Такси үйлчилгээнд төрийн оролцоо үгүйлэгдэж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

Такси үйлчилгээнд төрийн оролцоо үгүйлэгдэж байна гэв

Такси үйлчилгээнд төрийн оролцоо үгүйлэгдэж байна гэв

Такси үйлчилгээ 1990-ээд оны эхээр өмч хувьчлал нэрийн дор үгүй болж, 1993 оноос эхлэн сэргэжээ. 2003 онд такси үйлчилгээний тоо дээд цэгтээ хүрч, 61 байгууллагын 4000 тээврийн хэрэгсэл буюу нийслэл хотын 1000 хүн тутамд 3-4 такси ноогдон, дэлхийн хөгжингүй орнуудын хэмжээнд хүрсэн байсан гэж энэ салбарынхан ярив. Харин өнөөдөр хувийн хэвшлийн 11 аж ахуйн нэгж байгууллагын 550 орчим  тээврийн хэрэгсэл такси үйлчилгээ эрхэлж байгаа аж.


Олон улсын жишигт нийцсэн такси  үйлчилгээг Монголд хэрхэн нэвтрүүлэх талаарх нээлттэй хэлэлцүүлгийг үеэр энэ төрлийн үйлчилгээтэй холбоотой олон алдаа дутагдал, бас авууштай санаачилгын талаар хөндөн ярилцлаа. Хэлэлцүүлэг өнөөдөр /2018.02.26/  нийслэлийн Иргэний танхимд болсон юм. Тус хэлэлцүүлгийн ерөнхий зохион байгуулагч нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК аж. Хэлэлцүүлэгт иргэд,  такси үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, холбогдох харьяа байгууллагууд гэхчлэн  бүх талын төлөөллүүд ирсэн байлаа.

Европын орнууд нийтийн тээврийг дэмжихдээ нэг, хоёрдугаар эгнээгээр автобус, такси явахыг зөвшөөрдөг бол гуравдугаар эгнээг зөвхөн хувийн машинтай иргэдэд зориулдаг. Энэ тохиолдолд гуравдугаар эгнээгээр явж байгаа зорчигчдод замын бөглөрөл түвэгтэй санагддаг учир нийтийн тээврээр зорчихыг сонгодог болохыг судалгаа харуулсан байдаг ажээ. Тэд энэ мэтчилэн судалгаан дээр тулгуурлан, тээврийн үйлчилгээний зохицуулалтаа хийсээр ирсэн. Харин Монголд ийм судалгаа, бодлого аль аль дутагдалтай явсаар өнөөдрийг хүрсэн гэхэд хилсдэхгүй. 

Тиймээс такси үйлчилгээ эрхэлдэг хувийн хэвшлийнхэнд төрийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй байгааг хэлэлцүүлэгт ирсэн хүмүүс онцолж байв.

Нээлттэй хэлэлцүүлэг учир иргэд олноор ирсэн байлаа. Тэдний хувьд такси үйлчилгээний үнэ өндөр, тогтсон нэг үнээр үйлчилдэггүй, бохир, эрүүл орчин бүрдүүлэх шаардлага хангадаггүй, соёлгүй гэх зэрэг гомдлыг хэлж байлаа.

Такси үйлчилгээний талаар “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын захирал Т.Сугарсүрэнгээс ямар байр суурьтай байдгийг нь бид сонирхлоо. 
 

“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК-ийн Хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн газрын захирал Т.Сугарсүрэн

-Такси үйлчилгээг хөгжүүлэхийн тулд төрөөс ямар дэмжлэг хэрэгтэй гэж та үздэг вэ?

-Хувийн хэвшлийнхэн такси үйлчилгээг 20 жил нуруун дээрээ авч явлаа. Цаашдаа Улаанбаатар хот бодлогоор энэ үйлчилгээг зангидах хэрэгтэй. Замын цагдаа, таксины зогсоол гэхчлэн өөрсдийн шийдэж чадах хэмжээгээр дэмжлэг үзүүлж, төр хувийн хэвшлийн түншлэл гэдэг загвараар явбал такси үйлчилгээ маш хурдан өндөр шатанд гарах бүрэн боломжтой гэж бодож байна. 

Өөрөөр хэлбэл, халтуур хийдэг жолооч нар байгаа болохоор такси үйлчилгээний компаниуд ашиггүй ажиллаж байна. Зөвхөн таксины албан ёсны зөвшөөрөлтэй таксинууд тээвэр хийнэ. Хувиараа тээвэр хийж байгаа хүмүүсийг торгоно гэхчлэн хариуцлага тооцох байдлаар асуудалд хандах хэрэгтэй. Ингэвэл хэдхэн хоногийн дотор хувиараа тээвэр хийж байгаа хүмүүс болино. Төр болон такси үйлчилгээний компаниуд хамтраад энэ асуудлыг шийдэх нь хамгийн зөв загвар юм уу даа гэж бид харж байгаа. Хувийн хэвшлүүд менежментээ хариуцаад явчихна. Төр зөвхөн бодлогоороо шаардлагатай бол хууль эрхзүйн орчиныг нь тогтоол, заавраар дэмжээд явчих боломжтой юм. 

Такси үйлчилгээний  журам гэж байдаг уу?

-Такси үйлчилгээний стандарт гэж байгаа. Гэхдээ маш энгийн учраас эрхзүйн орчин сайн биш.

-Өнөөдөр такси үйлчилгээнд явж байгаа 550 орчим таксинд GPS байдаг юм уу?

-Ихэнх нь байхгүй. Мэдээж GPS суулгахад мөнгө хэрэгтэй. Монгол залуучууд өнөөдөр дэлхийн техник технологийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байна. Монгол залуучууд, Монгол компаниудад тэр шийдлүүд нь бүгд бэлэн байна. GPS  байршуулснаар жолоочийн үүрэг хариуцлагыг хянах, компанийн орлогыг тогтмол тогтвортой бүрдүүлэх давуу талтай.

-Таксины жолооч болон, хувиараа хүн тээвэрлэдэг жолооч нарын өдрийн орлогыг харьцуулсан судалгаа байдаг уу?

-Такси компаниуд өөрсдийн жолооч нараасаа өдрийн орлого гэж 35,000 төгрөг авдаг. Хувиараа хүн тээвэрлэдэг буюу халтуур хийдэг жолооч  нар өдөрт шатахуунаасаа гадна хамгийн багадаа 50,000 төгрөг олдог.

-Такси бүр өөр өөр үнэ хэлдэг гэж иргэд ярьдаг. Энэ нь юутай холбоотой вэ?

-Таксиметр буюу тоолууртай холбоотой асуудал. Одоо бол ямар улсаас оруулж ирсэн нь мэдэгдэхгүй янз янзын тоолуурыг такси компаниуд тавьж байна. Яг нэг газраас баталгаажсан эцсийн нэг л тоолуурыг нь таксинуудад тавих ёстой. Тэгэхээр үнэ нь хүртэл ижилсэнэ гэсэн үг.

-Такси үйлчилгээг нэгдсэн нэг тоолууртай болгоход хэр хугацаа шаардагдах бол?

-Төрийн оролцоо ороод эхлэх юм бол үүнийг Стандарт, хэмжилзүйн газартай хамтраад, нэгдсэн нэг стандартыг гаргаж болно. 


сонирхуулахад

Сингапур хот

Сингапурт өдөр тутамдаа 77,794 такси хөдөлгөөнд оролцдог. Такси компани бүр өөрсдийн өнгөтэй. Такси нь бүгд GPS-ээр хянагддаг.

Сөүл хот

Сөүл хотод 80,000 такси өдөр тутас хөдөлгөөнд оролцдог. Такси компаниудаас гадна, хувь хүмүүст такси үйлчилгээ үзүүлэх эрх олгодог. Харин тэдэнд дараах шаардлагыг тавьдаг. 

  • Тусгай таксины жолооч бэлтгэх сургалтад хамрагдах
  • Мэргэшсэн таксины жолоочийн үнэмлэх, сертификаттай болох
  • Таксиметр,GPS төхөөрөмж, машиндаа худалдан авч суурилуулах гэх мэт.

Москва хот

Москва хотод өдөр бүр 13,600 такси хөдөлгөөнд оролцдог аж. Нийт такси үйлчилгээний зургаан хувийг төр эзэмшиж, үлдсэн 94 хувийг хувийн хэвшил эзэмшдэг аж. Албан ёсны эрхтэй 56 такси компани байдаг бөгөөд бензинээр явдаг такси ховор, ихэнх нь газын хэрэглээтэй болжээ. 

Б.Хулан

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж