Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ өнөөдөр /2018.02.26/ мэдээлэл хийж, 2017 оны санхүүгийн зах зээлийн төлөв байдлыг танилцууллаа. Хэвлэлийн бага хуралд СЗХ-ны Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун, Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн, Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга С.Баянцогт, Хадгаламж зээлийн хоршооны газрын дарга Ц.Алтантуул, Хяналт шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Ариунаа нар оролцов.
Үнэт цаас, даатгал, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо гэсэн дөрвөн салбарын статистик үзүүлэлтээс харахад 2017 онд санхүүгийн зах зээл 25 хувийн өсөлттэй гарчээ.
Үнэт цаасны арилжаа 860,8 тэрбум төгрөгт хүрчээ
Үнэт цаасны зах зээлийн багтаамж, хөгжлийн түвшинг илэрхийлэгч үндсэн үзүүлэлт болох зах зээлийн үнэлгээ 2017 оны жилийн эцсийн байдлаар 2.4 их наяд төгрөг болж, түүхэндээ хамгийн өндөр түвшинд хүрчээ. Зах зээлийн үнэлгээг Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулбал 9 хувь байна.
2017 онд үнэт цаасны нийт арилжаа 860.8 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд хувьцааны арилжаа 78.1 тэрбум, Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ/-ны арилжаа 772.5 тэрбум, компанийн бондын арилжаа 10.2 тэрбум төгрөг байсан. “Монголын хөрөнгийн бирж” ХХК-ийн ТОП-20 индекс болон MSE-ALL индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66.5, 33.1 хувиар тус тус өсчээ.
Тайлант хугацаанд хөрөнгийн зах зээлд нийт 52 үнэт цаасны компани болон Хорооны үнэт цаасны бүртгэлд бүртгэлтэй 300 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.
2017 онд ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжиж, харин ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 1.4 сая ширхэг үнэт цаасыг 142.3 тэрбум төгрөгөөр арилжжээ.
Даатгалын хөрөнгө 17,4 хувиар өсөв
Даатгалын салбарын нийт хөрөнгө 2017 оны жилийн эцсийн байдлаар 244.7 тэрбум төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеэс 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарлаа. Салбарын нийт хөрөнгийн 79.1 хувийг ердийн даатгалын компаниуд, 3.2 хувийг урт хугацааны даатгалын компани, үлдсэн 17.7 хувийг давхар даатгалын компани эзэлж байна.
Салбарын нийт хураамжийн орлого өнгөрсөн оны мөн үеэс 26.1 хувиар нэмэгдэж, 144.3 тэрбум төгрөг болсон ба үүний 97.8 хувийг ердийн даатгалын хураамж, 0.9 хувийг урт хугацааны даатгалын хураамж, үлдсэн 1.3 хувийг давхар даатгалын хураамж эзэлж байна.
Тайлант жилд нийт 45.2 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр төлсөн нь өнгөрсөн онтой харьцуулахад 31.9 хувиар өссөн үзүүлэлт аж. Нийт нөхөн төлбөрийн 98.0 хувийг ердийн даатгалын компаниуд гаргасан бол 2.0 хувийг урт хугацааны даатгалын компани гаргажээ.
Даатгалын салбарын цэвэр ашиг өнгөрсөн жилээс 15.7 хувиар өсч, 13.2 тэрбум төгрөг болжээ. Цэвэр ашгийн өсөлтийн гол шалтгаан нь давхар даатгалын компанийн цэвэр ашиг 55.6 хувиар өссөнтэй холбоотой байна. Тайлант жилд ердийн даатгалын компаниудын цэвэр ашиг 8.7 тэрбум төгрөг, урт хугацааны даатгалын компанийн цэвэр ашиг 0.2 тэрбум төгрөг, давхар даатгалын компанийн цэвэр ашиг 4.3 тэрбум төгрөгт тус тус хүрсэн бол нөөц сан өнгөрсөн жилээс 26.9 хувиар нэмэгдэж, тайлант жилд 118.1 тэрбум төгрөгт хүрлээ.
БбсБ-ын нийт ашиг 13 хувиар өсөв
2017 оны байдлаар санхүүгийн зах зээлд нийт 534 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ үйл ажиллагаа явуулж байгаа ба дийлэнх нь буюу 90 хувь нь зээлийн үйлчилгээ эрхэлж байгаа аж.
Салбарын нийт хөрөнгийн хэмжээ тайлант онд 969.2 тэрбум төгрөгт хүрсэн нь ДНБ-ий 3.6 хувьтай тэнцүү байна. Нийт хөрөнгийн хэмжээ өмнөх оноос 23.1 хувиар өссөн ба хөрөнгийн өсөлтийн 84.6 хувийг хувь нийлүүлсэн хөрөнгийн өсөлт бүрдүүлж байна. ББСБ-уудын активын бүтцийг харахад, нийт зээлийн өсөлт хөрөнгийн өсөлтийн 88 орчим хувийг бүрдүүлж байна.
ББСБ-уудын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсний дүнд ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ нэмэгдэж улмаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт өсчээ. Салбарын зээлийн нийлүүлэлт нэмэгдсэнээр банкнаас бусад санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, зээлийн бүтээгдэхүүний үнэ болох хүүгийн түвшин буурч буй зэрэг эерэг өөрчлөлтүүд ажиглагдаж байна.
Тайлант онд салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх оноос 33.4 хувиар өсөж 638 тэрбум төгрөгт хүрч, ББСБ-уудын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4 хувиас буурч 3.4 хувьд хүрлээ. 2017 оны байдлаар ББСБ-уудын нийт ашиг 13 хувиар өсөж 66.8 тэрбум төгрөгт хүрлээ.
Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгө анх удаа 30 хувиар нэмэгджээ
2017 оны байдлаар хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн эрхтэй 290 хоршоо, 55,624 гишүүдтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.
Тайлант улиралд нийт хөрөнгийн хэмжээ 153.1 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 35.4 хувийн өсөлтийг үзүүлж, 2007 оноос хойш анх удаагаа 30-аас дээш хувиар өссөн байна.
2017 онд салбарын нийт цэвэр ашиг 5.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн онтой харьцуулахад 42.4 хувиар нэмэгдсэн нь 2012 оноос хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Цэвэр ашгийн энэхүү өндөр өсөлтөд хадгаламж, зээлийн хоршоодын нийт орлогын өсөлт голчлон нөлөөлсөн бөгөөд нийт орлого өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.9 хувиар нэмэгдэж, сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувьд хүрчээ.
Тайлант онд салбарын хувьд 3.1 тэрбум төгрөгийн зээлийн эрсдэлийн сан байгуулж, нийт 102.1 тэрбум төгрөгийн цэвэр зээлтэй байжээ. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 пунктээр буурч, 4.2 хувьд хүрсэн ба нийт чанаргүй зээлийн хэмжээ 4.5 тэрбум төгрөг болсон байна.
Салбарын нийт зээл өнгөрсөн онтой харьцуулахад 26.1 хувиар буюу 21.7 тэрбум төгрөгөөр өсч, 105.2 тэрбум төгрөгт хүрсэн нь сүүлийн есөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр өсөлт ажээ.