"АТГ-ын Мөрдөн шалгах албыг татан буулгах нь зөв"

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

"АТГ-ын Мөрдөн шалгах албыг татан буулгах нь зөв"

"АТГ-ын Мөрдөн шалгах албыг татан буулгах нь зөв"

Авлигатай тэмцэх газар/АТГ/-ын дэргэдэх Мөрдөн байцаах албыг Прокурорын байгууллагын харьяанд байгуулах ёстой гэсэн асуудал хөндөж эхлээд байна. Энэ асуудлаар өмгөөлөгч О.Алтангэрэлээс дараах тодруулгыг хийлээ.

-Ардчилсан намыг Засгийн эрх барьж байхад буюу 2014 оны нэгдүгээр сард Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгаж, чиг үүргийг нь АТГ-т шилжүүлж байсан. Тусгай чиг үүргийн албан тушаалын хүмүүсийг шалгахын тулд ингэх шаардлага байна гэж үзээд өөрчилсөн. Гэтэл одоо хуучнаар нь буюу Прокурорын харьяанд шилжүүлэх шаардлага тавигдаж эхлэх. Хэр зөв шаардлага вэ?

-Манаачийг хэн манах вэ гэдэг шаардлагаас энэ асуудал гарч ирж байгаа. Өнгөрсөн жилүүдэд “АТГ-ын үйл ажиллагаа хэт нэг талыг барьж байна, улс төрийн зорилгоор ашиглагдаж байна” гэдэг шүүмжлэлд маш их өртлөө.

Өнөөдөр яг үнэндээ АТГ-ын мөрдөн байцаагч авлига авч байна уу, үгүй юу, АТГ-ын мөрдөн байцаагч хувийн ашиг сонирхлоор асуудалд хандаж байна уу гэдгийг хөндлөнгөөс хараат бусаар шалгачих газар үгүйлэгдэж байгаа.

Нөгөө талаар цагдаа болон тагнуулын байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа мөрдөгч нар хуульд нийцүүлж үйл ажиллагаа явуулж чадаж байгаа юу гэдэг эргэлзээ үүсээд өөрөө, өөрсдийгөө шалгаж чадах уу гэдэг асуудал гарч байгаа.

Санаж байгаа бол өнгөрсөн хугацаанд АТГ-ын үйл ажиллагаатай холбоотойгоор төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс болон бизнес эрхлэгчдээс гомдол гарсан ч энэ бүхэн эцэслэгдээгүй, замхарсан, АТГ өөрөө, өөрийгөө шалгадаггүй.

Эндээс үндэслээд тусгай субьектыг шалгах алба зайлшгүй шаардлагатай юм байна гэж үзэх болсон.

-АТГ-ын дэргэдэх Мөрдөх албыг татан буулгаад хуучнаар нь Прокурорын харьяанд байгуулахад эрсдэл бий юу?

-Прокурорын дэргэд Мөрдөн шалгах алба байх ёстой юм байна гэдгийг нэг байгуулж үзээд, мөн нэг татан буулгаж үзээд ойлголоо. Эрсдэл гэхээсээ илүү ололттой тал нь илүү байна.

УИХ-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу мөрдөгч, Прокурорын байгууллагын эрх хэмжээ нэмэгдсэн. Мөрдөгчтэйгээ нийлээд хэрэг илрүүлэх боломж нэмэгдсэн. Тэгэхлээр энэ эрх хэмжээний хүрээнд Прокурорын дэргэд Мөрдөн байцаах албыг байгуулаад тус албаараа хяналтад орохгүй байгаа албаддаа хяналт тавих нь зүйтэй юм.

-Прокурорын дэргэдэх Мөрдөх албыг 2002 онд байгуулсан ч 2014 онд татан буулгасан. Ямар шалтгаанаар татан буулгасан юм бол?

-Тухайн үед Мөрдөн шалгах ажиллагаа хэтэрхий олон салаа мөчиртэй байна гэж үзсэн. Учир нь Цагдаа, Хил хамгаалах байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулдаг, тагнуул мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байсан. Мөн Прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах алба нь прокурорын нөлөөн дор ажиллаж байна, гар хөл нь болж байна гэсэн шүүмжлэл гарч, бүтэц орон тооны хувьд цөөлөх ёстой гэдэг үндэслэлээр татан буулгаж байсан. Эргээд харахад буруу болсон.

-УИХ-ын зарим гишүүн УИХ дэргэдээ Мөрдөн шалгах хороотой байх нь зөв юм байна гэдэг асуудлыг ярих боллоо?

-Олон улсын парламент нь дэргэдээ мөрдөн шалгах хороо гэдэг бүтэцтэй байдаг. Энэ асуудлаар өмнө нь би судалгаа хийж байсан.

Мөрдөн шалгах хороо бол зөвхөн нэг асуудлаар байгуулагддаг, хүний гэм буруутай эсэхийг тогтоодоггүй. Тухайн үйл баримтыг олны сонорт хүргэдэг. Өөрсдөө хэлэлцдэг, далд болон ил хэлбэрээр хийдэг. Ардчилсан засаглалтай орны парламентад байдаг л бүтэц. Энэ асуудлыг цаашид судалж, ярилцах шаардлагатай.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж