын Лю Жяюй, Тонга улсын Пита Тауфатофуа, Хойд Солонгосын Ким Жу Сик нарын олимпийн наадамд оролцсон тамирчдын төлөөлөл нэгдэн хаалтын ёслолын үеэр хамтдаа сельфи татуулжээ.

4. K-POP давалгаан

Сүүлийн жилүүдэд дэлхий дахиныг байлдан дагуулаад байгаа K-POP урсгалын гол төлөөлөгчид болох Өмнөд Солонгосын 2NE1 хамтлагын дуучин рэппер CL { бүтэн нэр нь Ли Че Рин } хаалтын ёслолын арга хэмжээн дээр өөрийн хит сингл болох “The Baddest Female” “I Am the best” гэсэн дуунуудаа дуулан цэнгэлдэхийг доргиосон бол БНХАУ, БНСУ-ын 9-н хүний бүрэлдэхүүнтэй Солонгосын ‘S.M. Entertainment’ продакшнаас бэлтгэгдэн гарсан хөвгүүдийн EXO хамтлаг өөрсдийн хит “Growl” “Power” дуунуудаа олон сая үзэгчдийн өмнө толилуулсан юм.  Түүнийг “Power” дуугаа дуулсны дараа цэнгэлдэхийн гадаа галт наадам болсон.  Хөвгүүдийн EXO хамтлагийн нэр хүнд сүүлийн жилүүдэд гэрлийн хурдаар өсөн нэмэгдэж байгаагийн тод жишээ гэвэл хаалтын ёслолын ажиллагаа эхлэхээс өмнө арын тайзанд ОУОХ-ын ерөнхийлөгч Томас Бах, Олимпийн мөнгөн медальт дэлхийн хошой аварга ОХУ-ын уран гулгагч Евгения Медведева нар EXO хамтлагийн гишүүдтэй зураг авхуулан хэвлэлийнхэнд тус хамтлагийн дууг сонсох дуртай гэдгээ хэлсэн байна.

5. Түүхэнд үлдэх Марит Бьёргений торгон агшин

Өвлийн олимпод гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30 км бөөн гараа, эрэгтэйчүүдийн 50км бөөн гарааг хуваарь ёсоор тэмцээний сүүлийн өдөр уралдуулж медалийн эздийг хаалтын ёслол дээр хүндэтгэлтэйгээр  гардуулдаг уламжлалтай. “Пёнчан-2018” өвлийн олимпийн хамгийн сүүлийн тэмцээн болох гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 30км бөөн гараанд түрүүлсэн Норвегийн домогт тамирчин Марит Бьёрген хаалтын ёслол дээр алтан медаль хүртэн төрийн дууллаа эгшиглүүлсэн юм. Өвлийн олимпийн түүхэнд хамгийн олон медальтай гэх Норвегийн алдарт Биатлонч Уле Эйнар Бьорндалений 13-н медалийн рекордыг нутаг нэгт Марит Бьёрген 15 болгон ахиулсан байна. Дээр нь түүний алтан медалийн ачаар Норвеги улс медалийн чанараар Германыг гүйцсэн бөгөөд 2 улс ижилхэн 14 алтан медаль хүртсэн ч Норвегичууд 39 медалийн тоогоор багийн дүнг тэргүүлжээ.

6. Солонгосын хойгийн тамирчид тус тусын туган дор хамтдаа жагсав

2000 оны Сиднейн зуны олимпийн нээлтэнд  БНСУ, БНАСАУ -ын тамирчид хамтдаа нэгэн туган дор жагссанаас хойш Пёнчаны өвлийн олимпод 2 Солонгосын баг тамирчид  Солонгосын хойгийн далбаан дор дахин хамтдаа эв нэгдэлтэйгээр жагссан билээ. Тэгвэл хаалтын ёслол дээр өөрсдийн туг далбаан дор хамтдаа жагсан оролцлоо. Өмнөд Солонгосын тугчаар олимпийн аварга шорт трекийн тамирчин И Сын хүнь ажилласан бол Хойд Солонгосын тугийг уран гулгагч Ким Жу Сик хүндэтгэлтэйгээр цэнгэлдэхэд залсан юм.

Дээр нь хаалтын ёслол дээр олимпийн наадмаас медаль хүртсэн мөн арга хэмжээнд оролцож буй тамирчид цэнгэлдэхэд инээд хөөр нөхөрлөл эв нэгдэл дүүрэн өөр хоорондоо найрсаг харилцан өөрсдийн гар утасаар бичлэг бичиж байсан нь өөрийн эрхгүй олны анхаарлыг татаж байлаа.

7. Барууны ажиглагчид Иванка Трампыг анхааралдаа авлаа

Пёнчаны олимпийн хаалтын ёслолын арга хэмжээнд өөрийгөө төлөөлүүлэн АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп, түүний зөвлөх, өөрийн охин Иванка Трампийг илгээсэн билээ. Түүнийг дагалдан АНУ-БНСУ-ын хамтарсан цэргийн хүчний командлагч Винсент Бруукс, Сенатын ойрхи Дорнод, өмнөд болон төв ази хариуцсан гадаад харилцааны дэд хорооны дарга Жеймс Риш нар Пёнчанд айлчилж байгаа юм. Иванка Трампыг хаалтын ёслолын арга хэмжээнд оролцох үеэр хүндэт зочдын суудалд түүнтэй ойролцоо суусан БНАСАУ-ын армийн генарал, Хойд Солонгосын тагнуулын газрын дарга Ким Ён Чол болон БНСУ-ын ерөнхийлөгч Мун Жэ Интэй хэрхэн хэрхэн харилцах нь баруун ажиглагчдын анхаарлын төвд байсан билээ.

8. “Тослог” Тонга залуу гайхашруулсан хэвээрээ

2016 оны Риогийн олимпийн нээлтийн арга хэмжээнд олны танил болсон Тонга улсын тамирчин Пита Тауфатофуа Риод таэквондогийн төрөлд өрсөлдсөн ч эхний тойрогт өрсөлдөгчдөө  ялагдсан Пита өвлийн олимпийн хамгийн хэцүү төрөл гүйлтийн цанын тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгдэж байсан. Гэвч цас огт харж байгаагүй Номхон далайн орны тамирчин өвлийн олимп эхлэхээс хэдхэн сарын өмнөөс бэлтгэл сургуулилт хийж, “Пёнчан 2018”-д  оролцох эрх авч чадсан билээ. Тэрбээр нийт 119 тамирчин өрсөлдсөн гүйлтийн цанын 15,000 метрийн тэмцээнд 114-р байр эзэлж, түрүүлсэн тамирчнаас 22 минутын дараа барианд орсон. Гэсэн ч Пита Тауфатофуа бууж өгөх талаар бодохгүй гэдгээ мэдэгдэн 2020 оны Токиогын зуны олимпод усанд сэлэлтийн төрлөөр оролцох болно хэмээн сэтгүүлчдэд мэдэгдэв. Пёнчаны олимпийн хаалтын ёслол дээр өнөө алдартай дүр төрхөөрөө гарч иржээ.

9. Баяртай баярлалаа Пёнчан, сайн байна уу Бээжин

Олимпийн наадмын хаалтын ёслолын арга хэмжээний сүүл хэсэгт олимпийн тугийг дараачийн зохион байгуулах улсад дамжуулан өгөх дүрэмтэй байдаг. Энэ хүрээнд Пёнчан хотын амбан захирагч Шим Жае Коок болон ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах нар олимпийн тугийг 2022 оны өвлийн олимпийг зохион байгуулах БНХАУ-ын Бээжин хотын дарга Шен Жинингэд гардуулаН өгснөөр Зуны олимп 2020 онд Японы Токио, 2022 оны өвлийн олимп Хятадын Бээжин хотод зохион байгуулагдахаар болж 6-н жилийн хугацаанд ази тив олны анхааралд орох нь гарцаагүй боллоо. Дүрмийн дагуу хаалтын арга хэмжээний сүүлд дараагийн өвлийн олимпийг зохиох Хятад улсын төлөөлөл урлагын шоу үзүүлбэр үзүүлсэн бөгөөд 2020 оны Бээжингийн  өвлийн олимпийн наадмын Маскот гэрлэн чимэглэлтэй 2 жижиг хулсны баавгай болон Хятад улсын сэргээн босголт үүх түүхийг агуулсан гэрлийн шоу тоглолт сонирхуулсан юм. Үзүүлэх тоглолтын төгсгөлд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпины 2022 онд Бээжинд уулзацгаая гэсэн богино хэмжээний мэндчилгээний дараа 56 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын үндэсний дуу бүжгийн ансамблийн дуучид БНХАУ-ын төрийн дууллыг дуулав.

10. Хаалтын шоу тоглолт

“Sony Music Records”-той гэрээтэй, DJ 2016, 2017 оны Mag’s сэтгүүлээс гаргадаг оны шилдэг Ди-Жей  нарын чансааг 2 жил дараалан тэргүүлсэн Нидерландын хөгжимчин Мартин Гаррикс хаалтын ёслолын дараа Пёнчаны олимпийн цэнгэлдэхэд нийт оролцогчдод өөрийн уран бүтээлээ сонирхуулжээ. Тэрбээр өөрийн алдартай сет болох “’Forever"Together” “ Animals’ ‘Pizza’ зэрэг уран бүтээлээс гадна хоёрдугаар сарын 23 нд алдарт Францын алдарт хөгжмийн зохиолч, продюсер Дэвид Геттатай хамтран бүтээсэн “Like I do” синглээ хаалтын ёслолд оролцсон тамирчид албаны хүмүүст сонсгожээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж