"КороКоро комик" Чингис хааны хөрөгтэй холбоотойгоор уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2018.02.26-нд нийтлэгдсэн

"КороКоро комик" Чингис хааны хөрөгтэй холбоотойгоор уучлал гуйжээ

"КороКоро комик" Чингис хааны хөрөгтэй холбоотойгоор уучлал гуйжээ

Японы "Ярисуги" хэмээх хүүхдүүдэд зориулан гаргадаг зурагт номонд Чингис хааны хөрөг дээр эр бэлэг эрхтэн зурснаас болж тус номыг эрхлэн гаргадаг КороКоро Комик хэвлэлийн компани монголчуудаас уучлал гуйжээ.

"Ярисуги" зурагт номын баатар Итазура-кун хичээл дээрээ тест бөглөж байгаад Чингис хааны нэрийн эхний болон сүүлчийн үсэгтэй хоосон хэсэгт нэрийг гүйцээж бичих байсан ч Чиба Кен буюу Чиба муж эсвэл Ча Хан буюу шарсан будаа юм болов уу хэмээн эргэлзэж, эцэст нь Чин Чин буюу японоор эр бэлэг эрхтэн хэмээх утгатай үг болгон бичдэг байна. Мөн хариултаа батлах үүднээс Чингис хааны хөрөг дээр бэлэг эрхтэн зурж орхисон ажээ.

Арав гаруй насны хүүхдүүдэд зориулсан "Ярисуги" зурагт номыг Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж олж үзсэнийхээ дараа твиттер хуудсаар дамжуулан бухимдал, эгдүүцлээ илэрхийлсэн билээ. Асашёорюү зурагт номд Чингис хааны хөрөг дээр бэлэг эрхтэн зурсныг их хааныг гутаан доромжилсон явдал гэж үзсэн.

Хэдийгээр Асашёрюү Д.Дагвадорж твиттер дэх эгдүүцэж, бухимдсан жиргээгээ устгасан боловч цахим хэрэглэгчид энэ талаар идэвхтэй сэтгэгдэл бичиж, байр сууриа илэрхийлсээр байна. 

КороКоро Комик энэ тухайд хоёрдугаар сарын 23-нд албан ёсоор уучлал гуйсан мэдэгдэл гаргажээ.

Түүнд, 

-“КороКоро Комик”-оос эрхлэн гаргадаг "Ярисуги" зурагт номын хоёрдугаар сарын 15-ны дугаарт монголчуудын баатар, Чингис хааны талаар зохисгүй зүйл гаргасныхаа төлөө түүнийг шүтэн, дээдэлдэг хүн болгон, тэр дундаа Монголын ард түмнээс хүлцэл өчье. Дахин ийм алдаа гаргахгүйн тулд бид Монголын түүх, соёлын талаар одооноос илүү ихийг судалж мэдэх болно. Монгол Улсын Ерөнхий консул Д.Батжаргалаас уучлал гуйсан болно. Түүнчлэн энэ зохисгүй явдлаас болж Японы зарим иргэд цахим сүлжээгээр дамжуулан монголчуудаас уучлал хүссэн. Япончуудын өмнөөс дахин хүлцэл өчье. Энэ зохисгүй алдаанд япончуудыг бүхэлд нь хамруулахгүй байхыг та бүхнээс хүсье” гэжээ.

Эх сурвалж: Soranews24

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж