Өмнөд Солонгос улс 2018 оны өвлийн Олимпийн наадмыг Пёнчан хотноо амжилттай зохион байгууллаа. Олон улсын анхаарлыг татсан спортын их наадам 70 гаруй жил зөрчилдсөн хоёр Солонгосын тамирчдыг нэг далбаан дор нэгтгэж, зөрчлийг зөөллөв.
Сөүлийн албаныхан өнгөрсөн 2017 оны сүүлээр Пхеньяны талтай хоёр орны хилийн бүсэд хэд хэдэн удаа уулзаж тохиролцсоны эцэст Хойд Солонгос өвлийн Олимпод хамтарч оролцохоор болсон. Сөүлийн тал өвлийн Олимпийн үеэр хамтын ажиллагаанд саад болсон Пхеньяны эсрэг зарим хоригийг түр хойш нь тавьжээ.
Өмнөд Солонгос нь Пхеньяны хөлөг онгоцыг боомтдоо зогсоохгүй байх хоригтой. Гэвч Хойд Солонгосын охидын хамтлагийг тээвэрлэхийн тулд 2010 онд баталсан хоригоо зөрчжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун охидын хамтлагаа заавал хөлөг онгоцоор тээвэрлэх шаардлага тавьсан аж. 140 гишүүнтэй Самжиён охидын хамтлагийг Хойд Солонгосын тансаг зэрэглэлийн Манёнбун-92 хөлөг онгоцоор зөөвөрлөжээ. 9700 тонн жинтэй уг хөлөг онгоц нь “хөвдөг зочид буудал” хэмээдэг. Харин Ким Ёо Жон тэргүүтэй албаныхан Хойд Солонгосын удирдагчдын хувийн онгоцоор Сөүлд ирж буцсан байна.
Сөүлийн хар жагсаалтад байдаг Хойд Солонгосын цэргийн тагнуулын генерал асан Ким Ён Чол Пёнчанд айлчлав. Тэрбээр өвлийн Олимпийн наадмын хаалтын ёслолын ажиллагаанд оролцох Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалжээ.
Ким Ён Чол 2010 онд Өмнөд Солонгосын 50 иргэний амийг хөнөөсөн хоёр халдлагыг зохион байгуулсан гэж сэжиглэгддэг. Эдгээр нь Чёнань хөлөг онгоцыг сөнөөснөөр 46 далайчин, Өмнөд Солонгосын арал руу их буугаар буудсанаар дөрвөн хүнийг хөнөөсөн аж. Гэвч Ким Ён Чол Хойд Солонгосын төлөөлөгчдийг даргалж буй учраас Сөүл түүнийг хар жагсаалтаас түр түдгэлзүүлжээ.
Хойд Солонгос улсаас 22 тамирчнаас гадна хөгжөөн дэмжигч, охидын хамтлагийн олон зуун хүнийг Пёнчан руу илгээсэн юм. Үүгээр ч зогсохгүй өвлийн Олимпийн наадмын нээлтийн ёслолд удирдагч Ким Жон Уны охин дүү оролцсон нь хойг хоёр хуваагдсанаас хойш Пхеньяны удирдагчдын гэр бүлээс анх удаа Өмнөд Солонгост хөл тавьжээ. Өдгөө 30 настай Ким Ёо Жон Сөүлд айлчлахдаа Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Инийг Пхеньянд хэлэлцээрт урьжээ.
Өвлийн Олимпийн наадмын хаалтын арга хэмжээнд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин, АНУ-ын ерөнхийлөгчийн охин Иванка Трамп нар нэг эгнээнд суусан бол Хойд Солонгосын төлөөлөгч Ким Ёо Чол тэдний арын эгнээнд суун үзжээ.
Олон улсын Олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах өвлийн Олимпийн наадам хаасныг зарлахын өмнө хоёр Солонгосын тал хамтран үг хэлжээ. Тэд “Олимпийн наадам бол өнгөрсөнд үзүүлж буй хүндэтгэл, ирээдүйд хүрэх итгэл найдвар. Бид нэгэн далбаан дор алхсанаараа бид бүгдийн амар тайван ирээдүйн төлөөх итгэл найдварыг түгээж байна. Спорт хэрхэн хуваагдсан дэлхийн хүмүүсийг нэгтгэж, гүүр болдгийг та бид харлаа” хэмээн мэдэгдсэн аж.