АН-ын түйрэн хийгээд тийрэн

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

АН-ын түйрэн хийгээд тийрэн

АН-ын түйрэн хийгээд тийрэн

Цагаан сарын өмнө зүүн бүсийн аймгаар ажилласан Ерөнхийлөгч сар шинийн дараахан төвийн аймгуудаар зочиллоо. Шар нохой жилийн анхны дотоод томилолтоо Сэлэнгээс эхлүүлсэн тэрбээр Ноён уулыг төр хамгаалалтдаа авна гэсэн амлалтыг нутгийн иргэдэд өгчээ.

Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь Ардчилсан намын санаа байсан бөгөөд тэд засгийн эрхийг барьж байхдаа Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувийг 34 хэмээн тогтоож, УИХ-аас баталсан. УИХ-ын шийдвэрийн дагуу Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахыг нутгийн жинхэнэ иргэд бол дэмждэг. 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой гэж тухайн үеийн спикер, өдгөө Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаа З.Энхболд хэвлэлд тайлбар хийж байв. Харамсалтай нь, түүний байр суурь одоо 360 градус эргэчихээд байгаа юм.

Ерөнхийлөгчийн Сэлэнгэд хийсэн томилолтын гол зорилго нь Гацууртын орд байгаагүй нь нэн ойлгомжтой билээ. Орон нутгийн иргэдтэй хийж буй Ерөнхийлөгч Х.Баттулгын үндсэн зорилго нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн засаглалыг байгуулж, хүссэн эрх мэдэлдээ хүрэх дэмжлэгээ л иргэдээс авах явдал гэж харагдах болсон. Гэвч, орон нутгийн томилолтоор хийж буй уулзалтууд нь Ерөнхийлөгчийн бодож, санасных нь зоргоор болчихгүй л байгаа бололтой.  Иргэд эрх баригчдыг муу ажиллаж байгаад сэтгэл дундуур, бүр бухимдалтай, шүүмжлэлтэй хандаж буй ч Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн засаглалын өөрчлөлт, цэрэгжсэн эдийн засаг, бүтээн байгуулалтад бол ‘нөү’ шүү  гэж.

Сайн эцгийн нэрийг садан төрөл нь гурав худалдаж иддэг гэгчээр өнгөрсөн 26 жилд Ардчилсан нам ардчиллыг автороо болгож, албан тушаалын гишгүүрээ хийж ирсэн. Одоо Ардчилсан намын гишүүн гэх олон хүн ардчиллын буянаар үндэсний хөрөнгөтөн, олигархи, оффшортон болтлоо томорцгоосон бий.

“Амь зуулга” хийж ирсэн ардчиллаасаа залхсан уу, аль эсвэл үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өмчтэй байх эрх чөлөөндөө “цадсан” уу, Ардчилсан намын ах нар маань УИХ-ыг тарааж, Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг ил тодоор уриалах болжээ. Мэдээж, парламентад есөн суудалтай Ардчилсан намын үг жижиг тугалын бэлчээрээс хол явахгүй. Гээд Ерөнхийлөгчид энэ сэдвийг иргэдийн дэмжлэгтэйгээр хол явуулах сонирхол бол асар их байна.

Уг нь Ардчилсан намынхан Үндсэн хуулийг өөрчлөх хуулийн төслийг боловсруулахдаа сонгодог парламентын тогтолцоог санал болгож байсан нь хоёр жилийн өмнөх явдал юм. Даанч, Монголын улстөрчдийн ой санамж богино, тахиа донгодохоос өмнө үзэл бодлоосоо гурвантаа урвахаасаа ч сийхгүй.

Үндсэндээ ардчиллын төлөө нэг шөнийн нойроо хугаслаагүй, Ардчилсан намд хоёр, гуравдугаар эгнээнээс түрж орж ирсэн хүмүүс өнөөдөр намдаа тийрэн болоод зогсохгүй төрд түйрэн тавих нь холгүй байгаа. Саяхан л “Намайг хараах эрх чөлөөг та нарт бид өгсөн” хэмээн томорч суусан Ардчилсан намын ах нар С.Эрдэнийн гарт орсон намынхаа шинэчлэлийг хөндлөн, хуурай магтахаас Э.Бат-Үүлээс өөр хэн “Ардчилалд аюул нүүрлэлээ” гэж хашгирч  байгаа нь юм бэ?

Үзэл баримтлалаа гээж, өнгөнөөс өөрөөр зүг чиггүй болсон Ардчилсан нам үндсэндээ өнгөрсөн хугацаанд гишүүд дэмжигчдийнхээ итгэлийг алдаж, С.Эрдэнээр овоглох болтлоо доошоо орсон.

Сууж буй мөчрөө хөрөөдөж, мөчиртэйгөө хамт газарт унасан Ардчилсан намд итгэл алдарсан дэмжигчид нь С.Эрдэнийн намыг эсэргүүцсэн илрэл нь  өнгөрсөн 2017 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд цагаан хуудас өгсөн 100 мянган хүн гэж хэлж болно.

  Сар шинийн золголт, цагаан сарын ядаргаанаасаа салаагүй шахам мартын наймантай залгах энэ олон баярт улс төр дарагдаж, унтаа мэт байгаа боловч энэ хаврын жагсаал цуглаан ихээ холын зорилго, төлөвлөгөөтэй эхлэх шинжтэй байна.

Сүүлийн өдрүүдэд хэвлэлээр нисгэж буй Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль болох тухай мэдээ бол энэ хаврын улс төрийн сценарийн эхлэл.

Хүчингийн хэрэгт холбогдсон парламентын хамгийн залуу гишүүн Б.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлж, У.Хүрэлсүх “төөрсөн” дүүгээ золионд гаргах замаар УИХ-д орж ирэх бэлтгэл гэхэд дэгс болохгүй. Улс төрд мөнхийн найз гэж үгүй зөвхөн мөнхийн эрх ашиг бий гэж тооцвол шүү дээ.

 Хэрэв У.Хүрэлсүх УИХ-д орж чадахгүй бол түүний засаг ганхахад хүрнэ. Тэр тусмаа  Тавантолгой, Гацууртын төслийг хөдөлгөнө гэсэн мэдээ нь У.Хүрэлсүхийн танхим дээр гал дуудаж, УИХ-ын дээр утаа уугиулж магадгүй. Тавантолгой явахгүй байх тусмаа сайн гэж боддог, Гацууртын алтыг хуулиар биш хулгайгаар олборлохыг хүсдэг улстөрч, ТББ, эх орончид, иргэний хөдөлгөөнийхөн цөөнгүй байгаа нөхцөлд Ардын засгийн амлалт биелнэ гэдэг ‘битгий мөрөөд’ гэсэнтэй яг адил.

Нөгөө талдаа улс төрд дөрөө харшуулж яваа ч У.Хүрэлсүхийн засгийг унагааж, засаглалын хямралыг парламентын алдаа болгох асар их хүсэл Ерөнхийлөгчид байж ч мэдэхээр. АН-ын генсек Ц.Туваан “У. Хүрэлсүхээс ихийг хүлээх хэрэггүй” гээд байгаа нь ч учиртай үг.

‘Батмөнхийн хаан болгож, би өөрөө хатан нь болно’ гэж Мандухай цэцэн хатан дээр гардагчлан “Амиа алдахаас айхгүй” гэдгээ зарлаж, Ж.Эрдэнэбатыг унагаан, өөрөө Ерөнхий сайд болсон У.Хүрэлсүхийн рейтинг анх гарч ирсэнтэй нь харьцуулбал өдөр ирэх тусам унаж буй. Ялангуяа бодлогын томоохон реформ хүлээж байсан хүмүүсийн хувьд У.Хүрэлсүхийн унаж буй рейтинг гайхах хэрэггүй биз.

Үндсэн хуулийг өөрчлөх асуудал сүүлийн дөрвөн парламент дамжин яригдаж байгаа ч энэ удаагийнх шиг хүчтэй акц өрнүүлж, олон нийтийн дунд талцал дагуулж байсан нь үгүй. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд нээлтээ хийх хаврын чуулганы халуухан сэдэв мөн энэ байх бөгөөд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэвзээ хөндөх ёстой юм бол Улс төрийн намуудын тухай хууль, улс төрийн намуудад тавигдах шаардлагыг чангатгахгүйгээр боовчин, бензчин, бидончин гээд парламентын унаж буй нэр хүнд дээр улс төр хийх хүмүүс улам л олшрох болов уу.

Ийнхүү энэ хаврын улс төрийн гол тоглогч нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хэвээр, С.Баяр Ж.Батзандан хоёр эрлэг, шүүхээ дуудалцаж, Эрдэнэтийн дуулиан үргэлжилж, хаврын синдром нь хавсаргатайгаа нийлээд улстөрчид нь тийрэн болоод улс төрд түйрэн тавьж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж