Улаан асрын зүүд (64-р бүлэг)

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

УЛААН АСРЫН ЗҮҮД

Улаан асрын зүүд (64-р бүлэг)

Улаан асрын зүүд (64-р бүлэг)

“Улаан асрын зүүд” хэмээх эл зохиол бол Хятадын эртний сонгодог уран зохиолын гэрэлт хөшөө юм. Номыг зохиогч Цао Шюэчинь ийм гайхамшигт зохиол бичиж чадсан нь тvvний төрөлх авьяас чадвар, мэдлэг боловсролтой холбоотойгоос гадна туйлын баян чинээлэг байснаа туйлын ядуу зүдүү байдалд орсон амьдралын нөхцөл байдлынх нь өөрчлөлттэй нь холбоотой байсан юм. Цао Шюэчиний өвөө нь Манж Чин улсын Кан Си Ди буюу Энх амгалан хааны үед хааны хайр итгэлийг гүн хүлээсэн хvн байжээ. Гэвч хожим нь Цао овогтын ноён зэргийг нь хурааж, эд хөрөнгийг нь хураан авснаар тэднийх нь өмнөд нутгаас Бээжин хотноо нүүж ирсэн. Залуу насандаа Цао Шюэчинь хvний амьдралын жаргал зовлонг бүхнийг үзэж өнгөрүүлжээ. Өтлөх насандаа Цао Шюэчинь Бээжин хотын баруун дүүрэгт туйлын ядуу амьдарч байх үедээ “Улаан асрын зүүд” хэмээх алдарт зохиолоо бичиж эхэлсэн. Гэвч 80 бүлэг бичээд хүнд өвчлөн дахин үзэг барьж чадсангүй байсаар насан эцэслэжээ.

“Улаан асрын зvvд”-ийг бас “Чулуун тэрийн тэмдэглэл” гэж нэрлэдэг. Цао Шюэчинь зохиолоо бичиж дуусгахаас өмнө, амьд сэрүүн байх үед нь гар бичмэлээр олон нийтийн дунд өргөнөөр тархсан байлаа. Тvvнийг нас барсны дараа Гао Э гэдэг нэртэй бичгийн хvн Цао Шюэчиний зохиолын санааг төсөөлөн бодож, 40 бүлэг нэмжээ.

Зохиогч: ЦАО ШЮЭЧИНЬ, ГАО Э

____________________________________________________________________________________________________________________________________________

Жаран дөрөвдүгээр бүлэг

АРИУН ОХИН ТАВАН ҮЗЭСГЭЛЭНГ ОЙ ГУТАМ УЯНГАЛУУЛЖ, АРДАГ ЭР ЛУУТ ХАШИЙГ УРИН СЭТГЭЛЭЭР БЭЛЭГЛЭВ

Өгүүлэх нь: Жя Рун хийлгэх гэсэн хамаг ажил нь бэлэн болсныг үзээд яаран сүмд очиж эцэгтээ хэлэв. Дараа нь олон зүйлийн ажилд хүмүүсийг томилж дарцаг мэтийг бэлтгүүлээд шинийн дөрөвний туулай цагт чандрыг хотод залж оруулахаар тогтоод бас хүн илгээж ураг садангууддаа мэдэгдэв. Олон зочин, гийчин ирж, бэлэвсрэлийн ёслол сүр жавхлантай боллоо. Шарил тавьсан сүмээс Нин Гуофү хүртэлх замын дагуу хэдэн түмэн хүн зогсож зарим нь шүүрс алдаж зарим нь бахархана. Бас зарим бага сага “Бийр долоогсод” гашуудлын явдалд ингэж сүйтгэж болохгүй. Гамнах хэрэгтэй гэцгээж янз бүрийн л юм хэлж ам хамхихгүй байв. Хонь бичин цаг болмогц хүмүүс ирж авсыг гол харшид тавиад тахил тавиг өргөж гашуудал дууссаны дараа ураг садангийнхан ч аажимдаа тарж ганц хоёр нь үлдэж зочин гийчнийг мордуулах болов. Талийгчийн ойр садны дотроос ганц Шин овогт өвгөн нагац даяа явалгүй, хань болж үлдэв.

Энэ үед Жя Жэнь, Жя Рун хоёр ёс журамд баригдаж чандрын дэргэд бол өвс шороон дээр сууж гашуудах боловч хүмүүс тарсан хойно зав чөлөө гарвал дотор орж охид, хүүхнүүдтэй марзганахаа мартахгүй байв. Бао Юй ч өдөр болгон Нин Гуофүд ирж гадуудаж орой хүмүүс тарсаны дараа харьж байлаа. Фөн Жегийн бие бүрэн эдгэрээгүй тул байнга энд байхгүй ч гэсэн хааяа ном хурж ерөөл айлдах үеэр, заримдаа нөхрөө тахил тавих үед ирж Ёу хатанд тусалж байлаа.

Хүмүүс ядраад өглөөний тахил тавьсны дараа бүхлээр унтах ч үзэгдэнэ. Жя Жэнь ч нэг удаа чандрын дэргэд үүрэглэж байлаа. Бао Юй зочингүй тул Дай Юйтай уулзах гэснээ, урьдаар И Хун Юаньд очив. Хаалгаар ортол хүрээнд хүнгүй, нам сэлүүн, хэдэн эмгэн, шивэгчин охид саравчин дор сэрүүцэж байх бөгөөд зарим нь үүрэглэж, зарим нь тэрүүхэнд хэвтэж харагдана. Бао Юй тэднээс дуудсангүй. Тэгтэл Сы Эр хараад яаран ирж орхиулыг сөхөж өгөв. Яг орох агшинд Фан Гуань дотроос сандран гарах таараад арайтай мөргөлдсөнгүй. Бао Юйг харуут инээд алдан зогсож

-Цаад Чинь Вэнь чинь намайг зодох гээд байна. Түүнийг хорьж өгөөч… гэтэл гэрийн дотор юм асгасан чимээ гарч Чин Вэнь араас гүйн гарч ирээд,

-Өнөөх өлөгчин хаашаа зугтаачихав. Хожигдчихоод цохиулахгүй байна. Бао Юй байхгүй болохоор одоо чамайг хэн өмөөрөхийг хараарай гэсээр гарч ирэхэд Бао Юй таарч хориглоод

-Энэ охин дүү чинь бага байна. Осолдсон бол миний нүүрийг бодоод хэлтрүүлчихээ гэв.

Чинь Вэнь энэ үед Бао Юйг ирнэ гэж олт болоогүй байсан тул гэнэт тулгарсандаа инээд алдаж:

-Энэ Фан Гуань үнэхээр үнэгэн шулам! Хулжин чөтгөрийг урих тарни уншсан ч ийм хурдан ирэхгүй байх гээд хөхөрч, Чи уриад авчирсан ч гэсэн би айхгүй гээд барих гэсэнд цаадах нь Бао Юйн араас тэврээд тавихгүй учир, тэр хоёрыг хоёр талдаа хөтлөн орж очвол, Шө Юэ, Шяо Янь тэднүүс шагай наадаж гуаны үр шүүлцэж байжээ. Тэгтэл Фан Гуань, Чин Вэньд хожигдоод дутаасанд цаадах нь хойноос нь гүйхдээ өвөр дээр нь шагайгаа асгасан юм байжээ. Бао Юй инээж:

-Өнөөдрийн өдрийн уртад намайг эзгүйд та нарыг уйтгарлахдаа, хоолоо идүүт унтаад өвчин олуузай гэж би зовж явлаа. Тэгтэл юун уйдах нь вэ, хөгжилдөн наадаж байж. Ши Рэнь эгч чинь… гэтэл Чин Вэнь:

-Бурханы хутаг болох гэж ном үзэж байна. Бид харин орж үзсэнгүй. Одоо юу хийж байгааг мэдэхгүй. Чимээ ч алга. Энэ хэр бурхан болсон ч байж магадгүй. Очиж үз үз гэв.

Бао Юй инээсээр дотор өрөөндөө орж үзвэл, Ши Рэнь цонхны дэргэдэх орон дээр суугаад нэг бор сүлжмэл утсаар юм зангидаж байв. Бао Юйн орж ирэхийг хараад яаран босож инээн:

-Чин Вэнь золиг намайг юү гэж муулж байна вэ. Би энэ зангилааг сүлжиж гаргах гэж яараад, тэдэнтэй тоглох завгүйдээ хуурч: “Та нар явж тогло. Эр Еэг гэртээ байхгүй хооронд би энд жаал сэлүүн сууж амаръя” гэсэн юм. Гэтэл тэр харин намайг: “Маанид суув”, “Бясалгал хийв” гэж дооглоод байгаа юм. Мөд би түүний уруулыг урж хаянаа гэв. Бао Юй инээж, Ши Рэнийг шахаж суугаад түүний зангилаа гаргахыг харж сууснаа:

-Энэ өдрийн уртад чи амар. Эсвэл тэдэнтэй тоглож наад. Үгүй бол Линь охин дүүг эргэж очсон ч болно. Ийм халуунд ийм юм оролдоод, үүнийг хаана, юунд хэрэглэх юм бэ гэсэнд Ши Рэнь:

-Чиний тэр зүүж байгаа шаншны гэрийг үзвэл, бас тэр жил зүүн ордны Рун да найнайгийн явдалд хийсэн нь байх. Тийм хөх өнгөтэйг төрөл төрөгсөд ба ойр ургийн дотор зуны бэлбэрэл гарвал сая зүүх бөгөөд ийм явдал жилдээ нэг хоёр удаа гарахаас биш, ерийн цагт зүүх ч үгүй. Одоо тэртээ ордонд бэлбэрэлтэй болохоор өдөр бүр зүүх хэрэгтэй тул би амжиж нэгийг хийгээд тэр хуучныг чинь сольё гэсэн юм. Эдгээр зүйлийг чи хэдий хайхрахгүй боловч Лао тайтай ирээд үзвэл, бас биднийг залхуураад өмсөж зүүхийг нь хүртэл анхаарахгүй байна гэж донгодно шүү гэсэнд Бао инээж:

-Ийнхүү санасан сэтгэл үнэхээр цаглашгүй. Гэвч хэтэрхий яарч энэ халуунд биеэ гэмтээвэл харин их явдал болно шүү гэж анхааруулав.

Тэднийг ийн ярилцаж байтал Фан Гуань, хүйтэн усанд тавьж хөргөсөн аяга цай авчрав. Бао Юйн бие төрөлхийн сул дорой тул зуны халуунд ч мөс хэрэглэхгүй. Харин халуун цайг хүйтэн усанд хөргөж уудаг юм. Тэрбээр Фан Гуаний авчирсан цайг уугаад Ши Рэньд

-Би сая Жэнь их ахын тэнд чухал зочин ирвэл түргэн хэл өгөөрэй гэж Бэй Минд хэлээд ирсэн… Онцын юм болохгүй бол би очихгүй гээд босож гарахдаа, миний хэрэг болбол Линь авхайн тэнд байна шүү гэв. Тэрбээр шууд л Линь Дай Юйг эргэхээр явав. Түүний замд, Шюэ Янь хоёр эмгэний хамт лянхуан үндэс, зангуу, хэмх жимс мэтийг бариад явж харагдав. Бао Юй дөхөж очоод түүнээс: “Танай авхай ийм сэрүүн чанарын юм хэрэглэдэггүй байтал үүгээр юү хийнэ вэ. Хэн нэгнийг залах нь уу” гэж асуусанд цаадах нь инээж:

-За яахав би чамд хэлье. Харин чи авхайд хэлж болохгүй шүү гэсэнд Бао Юй толгой дохив. Шюэ Янь цуг яваа эмгэнд: “Хэмх жимсийг урьдаар Зы Жюань эгчид өгнө. Намайг асуувал, тэнд юм хийж байна. Мөд ирнэ гэж хэлээрэй” гэсэнд цаадах нь: “За” гээд явав.

-Манай авхайн бие энэ хоёр өдөр овоо дээрдлээ. Өнөөдөр хоолны дараа гуравдугаар авхай ирээд хоёрдугаар найнайг эргэе гэсэн юм. Яасан юм, манай авхай очсонгүй. Жаахан уйлаад бийр авч баахан юм бичсэн. Намайг хэмх жимс авахуулахаар явуулахын өмнө Зы Жюаньтай, зарим ширээний дээрх юмыг гаргуулж заримыг нь солиулж, хэмх жимс авчраад тавихад саадгүй болго гэсэн. Гийчин залах бол тэднийг хөдөлгөх хэрэггүй. Хүж асаах юм болов уу гэсэн үгүй байх. Манай авхай гэртээ хүж асаалгадаггүй, харин шинэ цэцэг л тавиулдаг. Хүж асаалаа ч гэсэн унтлагын өрөөнд зохисгүй л дээ. Эсвэл хөгшин эмгэд гэр муухай үнэртэй болгоод байна гэдэг юм. Тэгээд хүж шатаах гэсэн юм болов уу. Учрыг нь би олсонгүй. Та л өөрөө очиж үз дээ гэж Шюэ Янь хэлэв. Бао Юй дотроо” Үүний хэлэхээр учиртай байх л даа. Хэрэв хэн нэг эгч, охин дүүтэйгээ ярьж суух гэсэн бол урьтаж идээ ундаа бэлтгэмээргүй юм. Эсвэл авга хүргэн ах, авга эгчийн нөгчсөн ой болж байгаа юм болов уу. Үгүй байхаа, миний мэдэхээр бол тэр үед Лао тайтай өөр зүйлийн зууш ногоо бэлтгүүлж өгөөд өөрөөр нь тахиулдаг. Тэр өдөр нэгэнт өнгөрсөөн. Эсвэл бараг долоон сар болж, хэмх жимсний цаг хүрч ирээд хүн бүхэн намрын булш тахилгын үеэр Линь охин дүүгийн сэтгэл хөдөлж, гэртээ тахил өргөж “Ёслолт номын” хавар намрын тахилгад тэр үеийн идээгээр гэсэн санааг хэрэглэж байж мэднэ. Гэвч би одоо очиж түүний уяран зовнихыг үзвэл чадлаараа сайн ятгах хэрэгтэй. Тэгтэл ятгалаа гэж түүний уур уцаар бас зангирч мэднэ. Хэрэв очихгүй бол түүнийг ятган хориглох хүнгүйд хэтэрхий уцаарлан тарчлахаас айна. Энэ хоёр зүйлээс өвчин нь хүндэрч ч мэднэ. Харин урьдаар Фөн Жег эргээд тэнд жаахан суувал яана. Тэгээд Линь охин дүүгийнд очиж, уцаарлан гасалж байвал тайтгаруулсан дээр байхаа. Тэгвэл тэр уурлаж уцаарлахаа болиод бие нь ч дээрдэх байх гэхчилэн бодов.

Тэгээд Фөн Жегийнх рүү чиглэн явав. Түүнийг очиход хэдэн эмгэн тэндээс явцгааж Фөн Же Пин Эр хоёр үүдэндээ юм яриад зогсож байв. Фөн Же хармагц:

-Чи гэрээсээ ирэв үү. Би сая Линь Жышяогийн эхнэрт, хүн явуулж, чиний тэр бяцхан зарцад, чамайг тэнд онцын ажилгүй бол гэртээ ирж амар гэж очиж хэл гэж захисан юм. Тэнд хүн амьтан олон… үнэр танар… за ашгүй чи хүрээд иржээ гэсэнд Бао Юй инээж:

-Эгч санаа тавьсанд талархъя. Тэнд надад хийх юм алга. Харин эгч хоёр өдөр очсонгүй, бие тань ямар байна вэ. Таныг эргэж ирлээ гэсэнд Фөн Же:

-Хоёр өдөр сайнтай, гурван өдөр муутай байдаг. Энэ мэтээр аргалж л байна. Лао тайтай, их Тайтай гэртээ байхгүй үед энэ олон эмгэн! Ай даа хэвээ сахих амьтан алгаа. Өдөр бүр хэрэлдэж байхгүй бол шуугиан тарьж, мөрийтэй тоглож, хулгайлж… ийм хэрэг хоёр гурван удаа гарлаа. Гуравдугаар авхай хэдийгээр тусалж, хэрэг явдлыг шийдвэрлэж байвч… тэр чинь нөхөрт гараагүй охин тул заримыг нь мэдүүлж болно. Заримыг нь түүнд хэлэх аргагүй. Иймээс чадахын хэрээр шүд зуун аргацааж байна. Сэтгэл амар байх цаг ер байхгүй болсон. Өвчин эдгэх байтугай дээр нь нэмэгдэхгүй бол дээд хэрэг болсон гэв. Бао Юй:

-Хэдий тийм боловч биеэ сайн гамнаж, сэтгэлээ зовоохгүй байвал сайн юмсан даа гэв.

Тэгсгээд энэ тэрхнийг ярьж байгаад хүрээлэндээ буцав. Түүнийг Шяо Шян Гуаний хашааны үүдээр орж очиход хүлийсийн үнэр ханхлан тахилга хийсэн байдал мэдэгдэж Зы Жюань тэнд зогсон ширээг дотогш оруулж байв. Тахилга хийж дууссаныг нэгэнт мэдсэн Бао Юй шууд л ортол Дай Юй түрүүлгээ харан сулдайн хэвтээд ядруу байх шиг харагдана. Зы Жюань: “Бао Эр Еэ ирлээ” гэсэнд Дай Юй өндийж: “Суу” гэв. Бао Юй: “Охин дүү минь чи, энэ хоёр өдөр овоо боллоо гэж дуулдсан. Царай чинь бүр бузгай шив. Тэгтэл бас юундаа уяран зовоод байна даа” гэсэнд Дай Юй: “Чи харин намайг дуугарах үггүй болголоо. Зүв зүгээр байтлаа, би юундаа зовох юм бэ” гэв. Бао Юй инээн:

-Охин дүүгийн нүүрэнд нулимсны ор байхад намайг хуурах нь уу. Чи маань өвчтэй тул алив юманд гаслан зовохгүй, сэтгэлээ уужим тавиу байлгаж байвал зохино. Хэрэггүй юманд хэтэрхий шаналж биеэ муутгавал би… гээд чимээгүй болов. Тэрбээр хэдийгээр Дай Юйтэй нэг дор өсөөд сэтгэл таарсны дээр бас нэг насаа хамтатгах хүсэлтэй боловч хэн хэн нь дотроо бодохоос аман дээр гаргаж ил хэлсэн удаагүй. Ялангуяа Дай Юй сэжиг ихтэй. Болгоомжгүй үг хэлснээс түүнийг гомдоосон удаа олон. Энэ өдөр чухамдаа ятган сануулах гэсэн боловч бас хэлж чадсангүй. Тэгээд тэрхэндээ сандарч бас Дай Юйг уурлахаас айж, санаа бодлоо эргэцүүлэн үзвэл, сайн санааны үүднээс хэлсэн болохоор гэв гэнэт нүдэнд нь нулимс цийлэгнэв. Дай Юй уг нь, цаадахыгаа үгний тусалтаа бодохгүй шууд хэлнэ гэж уур нь хүрч байсан боловч байдлыг нь хараад сэтгэл нь зөөлөрч тэгээд ч уйлах дуртай хүн болохоор аяндаа л нулимс нь гарч ирэв. Тэгээд хоёул өөд өөдөөсөө хараад нулимсаа асгаруулав.

Зы Жюань цай барьж орж ирээд, тэднийг харуут, за бас юундаа үг булаалдсан юм бол доо гэж бодонгуут “Авхайн бие овоо засартал Бао Эр Еэ ирээд л уурлуулчих юмаа. Яасан бэ дээ” гэж асуусанд Бао Юй нулимсаа арчингуут инээгээд: “Хэн аймшиггүйгээр охин дүүг уурлуулах вэ дээ” гээд эвгүйрхэн босож, хоёр нэг гишгэснээ, бэх найруулагчийн дор цухуйж байгаа цаасны буланг хараад очиж авав. Дай Юй ухасхийн босоод авчих гэтэл цаадах нь өвөртөлчихөв. Тэгээд “За миний сайн дүү надад үзүүлчихээ” гээд гаргах гэтэл Дай Юй: “Чи ирэхээрээ л хамаг юм урвуулчих юмаа” гэв. Яг энэ агшинд Бао Чай ороод ирэв.

Тэрбээр “За Бао Юй дүү юү үзэх гэсэн бэ” гэсэнд, цаасан дээр юү бичсэнийг үзээгүйгээс гадна Дай Юйгийн санааг мэдэхгүй тул хариу хэлж чадсангүй, зүгээр л хараад Дай Юй инээв. Цаадах нь Бао Чайг суулгаад инээн:

-Эртний түүх судар доторх өнгө зүстэй, эрдэмтэй охидын нэг насны учралыг үзэхэд баясалтай, бахархалтай, бас гунигтай нь маш олон байжээ. Өнөөдөр хоолны дараа хийх юмгүй тул хэдэн хүнийг сонгож, эх адаггүй хэдэн бадаг шүлэг бичиж, санасан бодсоноо тэмдэглэж байтал Тань Чүнь ирээд хамтдаа Фөн Жег эргэе гэлээ. Би жаахан тамирдаад хамт явсангүй. Тэгээд таван бадаг бичээд ядраад байхаар нь тэнд тавьчихаад санаандгүй байтал Эл Еэ ирээд аваад үзчихлээ. Чухамдаа энэ үзэх ч хамаагүй л дээ. Харин би түүний хамаа намаагүй хүнд үзүүлэхэд нь дургүй гэсэнд Бао Юй:

-Би хэзээ хүнд үзүүлсэн юм бэ. Өчигдрийн тэр шансан дээрх “Цагаан хайтангийн шүлгийг” бол би бахархаад л гартаа барьж үзэхэд хялбар юм гэж жижиг үсгээр дээр нь бичсэн юм. Би чинь, ордны доторх шүлэг дуулал, үг үсгийг дураар гадагш тарааж болохгүйг мэдэхтэйгээ шүү. Чи намайг зэмлэснээс хойш би хүрээнээс авч гараагүй гэв. Бао Чай:

-Линь охин дүүгийн ийнхүү эргэлзэх нь бас зөв өө. Чи нэгэнт шансан дээр бичсэн тул санаандгүй бичгийн гэрт аваачаад хүнд үзүүлчихвэл, хэн бичсэн юм бэ гэж асууна. Тэгээд гадагш тарчихвал тусгүй. Эртнээс л “Охин хүн бичиггүй бол эрдэм болой” гэсэн үгтэй шүү дээ. Тэгээд л чин ариуныг гол болгож, үйл утсыг дараа нь тавьдаг болсон. Тэр шүлэг дуулал гэгч бол тоглоом наадмын төдий юм. Чадсан ч хамаагүй, чадаагүй ч хамаагүй. Манайх шиг айлын охидод тэр эрдэм, чадлын нэр алдар хэрэггүй болой… гээд Дай Юйг харж инээснээ, харин түүнийгээ над үзүүлэхэд бол хамаагүй. Харин Бао Юй гадагш гаргахгүй бол бас болно шүү гэв. Дай Юй инээж:

-Тийм бол чи ч бас үзэх хэрэггүй юм гээд Бао Юйг зааж, тэр булаагаад авчихсан юмаа гэсэнд цаадах нь өврөөсөө гаргаад Бао Чайн дэргэд очиж уншицгаав. Түүнд бичсэн нь,

Ши Шы1

Төрийг мөхөөсөн өнгө зүс чинь усны хөөс болоод Төрсөн нутаг юугаа санан мөрөөдөж Иэргийн ордонд энсэрнэ Дууриав гэж бүү элэглэгтүн, зүүн айлын бүсгүйг Тойрмын хөвөөнд үсээ цайтал хувцас юугаа угаана

Юй хатан2

Хүлэг янцгааж салхи хуйчихуйяа элэг зүрх эвхэрч

Хорслыг өвөрлөж Юй хатан, давхар цэцгийг ширтэнэ

Чин Пөн хоёр жанжин дуртайяа очиж алагдсан нь

Цэргийн хүрээнд амиа хорлосонд ер хүрэхгүй

 

Мин фэй3

Улсыг цочоох уран дүр чинь Ханий ордноос гарчээ

Улаан хацартаны хувь зохиол эртнээс эмзэг ажгуу

Вантан үнэхээр өнгөнд тачаагаагүй бол

Урлан зурагчийн гарт яахин хамаг эрхийг тушаана вэ

 Люй Жу4

Гэрэлт сувд, чулуу, тоосготой хамт хаягдсан тул

Гоо хээнцрийг Ши Цүн яахин эрхэмлэв гэж болох уу?

Хайр янаг гэгч ерөөс урьдын ерөөл болой

Хамт нөгчсөн ч бас яахин уйтгарыг тайлж чадах вэ!

Улаан хөвүүрт5

Урт сэлэмтийн учирлан өгүүлэх байдал ер биш

Үзэсгэлэнт хүний хурц нүд мухардсан эрийг таньжээ

Эрх сүрээ алдан доройтсон Ян сугийн ордон

Эм баатрын шуударсан зоригийг мохоож яаж чадах вэ!

Бао Юй уншуут магтаж гарав. Тэрбээр “Охин дүүгийн энэ шүлэг таван бадаг тул юунд “Таван үзэсгэлэнтийн шүлэг гэсэнгүй вэ” гээд хүүе гэхийн завдалгүй шууд бийр аваад ар талд нь бичив. Бао Чай бас саналаа хэлэв. Тэрбээр,

-Шүлэг бичихэд ямар ч сэдэв байсан, эртний хүний санааг сайтар урвуулах хэрэгтэй. Хүний зам мөрийг дагаж явбал үг өгүүлбэр хэдий нарийлаг сайхан боловч хоёрдугаарт ороод сайн шүлэг болж чадахгүй. Үлгэрлэвэл, Жао Жюний тухай эртний хүний бичсэн шүлэг зөндөө. Зарим нь Жао Жюний төлөө уяран гашуудаж, зарим нь Янь шөүг үзэн ядна. Бас зарим нь Хань улсын хаан нь, зурагчнаар гавьяат түшмэлийн хөргийг зуруулахгүй, харин үзэсгэлэнт хүнийг зуруулна гэж шоглон дайрах ч бий. Эд нар чинь хоорондоо адилгүй. Хожим Ван Жин Гун6-гийн шүлэгт, “Хүний санаа авир байдлыг зурахад хэцүү. Алагдсан Мао Яньшөү үнэндээ хилс” гэж бичиж, Юун Шу7-гийн шүлэгт “Нүд, чихээр үзэж байсан нь ийм байтал түмэн газрын атаатан дайсныг хэрхэн дарах ажээ” гэжээ. Энэ хоёр шүлэг, бусад шүлэгтэй адилгүй, цөм өөр өөрийн үзлээ хэлжээ. Өнөөдрийн, Линь охин дүүгийн таван бадаг шүлэг ч утга агуулга нь гүн, бичлэг нь шинэ сэвүүн, өөртөө шинэ зам нээлээ гэхэд болохоор байна гээд цааш хэлэх гэтэл хүн ирж: “Лянь Эр Еэ буцаж ирлээ. Гадаа ярилцах нь, зүүн ордонд очоод нилээд удлаа. Одоо ирэх болсон шүү” гэж хэлсэнд Бао Юй яаран босож их хаалганд очиж хүлээв. Төдөлгүй Жя Лянь ирж мориноосоо буутал Бао Юй угтан очиж ёслон эхлээд ээж Ван Фүрэньтэйгээ мэндлээд дараа нь Жя Ляньтай гар барилцаад дотогш орцгоов. Ли Вань, Фөн Же, Бао Чай, Дай Юй, Ин Чүнь, Тань Чүнь, Ши Чүнь нар хэдийн дунд танхимд очоод хүлээж байснаа тэднийг тосон очиж мэндлэн золгов. Тэднийг уулзаж дуусмагц Жя Лянь:

-Лао тайтай маргааш өглөө эрт хүрч ирнэ. Бие нь сайн байгаа. Өнөөдөр намайг түрүүлж харь гэсэн юм. Бид маргаашийн таван жингээр хотоос гарч угтана гэв. Тэд зам зуурын байдлыг сонирхон асуусанд Жя Лянь тодорхой ярьж өгөөд гэр рүүгээ харив.

Маргааш нь хоолны үеэр Жя Мү, Ван Фүрэнь нар хүрч ирэв. Бүгд учран золгоод цай уусны дараа Ван Фүрэнийг Нин Гуофүд авч очив. Хаалгаар ормогц уйлан бархирах дуун тэнгэр газрыг донсолгов. Жя Шө, Жя Лянь нар Жя Мүг гэрт нь оруулчихаад энд яаран иржээ. Төдөлгүй Жя Мү, Нин Гуофүд очив. Түүнийг дотогш ортол Жя Шө, Жя Лянь нар уйлалдсаар тосон авав. Эцэг хөвгүүн хоёр түшин авч чандрын өмнө очив. Жя Жэнь, Жя Рун хоёр сөгдөн мөргөөд өвдгийг нь түшин уйлна. Тэднийг тайтгаруулсны дараа чандрын баруун талд очиж Ёу овогт хадам эх, бэртэй уулзаад бас л уйлалдав. Дараа нь Жя Мүгийн амрыг эрж мэндлэв. Жя Мү гаднаас ирээд амарч завдаагүй байгаа учир тал талаас нь ятган гэрт хариулав. Шөнө нь, Жя Мүгийн бие тавгүй болов. Настай хүн, холын аяны салхи шороо, ядрал зүдрэлийг даахгүй ядарч шөнө болмогц толгой нь дүйрч, хамар нь тагларан гуншиж эхэлсэн учир эмч залж, судас бариулан эм тан өгч шөнөжин сандрав. Санасныг бодвол, халуун нь түргэн бууж, баахан хөлрөөд бие нь тайтгарсанд бүгдийн санаа амрав. Маргааш нь эм уулгаж сувилав. Гэвч хэд хоногийн дараа Жя Жинг оршуулах болсонд Жя Мү оролцож чадсангүй Бао Юйг дэргэдээ байлган өөрийгөө асруулав. Фөн Же ч бүрэн эдгээгүй учир тийш очсонгүй. Түүнээс бусад нь Жя Шө, Жя Лянь, Шин Фүрэнь, Ван Фүрэнь нар болон гэрийн хүмүүс зарц шивэгчин бүгдийг дагуулж Те Кань Сы сүмд очуулаад орой бүгдийг эргүүлж авчрав. Чандарыг сахиж Жя Жэнь, Ёу хатан, Жя Рун нар сүмд үлдэв. Нэг зуу хоногийн дараа чандрыг авч нутагт нь аваачиж хөдөөлүүлэх тул гэрийн явдлыг Ёу эмгэн, Ёу Эр же, Ёу Сань же нар хариуцаж үлдэв гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь: Жя Лянь хэдийнээс Ёу овогт охин эгч дүүгийн нэрийг сонссон боловч нүүр учраагүйдээ гонсойж явдаг байжээ. Сая л Жя Жингийн чандрыг гэрт тавьснаас хойш өдөр бүр Эр Же, Сань Же нартай учирч танилцсанаас шүлс нь гоожиж эхэлжээ. Тэднийг Жя Жэнь, Жя Рунтэй ийм тиймийг хэдийнээс мэдэх тул даруй завшааныг ашиглан, элдвээр өдөн оролдож, нүд хөмсгөөр санаагаа илэрхийлж эхлэв. Тэдний Сань Же нь ажиггүй байхад Эр Же нь санаатай янз харагдавч орчны нүд чих олон болохоор хүслээ гүйцээх боломж олдохгүй байв. Жя Лянь бас Жя Жэний жөтөөрхөхөөс болгоомжлох тул хөнгөн хуумгай аашилж болохгүйг мэднэ. Тэгээд тэр охинтой санаа сэтгэлээ мэдэлцэх төдий л байв.

Энэ хэр чандрыг гаргасны дараа Жя Жэний гэр зуур хүн цөөн, Ёу эмгэн, хоёр охин хийгээд гарын үзүүрт зардаг хэдэн шивэгчин, зарц эмс гол байшинд суухаас гадна бусад татвар шивэгчид цөм сүмд дагаж очив. Гадаад хүрээний зарц эмч оройдоо харуул манаа хийж, өдөртөө үүд хаалга сахихаас бус, онцын явдал гарахгүй бол дотогш орохгүй. Энэ далимыг л ашиглаж санаагаа гүйцээе гэж Жя Лянь бодож эхлэв. Тэгээд Жя Жэньд хань бараа болох нэрээр сүмд үлдэв. Бас Жя Жэний өмнөөс гэрийн явдлыг харгалзах нэрээр үргэлж Нин Гуофүд ирж Эр Жегээр оролдоно. Нэг өдөр гэрийн бага мэдээчин Юй Лү ирж Жя Жэньд хэлсэн нь, энэ удаа пин, саравч, дамнуурга мод, бэлбэсрэх бүс, жич авс дамнагч залуус зэрэгт нийт мянга нэг зуун арван лан мөнгө зараад таван зуун ланг нь бэлэн өгснөөс гадна бас зургаан зуун арван лан дутаж байна. Өчигдөр хоёр газраас хүн ирж өр нэхэж байх тул боол би тусгайлан ирж Лаоегийн зааварыг хүлээнэ гэв. Жя Жэнь: “Чи урьдаар сангаас авбал болно. Над хэлж яана вэ” гэсэнд цаадах нь: “Өчигдөр сангаас авах гэж ирсэн. Гэвч Лаое нас нөгчсөнөөс хойш газар бүрд зардал их болоод үлдсэнийг нь зуун хоногийн ерөөл, сүмийн хэрэгцээнд хэрэглэхээр үлдээсэн тул одоохондоо өгч чадахгүй гэсээн. Тийнхүү боол би сая Лаоед мэдүүлсэн. Лаое эсвэл хувийн мөнгөнөөсөө түр өгөх буюу үгүй бол өөр аль нэг зүйлийн мөнгөнөөс зээлж хэрэглэхийг зааварлавал боол би тэр ёсоор гүйцэтгэе” гэж хэлэв. Жя Жэнь инээж:

-Чи намайг бэлэн мөнгөтэй мөртөө зарахгүй хадгалж байна гэж бодож байна уу. Чи хаанаас ч авч болно. Урьтаж зээлээд өгч байгтүн гэсэнд Юй Лу инээн:

-Нэг хоёр зууг бол боол би аргалж болно. Тэгтэл энэ тав зургаан зууг боол би хаанаас олох юм бэ гэж асуув. Жя Жэнь жаахан бодоод Жя Рунд “Чи очоод эхээсээ асуу. Өчигдөр чандар гаргасны дараа Жян Наний Жэнь овогтоос тахилгын мөнгө таван зуун лан хүргэж ирсэн. Санд тушаагаагүй бол түүн дээр мөнгө нэмж гүйцээгээд өгчих гэж хэл” гэсэнд “За” гээд яаран явснаа дорхноо буцаж ирээд: “Тэр мөнгөний хоёр зуун ланг нь зараад үлдсэн гурван зуун ланг нь гэр рүү явуулж хөгшин ээжид хураалгасан гэнэ” гэсэнд Жя Жэнь:

-Тийм бол чи түүнийг дагуулж очоод, хөгшин ээжээсээ мөнгө аваад энүүнд тушаачих. Тэгээд гэрт ажил байгаа үгүйг асуугаад, хоёр бага эхнэрийн мэндийг асуугаарай. За тэгээд дутууг нь Юй Лү урьтаж зээлээд өгчих гэв. Жя Рун, Юй Лү хоёр гаран завдтал Жя Лянь орж ирсэнд бага мэдээчин очиж мэнд мэдэв. Жя Лянь: “Хаачицгаах нь вэ” гэсэнд Жя Жэнь учрыг тайлбарлав. Тэр хооронд Жя Лянь дотроо: “Энэ далимаар Нин Гуофүд очиж Эр Жетэй уулзъя” гэж бодоод:

-Энүүнийг хэдий их явдал гэж хүнээс зээлэх юм бэ. Өчигдөр би олсон мөнгөө зараагүй байж л байна. Түүнд нэмээд өгвөл болох юм биш үү гэсэнд Жя Жэнь:

-Тийм бол бүр сайн. “Чи Жя Рунд хэлээд авчруулчих гэв. Жя Лянь:

-Би биеэр очихгүй бол болохгүй юмаа. Би бас энэ хэд хоног гэртээ харьсангүй. Лао тайтай, Лаое, адйдаа нарын амрыг эрэх хэрэгтэй. Ахтаны тэрүүгээр бас очиж, ажил явдал юү болж байхыг асуугаад худгай ээжийн амрыг ч бас эрье гэв. Жя Жэнь инээж

-Чамайг энэ мэтийн юманд сэтгэл төвдөхгүй л байна шүү гэсэнд цаадах нь инээж:

-Ах дүү зуураа ямар хамаа байна энэ чинь гэв. Тэгтэл Жя Жэнь хүүдээ:

-Чи авга ахаа дагаад яв. Нөгөө ордонд очоод Лао тайтай, Лаое, Тайтай нарынхаа мэндийг мэдээд, ээж бид хоёрыгоо сайн байна гэж хэл. Бас Лао тайтайгийн бие бүр сайн болжуу. Эм ууж байгаа байгаа, сайн асуугаарай гэв. Жя Рун эцгийн хэлсэн үгийг хүлээж аваад Жя Лянийг даган хэдэн зарц хүүхэд дагуулан мордоод хотыг зүглэн явав. Замдаа, авга, ач хоёр энэ тэрхнийг ярьж явсаар Жя Лянь зориуд Эр Жег дурдаж, яасан сайхан төрсөн охин бэ гэж магтан: “Хөдөлж барих нь тааламжтай, ярих хэлэх нь амарлингуй, хүнийг бишрүүлэхгүй, дурлуулахгүй юм түүнд алга. Хүн бүр л чиний тэр авга бэргэнийг сайхан гэнэ. Миний бодохоор чиний нагац эгчийн нэг хуруунд ч хүрэхгүй” гэв. Жя Рун санааг нь мэдээд инээж:

-Авга та түүнд тийм их дуртай юм бол би зууч болж хоёрдугаар гэргийтэй болгож болно уу гэж асуув. Цаадах нь инээж:

-Наадах чинь үнэн үг үү, тоглоомын үг үү гэсэнд Жя Рун шууд л “Үнэн үгээ” гэв.Жя Лянь инээж:

-Тийм бол яриангүй сайн. Гагцхүү авга бэргэн чинь зөвшөөрөхгүй, бас нагац эмээ чинь дургүй байж мэднэ. Ялангуяа би чиний хоёрдугаар нагац эгчийг нэгэнт хүнтэй болсон гэж сонссон гэсэнд Жя Рун:

-Энэ хамаагүй. Миний хоёр, гуравдугаар нагац эгч цөмөөрөө манай нагац өвгийн төрсөн охин биш, цөмийг нагац эмгээ дагуулж ирсэн юм. Миний нагац эмээ уг гэртээ байхдаа хоёрдугаар нагац эгчийг хааны зондор8 Ян овогтод өндгөн сүй9 тавьсан гэдэг юм. Сүүлээр нь тэр Ян овогт хэрэгт орж ядуураад миний нагац эмээ бас гэрээсээ явж өөр хүнтэй ханилаад арван хэдэн жил болтол хоёр этгээд огт захиа чимээ нэвтрэлцсэнгүй. Миний нагац эмээ, энэ явдлын төлөө үргэлж гомдож ураг буцна гэдэг юмаа. Миний эцэг ч сайн хүн олдвол нагац эгчийг ураг холбуулан тэрхүү Ян овогтыг эрж олоод арван хэдэн лан мөнгө өгч ураг салах гэрч хийлгээд зүйл дуусгана гэдэг юм шүү. Бодвол тэр Ян овогт ядуурахын туйл болсон тул мөнгийг үзвэл зөвшөөрөхгүй гэх юмгүй л байх. Ялангуяа манай мэтийн ийм айлын хүнийг тэр ч мэднэ. Түүний дагахгүйгээс айх учиргүй. Бас авга таны мэтийн хүн, охиныг нь хоёрдугаар гэргий болгоно гэвэл, миний нагац эмээ, эцэг лав дуртай байхыг би баталж чадна. Гагцхүү авга бэргэний тэр тал баахан төвөгтэй болно гэв.

Жя Лянь цээж дүүрэн баярлахдаа хэлэх үгээ олохгүй болоод дэмий л марсалзан инээнэ. Жаахан бодлогоширч байснаа Жя Рун “Авга аль хэр зүрхтэй юм бэ дээ. Тийм бол ч гайгүй л байх. Ямар ч байсан илүү хэдэн мөнгө зарнаа” гэсэнд цаадах нь инээж: “Сайн дүү юмаа чи. Ямар л сайн арга байвал хэлээд байгаарай” гэсэнд Жя Рун,

-Авга та гэрийнхэнд мэдэгдэж огт болохгүй. Би эцэгт хэлээд, тэд нагац эмээтэй хэлэлцэж тогтсоны дараа манай ордны арын ойролцоо хүрээ байшин, эд хэрэглэл худалдаж аваад хоёр хэсэг зарц томилон харгалзуулаад сайн өдрийг сонговол хэнд ч мэдэгдэлгүйгээр богтлон авч болно. Зарц нарт цуу чимээ тарааж болохгүйг хатуу анхааруулах хэрэгтэй. Авга бэргэн гүнгийн их хүрээлэнд сууж байх тул яаж олж мэдэх вэ. Авга та хоёр тас нууж нэг хоёр жил өнгөрвөл дараа нь яриа чимээ гарлаа ч Лаоед нэг сайн хараалгах төдий л юм болно. Тэр үед авга та, авга бэргэнийг төрөхгүй байна. Тиймээс үр хүүхэдтэй болохын тулд өөрөө толгой мэдэж шийдсэн гэхэд л болно. Авга бэргэн ч хэрэг нэгэнт тэр хэмжээнд хүрвэл яах ч аргагүй болно. За тэгээд Лао тайтайгаас сайн гуйвал болохгүй явдал гэж байхгүй шүү дээ гэв.

Эртний хууч үгэнд “Хүсэл тачаал хүнийг мунхруулна” гэдэг шиг юм болж Жя Лянь Эр Жегийн гоо сайханд дурлаж байхад нь Жя Руний хэлсэн үг төгөлдөр сайн арга шиг санагдаад, биеийн уй гашуу, эхнэрээ хаяж дахин гэрлэхийн зовлон хатуу эцэг, хартай эхнэр мэтийн зүйл зүйлийн зохисгүй явдлыг мартаж орхив. Үүний зэрэгцээ Жя Рун сайн санааны үүднээс ийм явдал үүсгэв үү. Яав гэдгийг анзаарахгүй байв. Жя Рун бол хэдийнээ нагац эгчтэйгээ ханилсан бөгөөд эцэг Жя Жэнь бас хооронд нь орсон тул сэтгэл ханамжтай байж чадахгүй байлаа. Одоо харин Жя Лянь түүнийг авбал аргагүй хүрээний гадна суух учраас авга ахыгаа байхгүй үед далимдуулан эзгүйчлэхэд Жя Лянь бодож олж чадах уу?

Жя Лянь ач дүүгийнхээ үгэнд баярлах төдийгүй бүрэн итгээд “За буянтай ач минь, чамайг үүнийг бүтээж чадвал би чамд туйлын сайн хоёр шивэгчин олж өгч талархлаа илэрхийлнэ” гэж ам бардам хэлэв. Тэд энэ мэтийг ярилцан явсаар Нин Гуофүгийн хаалганд тулж ирэв. Жя Рун “Авга та миний нагац эмээгээс мөнгө аваад Юй Лүд өг. Би урьдаар очиж, Лао тайтайгийн мэндийг мэдээтэхье” гэсэнд цаадах нь инээмсэглэн толгой дохиж

-Намайг хамт ирсэн гэж Лао тайтайд битгий хэлээрэй гэж захив.

Жя Рун “Мэдэлгүй яахав” гээд тонгойж цаадахынхаа чихэнд: “Өнөөдөр хоёрдугаар нагац эгчтэй учирвал битгий яараад явдал гаргаарай. Дараа нь төвөг болно шүү” гэж шивнэсэнд авга ах нь: “За битгий чалч, хурдан яв. Би энд хүлээнээ” гэсэнд Жя Рун яаран явав.Жя Лянийг Нин Гуофүд ороход, ордны мэдээчид зарц нараа дагуулан угтаж, амрыг эрээд нэг зам танхим хүртэл дагалдав. Тэрбээр хүмүүсээс энэ тэрхнийг асуугаад зарц нарыг орхин ганцаар дотогш оров. Жя Лянь, Жя Жэнь ах дүү нар хэдийнээс ойр дотно болохоор цээрлэх юмгүй дотогш мэдээлэхийг хүлээх шаардлага ерөөс байдаггүй тул шууд дээд гэрт очтол, зарц эмгэд орхиулыг өргөж оруулав. Түүнийг ороход урд талын ханз дээр ганцхан Ёу Эр Же хоёр шивэгчний хамт оёдол хийж байв. Өөр хүн алга. Жя Лянь тэдэнтэй мэндлэн золгов. Ёу Эр Же инээмсэглэн суудал зааж суулгаад өөрөө эсрэг талд нь суув. Жя Лянь энэ тэрхнийг хэлээд инээж:

-Худгай ээж, Сань Же хоёр хаачаав, харагдахгүй байх чинь гэсэнд цаадах нь:

-Сая нэг ажил гараад хойт гэрт очсоон. Удахгүй ирнэ гэв. Энэ хэр шивэгчид цай авчрахаар явсан далимд Жя Лянь, Эр Жег тас ширтсэнд цаадах нь бөхийсхийн инээмсэглээд төдий л хайхарсангүй. Тийм болохоор Жя Лянь үг өдөж, гар хөдөлгөсөнгүй. Эр Же гартаа нэг хавтага оёсон алчуур бариад оролдож байхыг харуут өврөө нэг тэмтрээд

-Би бинлангийн хавтага мартжээ. Охин дүүд бинланг байвал над өгнө үү гэсэнд цаадах нь:

-Бин лан ч байна. Гэвч би бинлангаа хүнд өгдөггүй гэсэнд Жя Лянь дөхөн очиж авах гэтэл Эр Же, хүн харвал эвгүй гэж бодоод инээснээ, өөдөөс нь шидэв. Жя Лянь шүүрч аваад, цөмийг шахан гаргаж идээд үлдсэнийг нь авч өвөртлөөд, хавтгыг дараа биеэр хүргэж ирнээ… гэтэл хоёр шивэгчин цай аягалаад ирэв. Тэрбээр цайг тосож аваад сэмхэн өөрийн зүүсэн Хань улсын есөн луут хаш хадмалаа тайлан авч алчуурт уяад шивэгчнийг эргэж харах хооронд Эр Же рүү шидэв. Цаадах нь түүнийг авалгүй үзээгүй хүн болоод цай ууж сууна. Энэ үед арын орхиулыг сөхөх чимээ гарч төдөлгүй Ёу эмгэн, Сань Жег дагуулан орж ирсэнд Жя Лянь, шидсэн юм руугаа нүд ирмэн хурдан ав гэж дохио өгсөнд Эр Же тоосонгүйд нь бачимдавч яаж ч чадалгүй Ёу эмгэн, Сань Же хоёрыг угтан босож золгов. Тэгээд эргэж харвал Эр Же үл мэдэгч болон инээж сууна. Дахиад харвал, алчуур алга байсанд сая санаа нь амрав. Ингээд цөм сууцгааж энэ тэрийг ярилцаж байх зуураа Жя Лянь:

-Бэргэн уржигдар нэг боодол мөнгө худгай ижийд тушааж хураалгасан юм гэнээ. Одоо хүнд өгөх болсон тул ах намайг авчиртугай гэж явуулав. Бас гэрт ажил гарч байх эсэхийг мэдээд ир гэлээ гэсэнд эмгэн Эр Жед түлхүүрээ өгч “Мөнгө аваад ир” гэв. Жя Лянь:

-Би ч бас энэ далимд худгай ээжийн амрыг эрж, хоёр охин дүүтэй уулзах гэсэн юм. Худгай ээжийн царай их сайхан байна. Охин дүү нар манай энд ирээд ядарч байгаа байхаа гэсэнд эмгэн инээж:

-Бид цөмөөр яс махны тасархай, ойрын ураг тул ингэж ярьж болохгүй. Гэртээ ч сууна, энд ч сууна. Танаас юуг нь нуухав. Миний анхны нөхөр үгүй болсноос хойш айл гэрийн ажлын ундрал ч үнэндээ хэцүү байсан шүү. Харин эндэх хүргэнийхээ ачаар л болж ирлээ дээ. Одоо хүргэнийхээ гэрт ийм зовлон учрахад бид өөр талаар тусалж чадахгүй ч, гэрийг нь харж суухад юундаа зовох вэ гэв.

Төдөлгүй Эр Же мөнгийг аваад ирсэнд эмгэн Жя Ляньд атгуулав. Жя Лянь нэг зарц эмгэнийг дуудуулж авчраад: “Чи үүнийг Юй Лүд тушаагаад, түүнийг тэнд намайг хүлээж бай гэж хэл” гэж явуулав. Энэ зуур хүрээнд Жя Руний дуу сонсогдож байснаа төдхөн орж ирээд нагац эмээ, нагац эгч нарын амрыг эрүүтээ Жя Лянийг харж:

-Сая Лаое, авга таныг асууж байна. Ямар нэг явдалд таныг явуулахаар сүм рүү хүн явуулж дуудуулна гэж байна. Би, авга удахгүй ирнэ гэж хэлсэн шүү гэж хэлэв. Жя Лянь сонсуут яаран босов. Жя Рун, Ёу эмгэнд “Эртийд би, нагац эмээд хэлсэн, миний эцэг хоёрдугаар нагац эгчид эрж олсон тэр нагац хүргэн ах, миний энэ авгын зүс царай, бие байдалтай бараг адилхан. Лао тайтай таны бодолд ямар байна вэ” гээд сэм Жя Лянийг хуруугаар зааж хоёрдугаар нагац эгчийнхээ зүг уруулаар дохино. Эр Же ичээд дуугарч чадсангүй. Харин Сань Же, инээх ч биш, уурлах ч биш байдал гарган “Муу чонын бэлтрэг! Хударгагүй хургижээ. Хэзээ нэг цагт уруулыг чинь урж хаяна даа” гэв. Жя Рун хөхөрсөөр зугтан гарахад Жя Лянь ч инээн салах ёс хийгээд гарч одов. Тэгээд танхимд очиж, зарц нарт архи ууж, зоосоор мөрийтэй тоглож байгаа дуулдлаа гэж зэмлэн баахан сургав. Тэгээд сэмхэн Жя Рунд “Шалавхан очоод эцэгтээ, Юйд Лүд мөнгийг бүрдүүлж өгөв гэж хэл” гэв. Дараа нь Жя Шө, Жя Мү нарын амрыг эрэхээр явав. Юй Лү Жя Лянийг дагаж очоод мөнгөө авсан тул Жя Рунд хийх юмгүй болсон тул ордондоо очиж дотор ороод хоёр нагац эгчтэйгээ ярилцаж инээлдэн шуугилдаж байгаад сүм рүү очиж эцэгтээ “Мөнгийг Юй Лүд гүйцээж өгсөөн. Лао тайтай бүрэн эдгэжээ. Эм уухаа больжээ” гэдгийг дуулгаад, дараа нь Жя Лянь, Ю Эр жэг татвар болгон авах гэсэн, гаднаас байшин худалдан аваад Фөн Жед мэдэгдэхгүй суух гэж байгаа зэргийг хэлээд “Энэ бол үр удмаа залгамжлуулахын төлөө бөгөөд Эр Жег таньж мэдэх тул ургийн дээр ураг давхарлавал, өөр таньж мэдэхгүй газраас авснаас дээр гэсэн санаа болно. Тийнхүү хоёрдугаар авга намайг дахин давтан гуйж эцэгт хэлэхийг хүссэн юмаа” гээд өөрийнхөө санааг хэлсэнгүй. Жя Жэнь жаахан бодоод:

-Болох нь ч болно. Ганцхан хоёрдугаар нагац эгчийн чинь санааг мэдэхгүй юм. Маргааш чи урьдаар нагац эмээтэйгээ зөвлөж байгаад түүгээр асуулгаад нагац эгчийнхээ санааг нь мэдчих гээд хүүдээ баахан үг зааж хэлээд дараа нь Ёу хатанд хэлэв. Ёу хатан энэ явдлыг зохисгүй гэж мэдэх тул чинээгээрээ ятган хориглосон боловч Жя Жэний санаа нэгэнт шийдсэнийг мэдээд тэрбээр бас аяыг нь амархан дагаж сурсан болохоор нэг их хүчилсэнгүй. Түүний хажуугаар Ёу Эр Жетэй нэг эхээс төрөөгүй болохоор хүчлээд хүчлээд нэмэргүй гэж бодоод тэгсгээд тэдний санааг дагажээ.

Маргааш нь өглөө эрт Жя Рун хот ороод, нагац эмээтэйгээ уулзан эцгийнхээ санааг хэлээд дээр нь, Жя Ляний хүнлэг чанар, Фөн Жегийн тухай баахан юм ярихдаа, тэрбээр эдгэхгүй өвчтэй болсон. Тэр хооронд гаднаас байшин авч суугаад нэг хоёр жил болтол Фөн Же ч үхнэ. Тэгэхээр нь хоёрдугаар нагац эгчийг угтан оруулж гол гэргий болгоно гэхчилэн баахан юм нэмж ярив. Бас эцэг нь, Эр Жег яаж зуучлах, Жя Ляний талынхан яаж батлан авах, яаж “Хөгшин нагац эмээг аваачиж асран өргөх, сүүлээр нь Сань Жег ч тэр талаас яаж нөхөрт гаргах” зэргийг халгиж цалгитал ярьсанд Ёу эмгэн яаж хүлээхгүй байхав. Түүгээр барахгүй, ерөөсөө цөмөөр Жя Жэнийг түшиж нөмөрт нь яваагаас гадна одоо бас сүй тавьж өгсөн болохоор хуримын эдлэлийг өөрсдөө төхөөрөх явдалгүй, Жя Лянь бас залуу агь учраас Ян овогтоос хамаагүй дээр гэдгийг ойлгуулахаар Эр Жетэй зөвлөв. Эр Же бол зөөлөн номой зантайн дээр хүргэн ахтайгаа бас зүгээргүй байсан хүн. Түүнийг буруу хүн Ян Хуад өгснөөс болж өдий болтол усаа олж төвхнөж чадаагүйдээ гомдож байсан тул одоо Жя Ляньд сэтгэлтэйгээр барахгүй хүргэн ах нь сүй тавьж өгнө гэхэд тэрбээр юунд дургүйцэх вэ дээ. Даруй толгой дохин зөвшөөрөв. Тэгээд төдөлгүй хариу өгчээ.

Жя Рун хариад эцэгтээ хэлсэнд, маргааш нь л Жя Лянийг сүмд урьж ирүүлээд, Жя Жэнь бас эх нь зөвшөөрснийг хэлэв. Жя Лянь туйлын их баярлаж эцэг, хүү хоёрт машид их талархсанаар барахгүй, тэдэнтэй зөвлөлдөн байшин сууц үзэж, засал чимэг хийлгэхээ ярилцаж, Эр Жегийн хэрэглэх заслын хайрцаг, ор дэвсгэр, орхиул бүрхүүл зэргийн юмсыг сонгож үзэцгээв. Тэдгээрийг богинохон хугацаанд төхөөрч Нин Рун гудамжны цаана хоёр газрын зайтай Хуа Жы Ган хэмээх гудамжинд хорь гаруй тасалгаатай бүтэн хүрээ байшин авч хоёр шивэгчин худалдаж авав. Ордны доторх зарц нарыг дураар хөдөлгөж чадахгүй учир гаднаас авна гэхээр ааш занг нь мэдэхгүй учир цуу чимээ гаргахаас айна. Тийм учраас урьд нь гэрийн зарц байсан Бао Эрийг санаж олов. Жя Лянь Бао Эрийн эмтэй нууцаар ханилж байгаад Фөн Жед мэдэгдэж тэр нь нэг удаа занчуулаад хүнээс ичихдээ боож үхсэн бөгөөд Жя Лянь эрд нь дахиад эхнэр ав гэж зуун лан мөнгө өгсөн билээ. Тэр Бао Эр бол тогооч Дүвэ тэнэгийн эхнэртэй холбоотой байсан бөгөөд хожим нөхрийг нь архины бор шараар үхэхээр авч суужээ. Тэр завхай эхнэр ч Бао Эрийг мөнгөтэй болохоор нь тоосон юм байжээ. Түүний хажуугаар тэр хүүхэн Жя Ляньтай сайн байлаа. Эдүгээ цөмөөрөө гадна гарч сууцгаав. Жя Лянь тэдний тухай гэнэт санамагц эр эм хоёрыг шинэ гэртээ дуудан ирүүлжээ. Тэд Эр Жег ирсэн хойно зарагдахаа зөвшөөрөв. Тэр Бао Эр эр эм хоёрт ийм ховор ажил тохиолдож байхад яалаа гэж ирэхгүй байхав гэсэн үүнийг үл өгүүлэн өгүүлэх нь:

Ян Хуагийн өвөг нь угтаа хааны тосгоны дарга байгаад нас баржээ. Түүнээс хойш хүү нь эцгийнхээ албыг үргэлжлүүлсэн юм. Тэрбээр Ёу эмгэний анхны нөхрийн сайн найз байсан тул Ян Хуа, Эр Же хоёрыг төрөөгүй байхад нь өндгөн сүй тавьжээ. Хожим хэрэгт орж хамаг хөрөнгөө бараад идэж, өмсөх ч юмгүй болсон тул яаж бэр авч чадах вэ. Ёу хүүхэн бас тэднийхээс явснаас хойш хоёр айлын холбоо харилцаа тасарчээ. Арван хэдэн жилийн дараа гэнэт Жя овогтны зарц нар Ян Хуаг дуудаж авчраад түүнийг Эр Жетэй ургаа буц гэж шахсанд дотроо хэдий дургүй боловч Жя Жэнь нарын сүр хүчнээс айх тул дагахгүй байж чадсангүй.

Аргагүйдэн нэг хуудас ураг буцах бичиг бичиж өгчээ. Ёу хатан хорин лам мөнгө өгөөд хоёр айлын ураг саарсан ажээ.

Ингээд Жя Лянь нарын хамаг явдал төгс бүрдсэн тул шинийн гуравны өлзийт сайн өдрийг сонгож Эр Жег буулган авахаар тогтсоныг дараах бүлэгт үзтүгэй!

Тайлбар:

1.Ши Шы-Цүнь Чиүгийн үеийн Юэ улсын үзэсгэлэнт хүүхэн. Юэ улсын ван Хэү Жя, Эү улсыг мөхөөхийн төлөө тус улсын ван Фү Цайд Си Шиг хүргэжээ. Түүний өнгө үзэмж ванг мунхруулсанаар төрөө алджээ гэсэн домог бий. Си Ши өвчний улмаас хөмсгөө зангидсан ч сайхан харагдсан тул зүүн айлын нь нэг бүсгүй түүнийг дууриаж хөмсгөө зангидаад шоолуулсан гэсэн домог ч бас байдаг.

2. Юй хатан-Цу Ханий байлдааны үеийн ван Шиян Юйн хатан Юй Жиг хэлжээ. Давхар цэцгэй гэж Шиян Юйг хэлж буй. Хууч ярианд Шиян Юй бол давхар цэцгэйтэй гэж гардаг. Чин гэж Ин Бог, Пэн гэж Пэн Юэг хэлжээ. Тэр хоёр Шиян Юйн жанжин боловч байлдааны үеэр Лю Банд бууж өгчээ. Лю Бан хожим тэднийг цөмийг алсан тул дуртайяа очиж алагдсан байна.

3.Мин фэй-Хань улсын Юань Ди хааны үеийн ордны охин. Энэ хааны ордны охид тоолж баршгүй олон тул зураач Мау Янь шэүгээр хөргийг нь зуруулж сайхныг нь сонгодог байжээ. Зао Жюань, зураачид хахууль өгөөгүй тул түүнийг их муухай болгож зурсанд Юань Пи хаан түүнийг хүннүдээ өгсөн гэдэг.

4.Люй Жү-Жинь улсын үеийн нэрт баян Ши Цүнгийн сул эхнэр. Ши Цүн, Сүнь Шиүд алагдсанд Ли Юй зу байшингаас үсэрч үхжээ.

5.Улаан дэвүүрт-Тан улсын үлгэрт гардаг эмэгтэй баатрын нэр. Тан улсын эхэн үеийн баатар жанжин Ли Жин, Сүй улсын нэг гүн Ян Суд золгохоор очсонд, түүний хажууд улаан дэвүүр барьж зогссон шивэгчин охин Ни Ли Жинг идтэн баатар гэж таниад, түүнийг оргуулан явжээ. Түүнээс хойш улаан дэвүүрт гэх болсон ажээ.

6.Ван Жин гүн-Эү Ван шиүгийн өргөсөн нэр. Энд түүний “Мин Фэйн уянгатай дахин нийлүүлсэн” гэдэг шүлгээс иш татжээ.

8.Хааны зондор-Мин, Чингийн үед хааны хувь хүний тариаг хааны тосгон гэдэг байв. Энэ тосгоны даргыг зондор гэдэг байв.

9.Өндгөн сүй-хуучин үед эмэгтэй хүнийг жирэмсэн байхад нь төрөөгүй хүүхэдтэй нь ураг хэлэлцэхийг хэлдэг байжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж