Монголын драмын урлагийн нэрт уран бүтээлч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, авьяаслаг найруулагч Б.Баатар тэнгэрт хальжээ.
Найруулагч Б.Баатар нь 1984 онд Украины Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажилласан юм.
Найруулагч Б.Баатар 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан” зэрэг 20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын сор болсон уран бүтээлч байсан билээ.
Гүн эмгэнэл илэрхийлье.
Б.ЭНХ