Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сар бүр хийсэн ажлын тайлангаа хүргэдэг уламжлалын дагуу өнөөдөр /2018.02.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АТГ-т төрийн өндөр алба хашиж буй болон төрийн холбогдох албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх хугацаа хоёрдугаар сарын 15-нд дуусгавар болсон. Энэ талаар эхлээд танилцууллаа. Хуульд заасан хугацаанд зохих шатны байгууллагын 40073 эрх бүхий албан тушаалтан хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах байснаас 40067 нь хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгчээ. Харин Төрийн өндөр албан тушаал хашдаг 272 албан тушаалтан мэдүүлгээ гаргах ёстой байснаас 271 нь бүртгүүлжээ. Нэг хүн буюу Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Б.Билэгт хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ өгөөгүй байна. АТГ-аас хуульд заасан хугацаанд мэдүүлгээ гаргахыг удаа дараа сануулсан боловч мэдүүлгээ гаргаагүй учраас хуулийн дагуу түүнд хариуцлага хүлээлгэнэ гэлээ.
АТГ дараа нь 2017 онд хийсэн ажлынхаа талаарх тоон үзүүлэлтийг танилцуулав. Тухайлбал, 2017 оны байдлаар төрийн албанд шинээр болон сэлгэн томилогдсон 11,115 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг хянаж, хариу өгсөн байна. Энэ тоог арванхоёр сард хувааж үзвэл нэг сард дунджаар 1000 хүнийг сэлгэх, шинээр томилох асуудлыг АТГ авч хянажээ.
Авлигын гэмт хэргийн улмаас 2017 онд улсад 69 тэрбум 546 сая 211 мянган төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс 11 тэрбум 201 сая 118 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн байна.
2018 он гарсаар эхний хоёр сарын байдлаар 305 гэмт хэрэгт эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол 31 хэргийг хаах саналтай, гурван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шийдвэрлэжээ. Шинээр 17 эрүүгийн хэрэг хүлээн авч, 237 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэлээ.
АТГ-аас 2018 оны эхний хоёр сарын хугацаанд 21 эрүүгийн хэрэг шүүхэд шилжүүлсэн байна. Түүний дотор Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг албан үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаас удаа дараагийн үйлдлээр онц их хэмжээний хахуул авсан зэрэг асуудлууд багтжээ.
Мэдээллийн дараа АТГ-ын холбогдох албан тушаалтнууд сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувь, "Стандарт" банктай холбоотой асуудлыг АТГ шалгаж байгаа гэсэн. Хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-“Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувьтай холбогдуулан тус үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Хуулийн хэлтсийн дарга н.Мөнхжаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан шалгаж байна.
-Гаалийн байцаагчид нарт холбогдох хэрэг юу болж байна вэ?
-Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын Алтанбулаг дахь салбарын эрхлэгч Д.Батбаатарын хэргийг шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг ямар шатандаа явж байна вэ?
-Одоогоор хэрэг шалгагдаж байна.
-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой хуурамчаар тамга үйлдсэн гэх иргэний гомдлыг АТГ шалгасан уу?
-БСШУС-ын сайд Ц.Цогзолмаатай холбоотой гомдол ирсэн. Үүнийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүрэг рүү шилжүүлсэн.
-УИХ-ын гишүүн Д.Гантулгыг шалгаж байгаа гэсэн. Энэ хэрэг ямар шатандаа явна вэ?
-УИХ-ын гишүүн Д.Гантулгаас нэг удаа байцаалт авсан. Мөн шинжилгээ авсан байгаа. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.
Ш.ЧИМЭГ