Авлигатай тэмцэх газар /АТГ/-т төрийн өндөр албан тушаалтнууд болон төрийн албаныхан хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаж өгөх ёстой. 2017 оны хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах хугацаа хоёрдугаар сарын 15-ны өдөр дуусгавар болсон. Хуулийн хугацаанд мэдүүлэг гаргах төрийн өндөр албан тушаалтнууд 272 байх ёстойгоос 271 нь хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. Төрийн өндөр албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй ганц хүн нь Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын дарга асан, Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-ны гишүүн Б.Билэгт байсан аж. Түүнд АТГ-аас хөрөнгө, орлогоо мэдүүлэхийг сануулсан боловч гаргаагүй юм байна. Тиймээс Авлигын эсрэг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх саналаа СЕХ-ны удирдлагад хүргүүлэхээр болжээ.
СЕХ-ны гишүүн Б.Билэгтийн хувьд 2017 оны буюу нэг жилийн хугацааны хөрөнгө, орлогоо мэдүүлээгүй учраас албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах хүртэл арга хэмжээ авах зохицуулалт үүсэх нь.
Авлигын ЭСРЭГ тухай хууль
13 дугаар зүйл. Хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үндэслэл:
13.8.1.нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг энэ хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;
13.8.2.зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
13.8.3.зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
13.8.4.нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.
13.9.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хяналт тавих үүргээ биелүүлээгүй, эсхүл холбогдох материалыг энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд ирүүлээгүй албан тушаалтныг эрх бүхий байгууллага, албан тушаалтан албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, уг зөрчлийг удаа дараа гаргасан бол албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулна.
Б.Билэгтийн хувьд 2012-2015 онуудад хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т хуулийн хугацаанд нь гаргаж өгч байжээ. Энэ хугацаанд тэрбээр Цагдаагийн ерөнхий газрын дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар тус тус ажиллаж байсан юм.
Хууль бусаар олсон хөрөнгийг хураах хүсэлт хүргүүлжээ
Хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргагч нь хөрөнгөжсөн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй бол хуулийн хариуцлага хүлээх ёстой.
АТГ-аас хийсэн мэдээллээр бол нэр бүхий дөрвөн албан тушаалтан хууль бусаар орлого олсон нь шүүхээр тогтоогдсон байна. Эдгээр нь 2015 онд хамаарах юм байна.
Тодруулбал,
Авто замын газрын орлогч дарга, Зам тээврийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга болон мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Р.Онон 4 өрөө орон сууцыг 460.000 ам.доллар буюу 644.955.000 төгрөгийг бэлнээр төлж худалдан авчээ. Уг байр нь 242 метр квадрат талбайтай Ривер гарден хотхонд байрлалтай аж. Гэвч хөрөнгө нь их хэмжээгээр нэмэгдсэнийг хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй юм байна.
Мөн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн салбарын дарга асан Л.Амарбат, П.Болдбаатар, хяналтын инженер Д.Баярсайхан, нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга асан Э.Хүрэлбаатар нарын хөрөнгийг хураах ёстой гэж АТГ үзсэн аж. Ингэхдээ АТГ-ын зүгээс Прокурорын тухай хууль болон Авлигын эсрэг хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн хууль бусаар олсон хөрөнгийг хурааж, улсын орлогод авч нийтийн эрх ашгийг хамгаалуулахаар прокурорын байгууллагад хүсэлт хүргүүлсэн байна.
Ш.ЧИМЭГ