Тээврийн осол гаргасан жолоочийг шүүв

Хуучирсан мэдээ: 2018.02.27-нд нийтлэгдсэн

Тээврийн осол гаргасан жолоочийг шүүв

Тээврийн осол гаргасан жолоочийг шүүв

Зам тээврийн осол гаргасан гэх шүүгдэгч Д.Бат-Амгалангийн хэргийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр боллоо. Өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр БГД-ийн цагдаагийн II хэсгийн гарц дээр Bluebird маркийн автомашины жолооч гарцаар гарч байсан нэг айлын гурван хүүхдийг мөргөсөн осол гарчээ. Осол гарсан даруйд автомашины жолооч түргэн тусламж дуудсан байна. Ослын улмаас 19 настай эмэгтэй М нь аарцаг ясны зөрүүтэй хугаралттай болж, зургаан настай Б-гийн зүүн нүдний ухархай нь гавлын суурь яс руугаа цуурч хугарсан гэж оношилжээ. Одоогийн байдлаар хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, дүүргийн эмнэлгийн хяналтад байгаа аж. Хэргийн дараа хоёр тал тохиролцоонд хүрэлгүй явсаар шүүхийн байгууллагад хандсан байна. Учир нь шүүгдэгч талаас рентген зураг, нарийвчилсан томографийн шинжилгээ хийлгэх төлбөр, эм тариа нийлээд 553 мянган төгрөг өгснөөс өөр хохирол барагдуулаагүй гэнэ. Тиймээс анхан шатны шүүх хурлаар шүүгдэгч Д.Бат-Амгаланд таван сая төгрөгийн нэхэмжлэл гаргаж дараагийн шүүх хурлаас өмнө барагдуулах шийдвэр гарлаа. Хохирогч талын хэлж буйгаар осол гарснаас хойш ямар нэгэн тусламж дэмжлэг үзүүлээгүй бөгөөд шүүх хурал болохоос 30 минутын өмнө 2.7 сая төгрөгийг хоёр талын өмгөөлөгчийн дэргэд бэлнээр өгсөн байна. Өмнө нь нэг удаа хүүхдүүдийн аавтай уулзаж гурван сая төгрөг өгөөд тохирох санал гаргасан ч хүлээж аваагүй гэдгээ хэлэв. Харин шүүгдэгч талын хэлж буйгаар хоёр удаа мөнгө өгөхийг санал болгосон ч хүлээн аваагүй. Хүүхдүүдэд хийлгэх эмчилгээг тухай бүрт нь хийлгэсэн. Нөгөө тал өгсөн мөнгийг нь голсон учраас шүүхийн байгууллагад хандаж байна гэсэн юм. Дараагийн шүүх хурал гуравдугаар сарын 2-ны өдрийн 08.30 минутад СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болох юм.

М.БААСАНДЭЛГЭР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж