Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 21 дүгээр хуралдааны үйл ажиллагаа өнөөдөр (2018.02.26) ОХУ-ын Москва хотноо эхэллээ.
Хоёрдугаар сарын 26-28-нд үргэлжлэх Засгийн газар хоорондын комисс /ЗГХК/-ын хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид оролцож байна.
Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг үзэглэж, Монгол, Оросын ЗГХК-ын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс 13 дугаар хуралдаанаа явуулснаар Монгол, Оросын Засгийн газар хоорондын 21 дүгээр хуралдааны үйл ажиллагааны эхний өдрийн хөтөлбөр эхлэв. Түүнчлэн Монгол, Оросын ЗГХК-ын Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын шинжээчдийн түвшний хуралдаан, Үндэсний хэсгийн дарга нарын уулзалт, Боловсрол, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны дэд комиссын 5 дугаар хуралдаан болно.
ЗГХК-ын 21 дүгээр хуралдаан энэ сарын 28-нд болох бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Монгол, Оросын ЗГХК-ын Монголын хэсгийн дарга Ө.Энхтүвшин, ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын ЗГХК-ын Оросын хэсгийн дарга С.Е.Донской нарын ганцаарчилсан болон өргөтгөсөн уулзалт, комиссын нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.